Хятадын хилийн хориг 2023 он хүртэл үргэлжилж магадгүй

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 01

БНХАУ-д КОВИД-19 Ухань хотод анх дэгдсэнээс хойших хамгийн олон тохиолдол илрээд байгаа билээ. Тус улсын дарга Ши Жиньпин гуравдугаар сарын дундуур вирусийг устгаж, эдийн засаг, нийгэмд үзүүлэх сөрөг үр дагаврыг хязгаарлахыг уриалсантай холбоотойгоор БНХАУ дахин хөл хорио тогтоож эхэлсэн. Хэдийгээр тус улсын  эрх баригчид үйлдвэрлэлийн тасалдлаас зайлсхийхийн тулд зарим арга хэмжээг илүү уян хатан, зорилтот, шуурхай болгох арга хэмжээ авч байгаа ч халдварын тохиолдлыг тэг байлгах сүүлчийн бодлогоо орхих гэж яарахгүй байгаа бололтой.

БНХАУ-ын хамгийн алдартай эрдэмтдийн нэг 2021 оны долдугаар сард халдварыг тэг байлгах бодлогоо Бээжин энэ онд зөөлрүүлэх байх гэж мэдэгдсэн. Шинжлэх ухаанд суурилсан, бодитой дүн шинжилгээ хийдгээрээ Жо Байдены эрүүл мэндийн зөвлөх Энтони Фаучитай зүйрлэгдэж буй Жан Вэнхун энэ үгийнхээ төлөө цахим орчинд нэлээд  шүүмжлүүлсэн.

Тухайн үед БНХАУ-ын Эрүүл мэндийн сайд асан одоогийн хориг арга хэмжээг зөөллөнө гэсэнд гайхаж буй тухай нийтлэл төрийн хэвлэлд гарч байв. КОВИД-19-ийн халдварыг бүрэн зогсоох нь Коммунист намын хамгийн гол зорилго юм. Халдварын тохиолдлыг тэг байлгах бодлого баримталж буй дэлхийн сүүлчийн том гүрэн бол БНХАУ. Ганцхан тохиолдол илрэхэд тухайн хотод хөл хорио тогтоож, иргэдийг нь шинжилгээнд хамруулдаг. Дүүрэгт нь цөөн тохиолдол илрэхэд л удирдлагыг нь халж байв. Гаднын иргэдийг бараг оруулалгүй, ирсэн хэдийг нь зочид буудалд багадаа 14 хоног тусгаарлаж байна. Дельта хувилбар бусад улсад хурдацтайгаар тархахад цар тахалтай дасан зохицож амьдрах нь аюултай гэсэн итгэл үнэмшил Хятадын удирдагчдад бат суусан. Гэвч хатуу хөл хорио хэр удаан үргэлжлэхийг Хятадын зарим шилдэг эрдэмтэн лавласан ч Засгийн газраас нь тодорхой хариу хэлээгүй. Учир нь, байр сууриасаа буцахад их хугацаа шаардагдахаас гадна ичгэвтэр үйлдэл болно.

Вирустэй амьдарч, Хятадын авторитар тогтолцоо вирусний тархалтыг амжилттай тогтоож чадсан талаар тус улсын суртал ухуулгын машин олон сар сайрхав.  Коммунист намын хэлж байсан шиг аймаар биш гэдгийг хүмүүст ойлгуулах амаргүй. Хаалттай хэвээр байх нь Хятадын хувьд ямар ч улсаас илүү хялбар. Учир нь экспортод нь бараг нөлөөлсөнгүй, гадаадын шууд хөрөнгө оруулалт цар тахлын өмнөхөөс ч өндөр байна.

Хятадын агаарын тээврийн компаниудад 2022 оны турш биш гэхэд ихэнх хугацаанд нь хатуу хөл хорионы дэглэм үргэлжилнэ. Хатуу хязгаарлалт 2023 оны эхний хагас хүртэл үргэлжилнэ гэж тооцож буйгаа илэрхийлсэн. Коммунист намын хувьд цар тахлын  улмаас тасалдуулж болохгүй хэдэн чухал үйл явдал 2022 онд болно. Энэ оны сүүлчээр болох Коммунист намын их хурлаар Ши Жиньпиний эрх мэдлийг дахин таван жилээр сунгана.

Нью-Йоркт төвтэй Гадаад харилцааны зөвлөлийн дэлхийн эрүүл мэндийн асуудал эрхэлсэн ахлах ажилтан Хуан Яньзун хилийн хоригийг 2023 оны гуравдугаар сард болох дараагийн чуулган хүртэл сунгаж магадгүй гэж хэлжээ. Тэрбээр  “Халдварыг тэг байлгах нь  нийгмийн эрүүл мэндийн байгууллагуудын хүрээнд улс төрийн шийдвэр болсон тул удирдагчид энэ  бодлогоо өөрчлөх нь улс төрийн хувьд аюулгүй гэдэгт итгэлтэй болох хүртэл үргэлжилнэ” гэжээ.

Түүнчлэн Оксфордын их сургуулийн Хятад судлалын төвийн ажилтан  Жорж Магнус "Намын их хурлын дараа, магадгүй 2023 он хүртэл одоогийн бодлогод дорвитой өөрчлөлт гарахгүй хэвээр байна. Хятад үр дүнтэй мРНХ вакцинтай болох хүртэл энэ бодлогоо өөрчлөхөд хэцүү байх болно” хэмээсэн байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top