Хаврын ногоо харагдахгүй ургадаг
Харагдталаа ургадаг... гэж яруу найрагч Ламжавын Мягмарсүрэн бичсэн байдаг юм. Үнэхээр ч хахир хатуу өвөл цагийн дараа хувирамтгай хавар цаг ирж, нэг өдрийн дотор жилийн дөрвөн улирлыг бидэнд үзүүлнэ. Цас, бороон шуурга, ганц нэг дусагнасан бороон дундуур урсаж байтал нэг л мэдэхэд байшингийн ёроол, замын хашлага даган ногоон туяа татаж, модод нялхран гөлөглөж эхэлсэн байдаг билээ.
Хөр цас, саарал шороон доор урган төлжиж, газрын гүн рүү үндэс нь бүрэн хавж гүйцээд гэрэлт наранд тэмүүлэн ийнхүү анхлан ногоо ургана. Мэдээж цэцэг бүхнээс урьтан яргуй дэлбээгээ нээж, уул талыг хөх цэнхэр өнгөөр хулдан, хүмүүний нүд, сэтгэлийг баясгана. Ингэж л хаврын ногоо хөрсөн дороо харагдахгүй ургаж гүйцээд харагдах гэж урган өндийдөг жамтай ажээ. Нялх ногоо хараа булаан ургаад эхлэхээр дагаад хүн, малын сэтгэл ч тэнийдэг биз.
Зах зээлийн ороо бусгаа үед нэг шүлэг бичдэг залуу найз бүсгүйдээ төрсөн өдрөөр нь өгөх бэлэг олж чадалгүй сандарч явж. Гэсэн хэдий ч яг төрсөн өдрөөр нь оюутны лекцийн цагаар гарч гүйн байшингийн буланд ургасан хэсэг ногоон өвс, жижигхэн шар цэцгийг шороотой нь цуг барьж ирээд “Би чамдаа хаврыг бэлэглэж байна” гэсэн юм гэнэ лээ. Харамсалтай нь бүхэл бүтэн хаврыг, харагдталаа урган төлжсөн өвс, цэцэгтэй нь бэлэглэж байхад тэр үерхэл тэгсхийгээд дууссан гэдэг.
Энэ түүхийг багш маань нэг удаа яриад “Яруу найрагч л ингэж сэтгэнэ дээ” хэмээн инээж билээ. Үүн лугаа адил дээрх шүлгийг ч яруу найрагч л учраас ингэж сэрж мэдэрсэн хэрэг биз ээ. “Болор цом”-ын эзэн шар хэмээх Базарсадын Баттулгад зориулан бичсэн мөн л шар гэгддэг Мяагаа ахын дээрх шүлэг
...Хүний хүү үзэгдэхгүй өсдөг
Үзэгдтэлээ өсдөг хэмээн төгсдөг юм. Хаврын ногоо яг одоо харагдахгүйгээр ургаж, харагдах гэж дуншиж байнам.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )