ОХУ, Украины дайнаас үүдэлтэйгээр автомашины үнэ өсөж эхэлжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 07

BMW Герман дахь  хоёр үйлдвэрийнхээ үйл ажиллагааг зогсоож буйгаа мэдэгдлээ. Түүнчлэн Мерседес угсрах үйлдвэрүүдийнхээ үйл ажиллагааг удаашруулаад буй. Үүнээс гадна “Volkswagen”, үйлдвэрлэлээ зогсоохоо анхааруулж, эд ангиудын өөр эх үүсвэр хайж эхлээд буй. Жил гаруйн хугацаанд дэлхийн автомашины үйлдвэрлэл компьютерийн чип болон бусад чухал эд ангийн  хомсдолтой тэмцэж, үйлдвэрлэл буурч, нийлүүлэлт удааширч, шинэ болон хуучин автомашины үнэ өсөхөд нөлөөлөөд байна.

Орос, Украины асуудал машины үйлдвэрлэлд хамгийн голлох нөлөө үзүүлж байгаа аж. Украинд үйлдвэрлэдэг  чухал ач холбогдолтой цахилгааны утаснууд тасалдахад хүрээд байгаа юм. Автомашины үйлдвэрлэл буурсан нь Европт хамгийн түрүүнд нөлөөлөхөөр байгааг ажиглагчид онцолж байна.  Гэхдээ катализаторын палладий, цахилгаан машины батерейны никель тэргүүтэй Оросын металлын экспортыг зогсоовол АНУ-ын машин үйлдвэрлэлд мөн л сөргөөр нөлөөлнө.

 

НИЙЛҮҮЛЭЛТИЙН СҮЛЖЭЭНИЙ ХЯМРАЛ

 

Хоёр жилийн өмнө тахал дэгдэж,  машины эд анги үйлдвэрлэдэг зарим үйлдвэрүүд үүдээ барьсан. Хямралын дараах хүчтэй сэргэлт нь автомашины эрэлтийг  нийлүүлэлтээс давахад хүргэсэн бөгөөд энэ нь шинэ болон хуучин тээврийн хэрэгслийн үнийг инфляциас давахад хамгийн их нөлөө үзүүлсэн. АНУ-д шинэ автомашины дундаж үнэ өнгөрсөн онд 13 хувиар өсөж, 45.596 доллар (41.314 евро) болсон талаар “Edmunds.com” мэдээлжээ. Харин хуучин машины үнэ  29 хувиар өсөж 29.646 ам.доллар (26.861 евро) болжээ. “S&P Global Mobility”-гоос  дэлхийн автомашин үйлдвэрлэгчид энэ онд 84 сая, ирэх онд 91 сая автомашин үйлдвэрлэнэ гэж таамагласан. Харин 2018 онд 94 сая машин үйлдвэрлэсэн байна.

S&P-ийн гүйцэтгэх захирал Марк Фулторп “2023 он хүртэл Хойд Америк болон Европт шинэ автомашины олдоц муу, үнэ өндөр хэвээр байх болно.  Шинэ тээврийн хэрэгслийн үнэ өссөнөөр хуучин автомашины эрэлтийг нэмэгдүүлэх болно” гэжээ. Тэрбээр мөн "Инфляцын дарамт нь хэрэглэгчдийн болон бизнесийн чадавхийг  сүйтгэж байна. Автомашины үйлдвэрлэл буурч байгаагийн гол хүчин зүйл бол  үйлдвэрлэгчид Орос дахь автомашины үйлдвэрүүдээ хааж буй явдал юм” гэжээ.  Францын автомашин үйлдвэрлэгч “Renault” өнгөрсөн долоо хоногт  Москва дахь үйлдвэрлэлээ түр зогсоохоо мэдэгдсэн.

 

НИЙЛҮҮЛЭЛТИЙН ГИНЖИН ХЭЛХЭЭНИЙ ТАСАЛДАЛ

 

Украинд гал зогсоох Киев, Москвагийн хэлэлцээ ямар ч үр дүнд хүрээгүй бөгөөд тулаан үргэлжилсээр байна. Түүнчлэн Хятадад шинэ хувилбарын тархалт эрчимжсээр байгаа нь машины эд ангиудын нийлүүлэлтийг бууруулж магадгүй байгаа юм. Салбарын шинжээчид эд анги, түүхий эд, автомашины үйлдвэрлэл хэзээ хэвийн үргэлжлэх талаар сайн хэлж мэдэхгүй байгаа талаараа учирлаж байна. Байлдааны ажиллагааг зогсоох хэлэлцээр хийсэн ч эцсийн тохиролцоонд хүрэх хүртэл Оросын экспортын эсрэг хориг арга хэмжээ үргэлжилсээр байх болно.

Фулторп “Дэлхий даяар автомашины эрэлт хэрэгцээ эрс нэмэгдэж байгаа тул автомашин  үйлдвэрлэл бүрэн сэргээсэн ч  эрэлтээ гүйцэж,үнэ  бууруулах тооны  автомашин, ачааны машиныг хэзээнээс  үйлдвэрлэж чадах вэ гэдэг нь тодорхойгүй байна” хэмээжээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top