Яагаад ч юм Азийн орнуудын талаар мэдээлэл уншиж байхад манай улс Азийн биш азын улс юм шиг л мэдрэмж төрдөг. Учир нь, Үндсэн хуулийн дагуу гэр бүл, ирээдүйнхээ төлөө татвар төлсөн ч үр хүүхдээ цэцэрлэгт хүмүүжүүлэхийн тулд заавал азтай байх ёстой болдог. Өргөн уудам газар нутагтай ч газар зүйн байрлалын хувьд хоёрхон улстай хиллэдэг гэхээр азгүй ч юм шиг. Магадгүй хэд хэдэн улстай хиллэдэг байсан бол эдийн засгийн хувьд илүү боломж бүрдэх байсан болов уу.
Байгалийн баялгийн нөөцөөрөө дэлхийд толгой зохих нь азтай юм шиг мөртлөө, үүнийгээ Засгийн газар нь зөв захиран, зарцуулж ард иргэд нь үр шимийг хүртэж чадахгүй байгаа нь азгүй болж харагдуулж байгаа юм. Монгол залуус нь мэдлэг боловсролоороо дэлхийтэй хөл нийлүүлж байгаа ч нийгэм нь дэлхийн гэх түвшний хаана нь ч хүрэхгүй байна.
Бидэнд гомдох төр, жагсах газар нутаг, хамгаалах эх орон байна. Сайхан нийгмийг цогцлоохын тулд азанд найдаад байж болохгүй шүү дээ. Аз, нөхцөл нь бүрдсэн болохоор дэлхийн талыг эзэлж, аз дутсан болохоор 300 жил дарлуулж, аз ивээсэн болохоор тэр дарлалаас гарсан юм шиг. Одоо ч аз хүлээгээд хэрэггүй л болов уу. Нэг мянгад нэг л аз тохиож байна шүү дээ. Тиймээс боломжийг өөрсдөө бий болгоцгооё. Азын улс биш Азийн улс болоход улстөрчдийн оролцооноос гадна иргэдийн эрүүл сэтгэхгүй, эх орноо гэсэн сэтгэл илүү хэрэгтэй юм шүү.
О.ГАНЖАРГАЛ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )