Эрдэмтэд хүний бодлыг уншиж сурчээ

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 05

Эрдэмтэд тархины идэвхжилийг судалсны дүнд тухайн хүний юу хийх гэж байгааг урьдчилан мэдэж чаддаг болсноор эмч нар, тагнуулын албаныхан болон цагдаа нарын өнө эртний мөрөөдөл биелжээ. Британийн «The Daily Mail» сонинд бичсэнээр, одоохондоо хүний юу хийх гэж байгааг хэдэн минутын өмнөөс мэдэж болно, гэхдээ алсдаа хүний бодлыг уншдаг шинэ бүтээл нь улам боловсронгуй болох гэнэ. Жишээлбэл, гэмт хэрэгтнүүд буудалцааны үеэр юу төлөвлөж буйг цагдаа нар мэдэж авах нь тун чухал юм гэж эрдэмтэд тайлбарлажээ. «Энэ бол хүний тархи яаж ажилладгийг, мөн үйлдлүүдээ хэрхэн төлөвлөдгийг ойлгоход маш том алхам болсон» гэж Баруун Онтариогийн Их сургуулийн шилдэг эрдэмтдийн нэг Жейсон Галливан ярьсан байна. Эрдэмтэд судалгаа хийх явцдаа сайн дураараа туршилтад оролцсон хүмүүсээр ямар нэгэн биетийн дээрээс барих, дороос барих, эсвэл түүнд хүрэх гэсэн энгийн гурван үйлдлийн аль нэгийг нь хийлгэж, энэ үеэр тархины үйл ажиллагааг нь «сканердаж» авчээ. Тэд тархины янз бүрийн хэсгээс өгч байгаа дохиог судалсны үндсэн дээр туршилтад оролцогсдын хийхээр завдаж байгаа үйлдлийг өндөр нарийвчлалтайгаар урьдчилан тогтоосон байна. «Нейро-дүрслэл нь хийх гэж байгаа үйлдлүүдийг тархины янз бүрийн хэсэгт хэрхэн төлөвлөж байгааг харах боломж олгож байгаа юм. Гэхдээ электродыг тархинд суулгахгүйгээр шүү дээ» гэж энэ төсөл дээр ажилласан өөр нэгэн эрдэмтэн Жоди Кулхам ярьсан байна. Цэрэг, цагдаагийнхнаас гадна эрдэмтэд шинэ бүтээлээр анагаах ухааны ирээдүйг урьдчилан хэлэх боломжтой болох гэнэ. «Хэрвээ бид тархины дохионы тусламжтайгаар хүний хүслийг урьдчилан мэдэж чаддаг болбол хиймэл эрхтний тусламжтайгаар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, түүний дотор тархи нугасны гэмтэлтэй хүмүүсийн үе мөчний хөдөлгөөнийг залуурдах боломжтой болно» гэж Галливан тэмдэглэн хэлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top