БНСУ-ын иргэд визгүй зорчсоноор 3 жилд хагас сая жуулчин ирэх боломжтой

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 29

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд албан үүргээ хүлээж аваад 100 хоног өнгөрлөө.

Энэ хугацаанд салбартаа хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа өчигдөр тавьсан юм. Байгаль орчин, аялал жуулчлалын яам энэ хугацаанд 21 аймгаар тойрч, салбарын тулгамдсан асуудлыг салбарын нэгж ажилтан, албан хаагчид, нутгийн иргэдийн санал дүгнэлтээс сонсож, асуудлыг шийдэлтэйн хамт ажил хэрэг болгожээ.

Онцлох ажлуудаас дурдвал, Ойн тухай хуулийн өөрчлөлт, нэмэлт төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьж, УИХ-аар хэлэлцүүлэн, дэмжигдсэн байна. БНСУ-ын аялагчдыг визгүйгээр хүлээн авахаар болов. Хөвсгөл нуурын тусгай хамгаалалтын бүсэд олгосон газрыг цэгцэлж, шинээр газар олгохыг зогсоосон байна. Мөн Мөрөн нисэх онгоцны буудлыг 4С ангиллын олон улсын нисэх буудал болгон хөгжүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулах цогц менежментийг хэрэгжүүлэх долоон цогц арга хэмжээг шийдвэрлэжээ. Түүнчлэн нөхөн сэргээх шаардлагатай 2000 га талбайн байршлыг эцэслэн баталгаажуулсан байна.

Мазаалай баавгайг хамгаалах ажлыг ч эхлүүлжээ. “Open Up Mongolia” арга хэмжээгээр дамжуулан Монгол Улсын Засгийн газраас олон улсад аялал жуулчлалын бодлогоо зарлажээ. Хүүшийн ам, Горхи, Тэрэлжийн сав газрын усны онцгой бүсэд хууль зөрчиж олгосон газрын зөвшөөрлийг цуцалсан байна. Иргэдэд үйлчлэх төвийг ашиглалтад оруулж, Монгол орны үзэсгэлэнт газруудаар VR, 3D хэлбэрээр дэргэд нь байгаа мэт үйлчилгээг Иргэдэд үйлчлэх төвд нэвтрүүлжээ. Мөн байгаль орчны чиглэлээр мэдээлэл авах 117, аялал жуулчлалын чиглэлээр монгол, англи хэлээр мэдээлэл өгөх 118 тусгай дугаарыг ашиглалтад оруулсан гэх мэт ажлуудыг дурдаж болох юм.

Хэлэлцүүлэгт БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга, Нийгмийн уур амьсгалын өөрчлөлтийн газрын дарга доктор Ш.Цэрэндулам, Ногоон хөгжлийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Д.Буяннэмэх, Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга А.Энхбат, Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын дарга Д.Батмөнх болон бусад холбогдох албан хаагчид оролцлоо. Энэ үеэр сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.


-20 тусгай зөвшөөрлийг цахимжуулж байгаа нь маш хэрэгтэй ажил. Үүнийг программ болгоод хаялгүй, хөгжүүлэх нь чухал. Тэгэхээр цаашдаа энэхүү программыг хэрхэн хөгжүүлэх талаараа ярихгүй юу. Мөн аялал жуулчлалын улирал ирж байна. Аялал жуулчлалын салбараа хэрхэн хөгжүүлж байгаа вэ?

Б.Бат-Эрдэнэ: -Энэхүү платформ маань ашиглалтад хэдийн орсон. Үүнд дутагдалтай гэж хэлж болохоор зүйл нь хууль эрх зүйн хүрээнд шийдэх ёстой зүйл байгаатай холбоотой. Тусгай зөвшөөрлүүдийг бар кодоор илэрхийлэн авах боломжтой юм. Ингэснээр зайлшгүй яаманд ирж тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй болно. Газрын мэдээллийг тавдугаар сарын 01-нээр эцэслэхээр ажиллаж байгаа. Одоогоор хаана байрлалтай хэдэн га газар, ямар регистрийн дугаартай аж ахуйн нэгж, хэдийн хэр хугацаанд авсан гэх мэдээллийг ил тод болгож байгаа юм. Регистр, нэрийг нь ашиглан Опендатагаас бүхий л мэдээллийг нь ил тодоор авах боломжтой.

Харин аялал жуулчлалын байгууллагуудаас таван шаардлагад онцгой анхаарал хандуулах хүсэлт гаргасан. Үүнд, цар тахлын улмаас ажиллаж чадаагүй байгууллагуудын газрын зөвшөөрлийг нь шууд сунгаж өгөхийг хүсэж байгаа. Тиймээс бид 10-аас дээш жилийн тогтвор суурьшилтай ажилласан аялал жуулчлалын баазуудын газрын эрхийг шууд сунгаж өгсөн.

Хоёрдугаарт, тодорхой төлбөрийн хураамжтай холбоо бүхий асуудлыг гэрээ хийх байдлаар хойшлуулах, энэ онд жуулчнаа авах, намраас эргэн төлөх хэлбэрээр ажиллаж байна. Гуравдугаарт, БНСУ-ийн харьяалалтай 27 сая жуулчин бий. Үүний 16 сая жуулчин нь БНХАУ болон ойролцоо улсаар аялдаг тоо баримт байгаа. Гэтэл 2019 онд манай улсад хамгийн дээд цэгтээ буюу 100 мянган жуулчин ирсэн. 16 сая жуулчнаас 100 мянган жуулчин нь манай улсад ирсэн гэсэн үг. Энэ нь хоёр хүчин зүйлээс улбаатай. Нэг нь агаарын тээвэр. Агаарын тээврийн хязгаарлалт буюу тухайн агаарын тээврийн суудлыг тодорхой хэмжээний хязгаарлалтын горимд шилжүүлснээр жуулчдын тоог хязгаарлаад байсан юм. Хоёрдугаарт, визтэй холбоотой асуудал бий. Гадаад харилцааны яамнаас визний асуудлыг и-виз рүү шилжүүлэх ажлыг хийж байна.

Одоогоор 30 гаруй орон и-виз рүү шилжсэн. Гэхдээ БНСУ-ын элчин сайд, аялал жуулчлалын компаниудын хүсэлтийг үндэслэн Засгийн газрын хуралдаанаар оруулж, тэмдэглэл гарсан. Улмаар БНСУ-ын жуулчдыг визгүй зорчдог болгох асуудлыг шийдэж байна. Нөгөө талаас БНСУ-ын зүгээс манай улсын иргэдийг визний ямар горимд шилжүүлэх талаар харилцан ашигтай ажиллаж байгаа. Өнгөрсөн долоо хоногт БНСУ-ын элчин сайдтай уулзсан. Ирэх долоо хоногоос БНСУ-д ажиллана. Визний асуудал шийдэгдвэл Солонгос улсаас гурван жилийн хугацаанд хамгийн багадаа 577 мянган жуулчин ирэх боломжтой байна гэх тоон судалгааг элчин сайд нь мэдээллээ. Буриад, Япон гэх мэт улсын элчин сайдуудтай ээлж дараалан уулзаж байна. Энэ жил 2019 онд ирсэн жуулчдын тоотой тэнцэхүйц хүн хүлээн авна хэмээн ажиллаж байгаа.

-Хөвсгөл, Хэнтийн зам дагуу жуулчдад зориулсан түр буудаллах цэг барина хэмээн яриад байгаа. Одоогоор дөрвөн байгууллага хэмээн ярьж байна. Нэмж хэчнээн байгууллагыг авах вэ. Төсөв нь хүрэлцэхгүй жижиг компаниудыг хэрхэн дэмжих вэ?

Э.Баттулга: -Азийн хөгжлийн банктай БОАЖЯ хамтран хэрэгжүүлж буй тогтвортой аялал жуулчлалаа хөгжүүлэх төсөл Хэнтий болон Хөвсгөл аймагт хэрэгжиж байна. Эдгээр газруудад түр буудаллах цэг, хатуу болон шингэн хаягдлын цэвэрлэх байгууламжийг барьж байгаа. Зам дагуу дөрвөн байршилд түр буудаллах цэгийг барьж байна. Нэмээд дотоодын аялал жуулчлалд зориулсан 17 байршилд буудаллах, амрах цэгийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж байгаа. Дараагийн төслүүд баруун болон хангайн бүсэд хийнэ.

Б.Бат-Эрдэнэ: -Төрөөс зайлшгүй мөнгө гаргахгүйгээр хувь байгууллагууд хэрэгжүүлье гэвэл газрын асуудлыг шийдэж өгч, өөрсдөө отгоо байгуулан, орлогоо олдог систем рүү орох юм. Горхи, Тэрэлжид есөн газар отог байгуулах санал ирсэн байгаа. Эхний ээлжид нэг отгийг туршилтын байдлаар тохижуулахаар болсон. Энэ ажил шат дараатайгаар үргэлжилнэ.

-Бизнес хийх нь сайн боловч эргээд Хөвсгөл нуурын эко системд хор хохирол учирч байгаа юм биш үү?

Б.Бат-Эрдэнэ: -Бид өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт Хөвсгөл аймгаас ирсэн. Хөвсгөл нууртай холбоотой асуудалд газар дээр нь ажилласан. Нэгдүгээрт, Хөвсгөл нуурын эко системийг хамгаалахтай холбоо бүхий асуудлууд байгаа. Тус нуурт 42 тонн шатахуун бүхий таван автомашин байна. Нийт 28 машин, техник хэрэгсэл нуурын ёроолд байгаа гэдэг тоон мэдээлэл бий. Хоёрдугаарт, Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулганыг хийж, тодорхой хэмжээний зөвлөмжүүдийг гаргасан. Зөвлөмжийн хүрээнд 2024 оныг хүртэл 28 техник хэрэгслийг татан гаргах, нуурыг хамгаалах хийгээд судлах лабораторийг нуурын дэргэд байгуулах ажлыг хийнэ. Лабораторийг байгуулснаар Хөвсгөл нуурт хэчнээн төрлийн загас, ямар үржил шим бүхий амьд биетүүд буйг шинжлэх юм.

Энэ хүрээнд гадаад дотоодын олон байгууллагын төсөлт хөтөлбөрийг эхлүүлээд байгаа. Машин татан гаргахын тулд ОХУ болон Япон улстай эхний яриа хэлэлцээрийг хийж байна. Учир нь 50-130 метрийн гүнд тус техникүүд байгаа хэмээн тооцоолж байгаа. Мөн манай улсын шумбагчид 50 хүртэлх метр дотор шумбадаг. Тиймээс гаднын туршлагатай шумбагчид шаардлагатай байна.

-Хориотой ан агнуур хийх тусгай зөвшөөрөл авахын тулд байцаагчид нь таван сая төгрөг өгдөг гэх мэдээлэл байна. Энэ салбар ихээхэн авлигажсан гэх юм. Үүний эсрэг хэрхэн ажиллаж байгаа вэ?

Б.Бат-Эрдэнэ: -Манайд 22 тусгай зөвшөөрөл олгодог байлаа. Нийт олгож буй тусгай зөвшөөрөл 19 болсон. Бид заримыг нь хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шилжүүлсэн. Аялал жуулчлалын холбоо руу тодорхой хэмжээний тусгай зөвшөөрлийг шилжүүлээд байна. Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхим руу ч мөн хэд хэдэн тусгай зөвшөөрлийг шилжүүлэхээр ажиллаж байгаа. Яамнаас авдаг бүх зөвшөөрлийг цахимжуулсан. Тэгэхээр тухайн хүсэлт өгсөн иргэн зөвшөөрөл нь хэнд, ямар албан тушаалтанд хэд хонож байгаа, яагаад гэх учир шалтгааныг өөрөө хянах бүрэн боломжтой болж байгаа юм.

Энэ нь шат шатны түвшинд авлигыг устгах нэг арга. Манай Хяналт, шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газар Авлигатай тэмцэх газартай зөвшилцсөний үндсэн дээр нэг комиссарыг сэлгэн ажиллуулж байгаа. Удахгүй ан агнуурын зөвшөөрлийг Засгийн газраар оруулж, квот тодорхойлогдоно. Өмнө нь сайд гарын үсэг цуглуулдаг байсан бол одоо ажлын хэсэг гаргаж, нээлттэй ил тод мэдээлэх ажлыг зохион байгуулж байгаа. Засгийн газар квот батлаагүй учраас одоогоор мэдээлэл ил цацаагүй. Хэрвээ таван сая төгрөгийн авлига авсан мэдээлэл байгаа бол манайх руу яаралтай мэдэгдэх хэрэгтэй.

-Олон нийтийн чөлөөт цагийн бүсийг дөрвөн байршилд гаргасан. Үүний тохижуулалт хэзээ эхлэх вэ?

Б.Бат-Эрдэнэ: -Иргэдийн амралт, чөлөөт цагийн бүс болгож 11.3 га газрыг гаргасан. Ямар нэгэн аж ахуйн нэгж, байгууллагад тухайн газрыг олгохгүй. Зөвхөн яам хариуцаж явна. Зарим хэсэгт нийслэлээс хөрөнгө гаргаж хийх хүсэлттэй байгаа. Мөн Цэцээ гүний оргил руу гардаг гурван зам бий. Цэцээ гүний оргил руу гарахад амрах зориулалт бүхий 1.8 га талбайг  олон улсын жишигт зам болгоно. БНСУ-ын элчин сайдаас нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажиллах саналыг хүлээн зөвшөөрсөн. Мөн Жаргалантын аманд байрлах Тайж ресорт долоон га газартай. Долоон га талбайнхаа дөрвөн га талбайг моджуулсан. Нийгмийн хариуцлагын хүрээнд 1.2 га талбайгаа амралтын зориулалтаар тохижуулна гэдгээ мэдэгдээд байгаа.

Мөн нийслэлээс газар олгохдоо давхардуулж олгож байна. Горхи, Тэрэлж рүү Төв аймгийн Эрдэнэ сумын засаг дарга ихээхэн газар олгож байгаа. Хан-Уул дүүргийн Түргэний амд Хан-Уул дүүргийн засаг даргын захирамжаар эрх олгосон 294 иргэн, хуулийн этгээд газрын зөрчилтэй. Хууль зөрчиж олгосон гэсэн үг. Баянзүрх дүүргийн товчоо Хүрхрээгийн зөрүүтэй хэсэгт нийслэлийн Засаг даргын захирамжаар өмчлөх эрх олгосон 108 иргэн байна. Баянзүрх дүүргийн засаг даргын захирамжаар газар олгосон 218 иргэн хуулийн асуудалтай байгаа

 Туул голын сав дагуу газар олгохгүй. Тухайн газарт газар эзэмшсэн бол дүйцүүлсэн газар олгох ажлыг эхлүүлээд байна. Ажлыг эхлүүлэх үед 59 иргэний асуудалд хөндөгдөж байгаа. Уугуул найман иргэнтэй газар олгох талаар 27-нд уулзлаа. Нийт 730 орчим га газрын эрхийг цуцалсан. Үүнээс 295 га газарт эзэмшил бүхий иргэд шүүхийн шатанд орж, эрхээ сэргээсэн. Харин 430 орчим га газрын эрхийг бүрэн цуцаллаа.

-Цогтын цагаан байшин балгас болж байна. Энэ мэт түүхэн ач холбогдол бүхий барилга, байгууламжаа хэрхэн авч үлдэх вэ?

Э.Баттулга: -Аялал жуулчлалын гол бүтээгдэхүүнүүд бол манай түүх соёлын үзмэр, дурсгалууд юм. Бид хааж боохоос илүүтэй эдийн засгийн эргэлтэд оруулж, хадгалах, хамгаалахад гол анхаарлаа хандуулж байгаа. Ингэхдээ хуучин хэв загварыг огт сүйдэхгүй.

-Эскиз зургийн ажил удаашралтай байгаа юм биш үү?

Д.Батмөнх: -Эскиз зургийг хугацаандаа баталсан. Хотын захиргаанаас барилгажилтыг түр зогсоох үүднээс зураг батлахыг зогсоосон. Тэр үеэр хугацаа алдсан хэдий ч одоо бол хугацаандаа ажиллаж байгаа. Эскиз зургийг нарийн шалгах шаардлагатай учраас тодорхой хэмжээний хугацаа ордог. Тиймээс шалгах явц удаашралтай байх нь бий.

Э.Баттулга: -Манай яамны албан бичиг шийдвэрлэх дундаж хугацаа 28 хоног байсан. Одоогийн бадйлаар 17 хоног болсон. Цахимжиж байгаа учраас энэхүү хугацаа багасна хэмээн тооцоолж байгаа. Гэхдээ шийдвэр гаргалт хурдсаж байгаа боловч хууль бус үйл ажиллагаанууд удаашралыг үүсгээд байна. Усны хамгаалалтын бүсэд олгосон газрыг цуцалсан.

-Хамгаалалтын бүсэд газар олгосон хэчнээн зөвшөөрөл байгаа вэ. Түүнийг хэрхэн шийдвэрлэх талаараа ярихгүй юу?

Э.Баттулга: -Энгийн газарт 15 жилээр, тусгай хамгаалалттай газар нутагт таван жилээр газар олгодог. Хамгийн энгийн шийдэл бол хамгаалалтын бүсэд олгосон газрын эрхийг сунгахгүй байх юм.

-Богд хан уулын хамгаалалтын бүсийг тэлнэ гэлээ. Уулын орой дээр газар аваад, тэгшлээд, барилгын ажил эхэлсэн байна. Их тэнгэрийн амны цаана, уулын хормойд газар ухаад эхэлсэн. Хамгаалалтын бүсэд ямар арга хэмжээ авч ажиллах юм бэ. Газар олгохоос өмнө БОАЖЯ хяналт тавьдаг тогтолцоо манайд байгаа юу?

Б.Бат-Эрдэнэ: -Богд хан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд БОАЖ-ын сайдын тушаалаар газар ашиглах эрхийг 2014 иргэн, аж ахуйн нэгж байгууллагад нэгж талбар олгосон байна. Нийт 3675.2 га талбайг ашиглажээ. Энэ нь хязгаарлалтын нийт бүсийнхээ 30 хувьтай тэнцэж байгаа юм. Түр буудаллах, отоглох зориулалтаар 1403 иргэнд 3649 га талбай, уугуул иргэн, бичил эко аялал зориулалтаар 610 иргэн 26.1 га талбай эзэмшиж байна. Богд хан уулын дархан цаазат газар нь 42.271 га талбайтай. Хязгаарлалтын бүс нь 12.035 га талбайтай юм. Хамгаалалтын бүс нь 23.314 га талбай, онгон бүс нь 6921 га, ЮНЭСКО-д бүртгэлтэй 41.650 га газар байна. Сайдын зөвлөл хуралдаж хамгаалалтын бүсийг 5562 га газраар тэлэх буюу хязгаарлалтын бүсээс хасах юм. Уулын орой дээр барилга барьж буй компанитай манай Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газар уулзсан.

Д.Батмөнх: -Лувсанданзанравжаа ТББ-аас соёлын хэлбэрээр буюу шашны үйл ажиллагааг эрхлэх журмаар анх зөвшөөрөл авсан. Бурхан багшийг бүтээх төслийг ирүүлсэн байдаг. Тус байгууллага нь 2014 онд 1.7 га газрын зөвшөөрөл авч, улмаар 2018 онд газраа тэлснээр нийт 51.5 га газрыг өргөтгөсөн. Ингэхдээ тухайн газрыг хамгаална, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлнэ гэх утгаар зөвшөөрлийг авсан.

-Лувсанданзанравжаа ТББ-ын үйл ажиллагааг зогсооно гэж ойлголоо. Зөв үү?

Д.Батмөнх: -Сайдын өгсөн үүргийн дагуу үйл ажиллагааг нь зогсоосон байгаа. Мөн ажлын хэсгээрээ хэлэлцэнэ. Анхны төслийнхөө дагуу ажиллана. Орон сууц барихгүй. Соёлын аялал жуулчлалаар үйл ажиллагаа явуулна гэх тайлбарыг тухайн газраас өгч байгаа тул хэлэлцэж шийдвэрлэнэ.

М.Дорж -Лувсанданзанравжаа ТББ-д хяналт шалгалтын ажлыг хийсэн. Хяналт шалгалт хийх явцад гурвалсан гэрээгээ дүүргээрээ батлуулж, БОАЖЯ-нд өгөөгүйг тогтоосон. Ерөнхий болон нарийвчилсан үнэлгээний тодотголоо БОАЖЯ-ны Үнэлгээ аудитын хэлтэст өгсөн ч одоогоор тодотгол нь батлагдаагүй. Ийм үндсэн дээр Тусгай хамгаалалтын тухай хуулиар бичиг баримтын бүрдэл хангаагүй, гурвалсан гэрээг батлуулаагүй, тодотгол батлагдаагүй гэх үндэслэлээр үйл ажиллагааг нь зогсоосон. Улмаар бичиг баримтын бүрдлээ хангасных нь дараа үйл ажиллагааг нь үргэлжлүүлэх эсэхийг шийднэ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.21.107.109) 2022 оны 04 сарын 29

Шүүмжлэлтэй хандсан үгийг арилгуулчихаж чадаж байна аа

0  |  0
Иргэн(202.21.107.109) 2022 оны 04 сарын 29

Энэ поп нөхөр онгирохоос өөр юм хийхгүй бололтой. Залуу хүн байж цахим хаягаа шалгачихгүй сар болох. Хүний хэлсэн үгийг нохой хуцахын дайтай үл тоох. Их мэдэгчийн дүрд тоглох ичгүүргүй амьтан байна.. ШӨХТГ мэргэжлийн хяналтад байхдаа юуч хийгээгүй .

0  |  0
Ааааа(202.21.108.233) 2022 оны 04 сарын 29

Дархан цаазат Богдхан уул БОАЖЯ ны авилгачдаас болж бохир орон сууцны хороолол болсон, одоо ч үргэлжилсээр байгаа.

0  |  0
Top