Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр өнөөдөр (2022.05.03) тохиож байгаа билээ.
НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1993 оны энэ өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр хэмээн зарласнаас хойш 29 дэх жилдээ тэмдэглэж байгаа юм. Энэ жилийн хувьд Цахим дайралтад өртсөн сэтгүүл зүй сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлж байгаа ажээ. Энэ хүрээнд Хэвлэлийн хүрээлэнгээс ЮНЕСКО, Сайтын, Гэрэл зурагчдын нэгдсэн болон Өдөр тутмын сонинуудын холбоо, Сэтгүүл зүйн инновац хөгжлийн үүр төв, Эрх зүйн гүүр зэрэг ТББ-ууд, бусад албан байгууллагуудтай хамтран “Хараат бус сэтгүүл зүй сэргэх үү, сөхрөх үү?” форумыг зохион байгуулсан юм.
УЛСТӨРЧДӨӨС САНХҮҮЖДЭГ БАЙДЛЫГ ТАСЛАН ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ ГЭВ
Форумын үеэр Хараат бус сэтгүүл зүй сэргэх үү, мөхөх үү хэлэлцүүлэг өрнөлөө. Энэ үеэр хараат бус сэтгүүл зүйг хэрхэн сэргээх талаар ярилцсан юм. МУБИС-ийн НХУС-ийн захирал, профессор Ж.Батбаатар хараат сэтгүүл зүй бий болох гадаад гурван хүчин зүйл байгаа талаар дурдав. Тэрбээр “Нэгдүгээрт, цар тахал. Сэтгүүл зүйн салбарт санхүүжилт хангалттай бус байдаг.
Гэтэл цар тахал үүссэнээр хүндрэл бий болсон. 180 оронд хийсэн судалгаагаар хэвлэл мэдээллийн байгууллагуудад хүндрэл бий болсон нь хараат бус байдал алдагдахад хүргээд байгаа юм. Тиймээс уламжлалт модель бус бизнес загвар руу шилжих шаардлага тулгараад байна. Хоёрдугаарт, мэдээллийн дайн. Мэдээллийн дайн иргэдийн итгэл үнэмшлийг бууруулж байгаа. Тухайлбал, Орос, Украины дайн сум, зэвсгээс илүүтэй мэдээллийн дайн өрнөөд байгаа юм. Төлөвшиж тогтсон томоохон агентлаг, хэвлэл мэдээллүүд энэхүү дайны талаар хараат мэдээллийг олонд хүргэж байна. Гуравдугаарт, цахим бүслэлтэд орсон сэтгүүл зүй. Тоон технологийн хувьсал олон эерэг үр нөлөөг бий болгосон. Гэвч хэн нэгэн хүн, эсвэл сэтгүүлч шүгэл үлээгч болсон тохиолдолд цахим орчинд түүн рүү халдах, их хэмжээний троллууд довтлох зэрэг асуудал үүссэн. Улмаар сэтгүүлч халдлагад өртөж байна” гэсэн юм.
Редакцын зурвас номын зохиогч, сэтгүүлч Д.Нарантуяа улс төрөөс санхүүждэг байдлыг таслан зогсоох хэрэгтэй талаар чухалчлав. Тэрбээр “Бид хэвлэл мэдээлэл байгаа эсэхийг бус хэвлэл мэдээллийг зөв утгаар нь хөгжүүлж чадах уу, цаашид мэргэжлийн сэтгүүл зүй байх уу, орчныг нь хэрхэн бүрдүүлэх зэрэг асуудлыг ярих шаардлагатай. Сэтгүүл зүй мэргэжлийнх байхаас гадна бизнес утгаар хөгжих хэрэгтэй юм. Эдийн засгийн өнцгөөр нь бүхий л асуудалд хандах цаг ирсэн байна. Сэтгүүл зүй эрх чөлөөтэй байна хэмээн лоозон мэт зүйл ярьж явахаас илүүтэй шинжлэх ухаанч байдлаар хандах цаг болжээ” гэлээ. Мөн тэрбээр “Манай салбарын хөрөнгө оруулалт зөвхөн улстөрчдөөр дамжиж орж ирдэг. Одоо үүрэн телефон болон банкууд төлбөрт материал өгдөг. Хөрөнгө оруулалт хумигдсан нь үнэн. Цэвэр улстөрчдийн мөнгөөр санхүүждэг байдлыг таслан зогсоох хэрэгтэй. Тухайлбал, Мэдээллийн урсгал гэх нэвтрүүлэг цар тахлын үед олон нийтэд хүрсэн. Уг нэвтрүүлэг бол цэвэр суртал ухуулгаас гадна улс төрөөс санхүүжүүлсэн нэвтрүүлэг юм. Энэ мэт зүйлийг бид чимээгүй өнгөрөөж болохгүй” хэмээв.
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ЭКСПОРТЛОХ БОЛОМЖГҮЙ УЧРААС ТӨРӨЛЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ
Иргэдийн эрэлтэд тулгуурласан мэдээ мэдээллийг манай улсад хангалттай хэмжээнд бэлддэггүй ажээ. Улаанбаатар хотод явуулсан судалгаагаар тэтгэлэг, эрүүл мэнд, гоо сайхан гэх мэт сэдвийг олон хүн сонирхдог байна. Тэдгээр хүмүүст зориулсан төрөлжсөн мэдээ мэдээллийн хэрэгсэл байхгүй байгаа нь олон хүн хүссэн мэдээллээ авахгүйд хүргэж байгаа аж. Энэ талаар Сэтгүүл зүйн инновац хөгжлийн үүр төвийн үүсгэн байгуулагч, тэргүүн Б.Дуламхорлоо “Монгол Улс хүн амын бүтцээрээ ихэд онцгой улс. Учир нь бид хэвлэл мэдээллийн бүтээгдэхүүнээ экспортлох боломжгүй. Бид монгол хэлээ дотооддоо л ашигладаг учраас гадагшаа эх хэлээрээ мэдээ экспортлох нь ашиггүй юм. Тиймээс бид дотооддоо төрөлжсөн хэвлэл мэдээллийг бий болгох хэрэгтэй. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн дийлэнх нь үндэсний хэмжээнд мэдээлэхийг эрмэлздэг учраас зарим зорилтот бүлэг мэдээлэлгүй үлдээд байна. Цаашдаа нэг бүтээгдэхүүн /нийтлэл, нэвтрүүлэг гэх мэт сэтгүүл зйүн бүтээл/-ийг үйлдвэрлэж, бизнес модель болгохоор ажиллаж байгаа. Урагш алхъя тогтвортой хөгжлийн төслөө эхлүүлээд, дөрвөн хэвлэл мэдээллийг сонгосон” гэсэн юм.
Мөн ЮНЕСКО-гоос Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө ба хэвлэл мэдээллийн хөгжлийн олон улсын чиг хандлага тайланг энэ онд гаргасан ба тайлангаас хэд хэдэн зүйлийг форумын үеэр онцлон дурдав. Цахим орчинд нийтэлсэн нийтлэлийг Засгийн газраас устгуулах хүсэлтийн хэмжээ сүүлийн таван жилд хоёр дахин нэмэгдсэн байна. Мөн сэтгүүл зүйн мэргэжил нь одоо ч үхлийн аюултай мэргэжил хэвээр байгаа ажээ. Энэ талаар форумын үеэр дурдсан юм. Хэвлэлийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал М.Мөнхмандах “Монгол Улс 2011 оноос хойш Гүүглээс контент устгуулах 16 удаагийн хүсэлтийг илгээжээ.
Түүгээр ч зогсохгүй сэтгүүлчид цахим орчинд болон бодит амьдралд халдлагад өртөх нь элбэг байна. Тэр дундаа эмэгтэй сэтгүүлчдийн 73 хувь нь ажлаа гүйцэтгэх явцдаа халдлагад өртсөөр байгаа талаар ЮНЕСКО-гийн тайланд дурдсан” гэлээ. Харин ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комиссын ерөнхий нарийн бичгийн дарга С.Болдсайхан “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхээс илүүтэй эрхээ хамгаалж, тэмцмээр байна. Учир нь ЮНЕСКО-гийн судалгаанд 10 эмэгтэй сэтгүүлч тутмын долоо нь халдлагад өртдөг талаар дурдсан. Мөн ннийт хүн амын 80 хувь нь хэвлэлийн эрх чөлөө эх оронд нь доройтсон” хэмээн мэдээллээ.
МОНГОЛ УЛСЫН ТҮҮХЭНД НЭГ Л УДАА ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ХЭМЭЭН НЭРЛЭЖ БАЙЖЭЭ
Форумын үеэр онцлох нэг зүйл нь хуулийн талаар дурдсан явдал юм. Ардчилсан нийгэмд шилжих үедээ Үндсэн хуулиа баталснаар Монгол Улсын иргэн үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхээ баталгаажуулсан байдаг. Улмаар Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулиар хэвлэн нийтлэх эрх баталгаажиж байжээ. Энэ талаар сэтгүүлч, ажиглагч Д.Цэрэнжав “Манай улсын хувьд түүхэндээ нэг л удаа хэвлэл мэдээллийн эрх чөлөөтэй улс хэмээн нэрлэгдэж байсан.
Тэр нь Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн дараа буюу 1999 онд юм. Түүнээс бусад үед хэвлэл мэдээллийн хагас чөлөөт орон хэмээн нэрлэгддэг” гэлээ. Хууль зүй, дотоод хэргийн яамнаас өнгөрсөн долоо хоногт Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан юм. Энэхүү нэмэлт өөрчлөлт нь хэвлэл мэдээллийн салбарт, иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхэнд халтай асуудал хэмээн үзэж байгаа. Хуульд заасанчлан бусдыг доромжилбол 450 мянгаас 1.3 сая төгрөгөөр торгох тухай заалтыг оруулсан байна. Энэ бол ганц удаагийн зүйл биш ажээ. Тодруулбал, хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд саад учруулсан хэд хэдэн хуулийг өнгөрсөн хугацаанд баталсан байна.
Төрийн нууцын тухай хуулийг 1995 онд батлахдаа төрийн нууцыг хэт өргөн хүрээнд тодорхойлж, төрийн байгууллагаас мэдээлэл авах иргэний эрхэд саад учруулж байв. Төрийн болон албаны нууцын тухай хуулийг 2016 онд баталснаар төрийн байгууллагад хамаарах “албаны” хэмээх шинэ нууц мэдээллийн ангилал нэмэгдэв. Ингэснээр 2017-2019 оны хооронд улсын нууцын зэрэглэлтэй мэдээлэл 500 орчмоо нэмэгджээ. Түүнээс гадна гүтгэлэг, доромжлолыг зохицуулсан хуулийг Эрүүгийн хуулиас хассан ч 2020 оны нэгдүгээр сард хууль сахиулагчид ухарсан шийдвэр гаргасан юм. Улмаар доромжлох зүйл заалтыг Эрүүгийн хуульд дахин оруулахаар холбогдох яам ажиллаж байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
Сайн байна уу Хатагтай ноён\nТанд зээл хэрэгтэй юу гэвэл jeanpaulrusell@gmail.com хаягаар бидэнтэй холбоо барина уу\nWhatsApp: 0033 7 55 40 49 85