Хүний амьдрал богино ч туулж гэтлэхэд амаргүй урт. Тэр тусмаа насны хярд гарч, нийгмийн идэвхтэй амьдралаас тасрахын цагт хорвоогийн эрх даган, нэг л өдөр гэрийн мухар сахих, энэ биенээс гадна сэтгэл санаа ганцаардлын орчинд өөрийгөө тушаадаг нь нуух зүйл биш. Энэ л туулж барах, барахгүйн завсарт байхад эрүүл мэндээс эхлээд сэтгэл санаа ч өтөлж насждаг нь шинжлэх ухаанаар батлагдсан зүйл.
Өнөөдөр нийгэм, эдийн засгийн таагүй байдал үргэлжилж байгаа ч сайн сайхны төлөө зүтгэж байгаа хүмүүст орон зай байдгийг өндөр настан, ахмадуудын эрх ашгийг хамгаалах “Насны хишиг” холбооныхон харуулж байна. Тодотговол, “Насны хишиг” холбоо, ахмад өндөр настнуудын өдөр өнжүүлэх төв нь Баянзүрх дүүргийн XVI хороололд байрлах бөгөөд Хэнтий, Булган, Төв аймгийн зарим сум болон Улаанбаатар хотын дүүргүүдэд салбараа нээн ажиллуулж, өдгөө 1000 гаруй өндөр настан нэгэн туурга дунд өдрийг ая тухтай, зугаатай өнгөрүүлж байгаа аж.
Нэрт найрагч Д.Лувсандорж “Сэтгэлд гал байхад зууханд гал олдоно” хэмээн дуун алдсан нь бий. Ёстой л найрагчийн хэлсэнчлэн “Насны хишиг” үндэсний холбооны тэргүүн Н.Мөнхжаргал, холбооны Гүйцэтгэх захирал Г.Нэргүй нар өндөр настан, ахмадуудын төлөө сэтгэлийн галаа өрдөөд дөрвөн оныг үджээ.
Тус холбоог үүсгэн байгуулагч, тэргүүн Н.Мөнхжаргалын хувьд эдийн засагч бөгөөд 2007 онд нэг нүд нь хараагүй болж, ослын улмаас 2017 онд хэвтэрт орж байсан, өөрөө хөгжлийн бэрхшээлтэй ахмад настан. Харин холбооны Гүйцэтгэх захирал Г.Нэргүй нь цагдаагийн албанд гучаад жил зүтгээд тэтгэвэртээ гарсан хүн. Тиймээс холбооны тэргүүн эдийн засагч мэргэжилтэй учраас төсөл төлөвлөгөө, эдийн засгийн тооцоогоо нийлүүлж, Гүйцэтгэх захирал нь хууль эрх зүйн талаас нь дэмжээд явахаар хоёр эрхмийн хувьд мэргэжил болон гар сэтгэл нийлдэг гэдэг нь тэдний үйл ажиллагаа эмх цэгцээс илхэн харагдана. “Насны хишиг” төв нь ая тухтайгаас гадна дутуу зүйл нэгээхэн ч үгүй.
Төрөл бүрийн эмчилгээний аппарат, ном, сонин, тоглоом наадгай, тохилог гал тогоо гээд юу эс мундах билээ. “Зан сайтай айлд хүн бүхэн чуулна” гэдэг дээ. Тус өдөр өнжүүлэх нь ганцаардсан, өвдсөн зовсон, сэтгэл санаа тавгүйдсэн, эрүүл мэндээр доройтсон, орох оронгүй, үр хүүхэдгүй гэх мэт янз бүрийн өндөр настан ахмадууд ирдэг байна. Олон янзын ааш араншин, олон салаа хүсэл мөрөөдөл, шаналан нэгэн дор цуглаж, тэдний ааш аягийг олно гэдэг холбооны Тэргүүн, Гүйцэтгэх захирал, эмч, сувилагч, массажист, үйлчилгээний ажилтнуудын харилцааны асуудал учраас тэд өндөр настнуудаа аль болох ая тухтай байлгахын төлөө хичээн ажилладгаа ярьж байсан.
Тэдний ирээдүйд хийж төлөвлөж байгаа зүйл гэвэл ойрын үед Асрамжийн газартай болох, улмаар холбооныхоо үйл ажиллагааг тэлж, илүү олон өндөр настан ахмадуудад хүрч үйлчлэх учраас ажил үйлс нь өөдрөг байдгийг ч түр зуурхан саатсан хэнд ч тодорхой харагдана. Ингээд насны намар налайсан “Насны хишиг” үндэсний холбооны тэргүүн Н.Мөнхжаргал, Гүйцэтгэх захирал Г.Нэргүй нарын сэтгэгдлийг сонссон юм.
Н.МӨНХЖАРГАЛ: М.ОЮУНЧИМЭГ НАРЫН ГИШҮҮД “ЧАДАХГҮЙ” ГЭЖ ХЭЛЖ БАЙГААД ХАРАМСАЛТАЙ БАЙГАА
Би 2017 онд осолд орж, хэвтэрт байх хугацаандаа ахмадуудын төлөө нэг сайн үйл хийе гэж зориглосон учраас дүрэм, журмаа боловсруулаад 2018 оны нэгдүгээр сарын 26-нд холбоогоо үүсгэн байгуулж байлаа. Дөрвөн жилийн хугацаанд чамгүй их ажил хийсэн. Хөдөө орон нутаг болон Улаанбаатар хотод салбаруудаа нээснээр өнөөдөр 1000 гаруй гишүүнтэй боллоо.
Ахмадуудын хувьд амьдралын түвшин янз бүр байна, ихэнхдээ эрүүл мэнд муудснаас гадна гэр оронгүй, ядарсан ахмадууд олон ирдэг. Одоо өдөр өнжүүлэх төвөөс гадна 78 хүний багтаамжтай Асрамжийн газар байгуулахаар ажиллаж байна. Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг, Энгэр шандад газрын асуудлыг 2021 онд шийдвэрлэсэн. Одоогийн байдлаар тус газартаа хашаа татаж, зураг төслөө гаргачихсан. Бид газрынхаа гэрчилгээг авчихвал хамтарч ажиллая, хөрөнгө оруулалт хийе гэсэн хүмүүс байна. Тиймээс Ерөнхий сайдаас эхлээд олон хүнд хандсан, тэд туслана гэсэн дагуу хотын Засаг дарга Д.Сумъяабазарт албан тоот өгсөн, газрын гэрчилгээ тун удахгүй гарна. Өнөөдрийн байдлаар Асрамжийн газар байгуулагдахаар очно гээд 30 гаруй өндөр настан хүсэлтээ өгчихсөн байна.
Бидний хүсэж байгаагаар бол сэтгэл санаа амар амгалан, амраг садан болж, үлдсэн насаа туулах л явдал. Энэ үйлсэд хүн бүр л оролцож байна, дурдаж хэлэхэд залуу дуучин СТА Б.Нямзагд, Б.Хандмаа нар гурав дахь тоглолтынхоо орлогоос 20 хувийг өгч байгаад ихэд баярлаж байгаа. Бидний хувьд бас энэ сайн үйлсийг хараад яаж зүгээр суухав гээд билет борлуулах ажилд нь тусалж байна. УИХ-ын гишүүд, төр захиргааны ажилтнуудад 10, 10 билет, албан тооттой өгч, хандив өгөөч гэж гуйсан. Зарим гишүүд маань сайн сайхны төлөө үйл бүтээхээр явж байхад цэвдэг сэтгэлээр хандаж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг нарын цөөн гишүүд “чадахгүй” гэж хэлж байгаад харамсалтай байгаа, ахмадуудынхаа өмнөөс харамсалтай байна. Уг нь бид тоглолтын аравхан ширхэг билет худалдаж аваад энэ гэгээн үйлсэд зориулаач ээ л гэж гуйсан, өөр юу ч байхгүй. Санхүүжилтийн хувьд ахмадууд бид сэтгэл зүрхээрээ л явж байна, хаанаас ч ямар нэг санхүүжилт байхгүй. Өндөр настнуудаа амралт сувилалд явуулж, аялуулах, спорт арга хэмжээнд хамруулах гээд бүх зүйлийг зохицуулж ирсэн. Манай өдөр өнжүүлэхэд бүх төрлийн аппаратууд байна, ахмадууд маань түүндээ орно, массаж хийлгэнэ, эрүүл мэнддээ анхаарч гимнастик хийнэ, шатар даамнаас эхлээд тоглож, ном сонин унших гээд өдрийг үр дүнтэй өнгөрүүлдэг. Тиймээс бидний ажлыг дүүргээс дэмжиж, тендерт орохоор бичиг баримтаа өгсөн. НХХЯ ч дэмжиж байна. Ахмадуудаа аль болох тайван, сэтгэл хангалуун байлгахад л зорьж явна. “Санаа зөв бол заяа зөв” гэдэг шиг зорьж явна. Бидний ажлыг дэмжиж яваа олон хүмүүст ахмадуудынхаа өмнөөс талархаж яваагаа дуулгая. Манай дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга гэхэд ийм сайхан зүйл хийж байхад дэмжилгүй яахав гээд 3000 билет борлуулж өгч байна.
Г.НЭРГҮЙ: АХМАД, ӨНДӨР НАСТНУУДЫНХАА ТӨЛӨӨ ЗҮТГЭЖ ЯВААДАА БАЯРТАЙ БАЙНА
Би цагдаагийн байгууллагад гучаад жил ажиллаж, 2011 онд тэтгэвэрт гарсан. Үүнээс хойш авто замын салбарт ч ажиллалаа, сүүлдээ Н.Мөнхжаргал ахтай хамтарч, өндөр настан ахмадуудынхаа сайн сайхны төлөө ажиллаж байна. Цаг үе маань их хүнд байгаа учраас оюун санааны хувьд гэгээн байх ёстой. Тэгэхээр аль болох сайн сайхны төлөө хандуулж, гэгээн бүхэнд хөтлөхийг хичээдэг. Архи уух гээд байдаг хүмүүс ч байна, энэ бүгдийг аль болох сайхан үйлдлээр, сайхан бодлоор залахыг хичээхээр зүгээр болчихдог. Ахмад өндөр настан хүмүүс ч гэлээ алдаж оносон зүйл байлгүй яахав, хүн л биз дээ.
Тэр бүгдийг л засаж залруулах гэж явдаг даа. Хүн хайр халамж, харилцаа гурав дээр л оршин тогтнодог. Тухайн өндөр настан юунд сонирхолтой байна, эрүүл мэндэд нь юу сөрөг нөлөөлдөг юм, ямар зүйлд илүү анхаарч байна, ойртуулж болохгүй зүйл юу байна гэх зэргээр тус бүрийнх нь онцлогт тохирсон харилцаа бий болгож хайрлаж халамжилна, ингэхдээ харилцаандаа ихэд анхаарах хэрэгтэй.
Бидний хувьд сургалт зохион байгуулахаас эхлээд өөрсдийнхөө чадах хэрээр л ажиллаж байна. Дуу хөгжим, өөрсдөөр нь дуулуулах, гимнастик хийлгэх, бариачаар бариа засал хийлгэх, даралт, зүрхний хэмнэлээ хянуулахаас эхлээд бүх талын үйлчилгээ үзүүлдэг эмч сувилагч байна. Өглөө ороод ирэхээр нь түүх домог ярьж өгч байна, ингэхээр гэртээ ганцаараа уйдаж суудаг настнуудын сэтгэл сэргээд ирдэг. Гал тогоо руугаа ороод цайгаа уучихна. Ном сонингоо уншина, дундаа нөхөрлөх зэргээр өдрийг өнгөрүүлээд гарахаар тэдний сэтгэл санаа илтэд сэргэж, бие хаа нь улам хөнгөрдөг юм байна.
Ёстой л нас бол тоо гэдэг л болно. Одоогийн байдлаар төрийн үйлчилгээ, ахмад настан гээд хоёр төрлөөр Баянзүрх дүүрэгтээ тендерт оролцож байна. Ингэхээр Баянзүрх дүүргийн Халамж үйлчилгээний газарт өгсөн. Тендер бол амжилттай сайхан болно, нөгөө талаар энэ олон ахмадыг зөв чигт нь зүглүүллээ. Монгол хүний тооны ухаанд учир байна. Есөн нас хүрээд хүн гэж үзэж байна, 90 нас хүрэхээр тэр хүний наслах ёстой насанд хүрчээ гэж үздэг, 60, 70 гээд нас болжээ гэж болохгүй, буян хишгээ хурааж, 90 насыг дүүргэх ёстой. Тэгээд 13-49 нас хүртэл өөрдсийнхөө үйлиЙг үүрнэ, үр хүүхэд чинь 13 нас хүртэл эцэг эхийнхээ үйлийн үрээр амьдарч байгаа юм. Энэ бол заавал үлдээх ёстой сургааль. Ямартай ч ахмад, өндөр настнуудынхаа төлөө зүтгэж яваадаа баяртай байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 2 )
ЗӨВ ШҮҮ. ДЭМЖИЖ БАЙНА.
Nastan buurluuddaa zoriulsan buyantai saixan ajil uils xiij ayvaa xumuus baina Ednii xereg zoroig butnee