Канадын уугуул иргэд Их Британийн хатан хаанаас уучлал гуйхыг шаардана

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 17

Канадын уугуул иргэд Их Британийн хатан хаан II Элизабетаас Канадын нутаг дэвсгэрт уугуул иргэдийн хүүхдүүдэд зориулж тусгай сургуулиуд байгуулж, эдгээр сургуульд сурагчид өвчин болон харгис хандлагын улмаас олон тооны хүүхэд амиа алдсаны төлөө уучлал гуйхыг шаардахаар болжээ.

СВС телевизийн мэдээлснээр, Канадын эрлийз иргэдийн холбооны тэргүүн Кэссиди Кэрон эл шаардлагыг Канадад энэ сарын 17-19-нд айлчлал хийх хунтайж Чарльзд гардуулахаар төлөвлөж байна.

2021 онд мөн ийм шаардлагын дагуу Ромын Пап лам Фрэнсис Канадын уугуул иргэдээс уучлал гуйж байв. Учир нь эдгээр сургуулиудыг Ромын католик сүмээс удирддаг байжээ.

2021 оны тавдугаар сарын сүүлээр Канад дахь уугуул иргэдийн хүүхдүүдэд зориулсан хуучин гурван сургуулийн бүсэд нэр нь үл мэдэгдэх хүүхдүүдийн мянга гаруй булш олдсон билээ. 1876 онд Канадад уугуул индианчуудын тухай хууль батлагдаж, уугуул иргэдийн газар нутгийг холбооны засгийн газрын хэрэгцээнд зориулж хураан авч байжээ. 1884 онд тус хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр уугуул иргэдийн хүүхдүүдэд зориулсан тусгай сургууль байгуулахаар болжээ. Уугуул иргэдийн хүүхдүүдийг нийгэмшүүлэх зорилгоор эдгээр сургуулиудад хүчээр сургадаг байжээ. Нийт 150 мянган хүүхэд суралцсанаас 3.2 мянга гаруй нь зодуур болон өвчний улмаас амиа алдсан байна.

Албан ёсоор Их Британийн хатан хаан нь Канадын төрийн тэргүүн юм.

Канадын уугуул иргэд хатан хааны хөшөөг буулгав

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top