Японы Ибараки мужид орших “Токай-2” атомын цахилгаан станцад өчигдөр гал гарсан талаар “ШГК” агентлаг мэдээллээ. Түймрийн үеэр азаар цацраг идэвхт бодис агаарт цацагдаагүй байна. Урьдчилсан мэдээгээр гал хаягдал боловсруулах объектэд гарсан бөгөөд тухайн үед станцын ажилчид цацрагт идэвхт бодисын хаягдлыг хайлуулах зууханд хийх гэж байсан аж. Гэсэн ч галыг нэн даруй унтраажээ. Галын улмаас гэмтэж бэртсэн хүмүүс бий эсэх талаар мэдээлээгүй байна. Дашрамд дурдахад, нийслэл Токиогоос 120 км-ийн зайд орших “Токай-2” нь энэ оны гуравдугаар сарын 11-ний газар хөдлөлтөд өртсөн станцуудын нэг юм. Байгалийн гамшгийн улмаас тус станцын хөргөх систем ажиллагаагүй болж, автоматаар зогссон билээ. “Токай-2” станцад гал гарахаас өмнө Японы Эдийн засаг, худалдаа, үйлдвэрлэлийн сайд Банри Каиеда тус улсын бүх атомын цахилгаан станцад стресс тест явуулж, станцын тогтвортой, найдвартай байдлыг шалгана гэж мэдээлж байсан юм.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )