Олон улсын олимпийн хорооны 123 дахь удаагийн чуулга уулзалт Өмнөд Африкийн Дурбан хотноо зохион байгуулагдсан. Энэ үеэр Ерөнхийлөгч Жак Рогги өвлийн олимпийн наадмын хөтөлбөрт гурван шинэ спортын төрөл нэмэгдсэнийг дуулгасан бөгөөд 2014 оны ОХУ-ын Сочид болох наадмын хөтөлбөрт оруулахаар болсноо албан ёсоор мэдэгдсэн.Үүнээс гадна 123 дахь удаагийн ОУОХ-ны хурлаар дараагийн цагаан олимпийн наадмыг зохион байгуулах улсыг тодруулсан байна. Энэ эрхийн төлөө Өмнөд Солонгосын Пёнчан, Германы Мюнхен, Францын Анси хотууд өрсөлджээ. Тэгвэл олон улсын олимпийн хорооноос 2018 оны өвлийн олимпийг зохион байгуулах эрхийг Өмнөд Солонгосын Пёнчан хотод олгосон байна. Сөүл хот 1988 онд зуны олимпийн наадмыг зохион байгуулж байсан туршлагатай ч тус улсын түүхэнд өвлийн олимпийг хүлээн авсан тохиолдол байгаагүй. Харин Өмнөд Солонгосын хамт олимпийн эрхийн төлөө өрсөлдсөн Францын тухайд өмнө нь гурван удаа өвлийн олимпийг зохион байгуулж байжээ. Өвлийн спортын их наадам төлөвлөгөө ёсоор 2018 оны хоёрдугаар сарын 9-нд эхэлнэ. Олимпийн тэмцээн, уралдаанууд нийт 13 цэнгэлдэх, талбайд болохоос зургааг нь ирэх долоон жилийн хугацаанд барьж, байгуулах ажээ.
Эх сурвалж: Улс төрийн тойм сонин
Сэтгэгдэл ( 0 )