Мэдээллийн News International company агентлагийн мэдээлснийг үзвэл, тус агентлагийн удирдлага Их Британийн "News of the World” сониныг хаах шийдвэр гаргажээ. Энэ нь тус сонины ажилтнууд телефон утасны яриаг нууцаар чагнаж байсан гэх дуулианд холбогдсон явдлаас үүдэлтэй юм. Тэдний нууц ажиллагааны золиос нь жирийн иргэдээс эхлээд дэлхийд нэр алдартай хүмүүс болжээ. Сониныг хаах тухай мэдэгдлийг "News of the World”-ын Европ дахь салбарын эрхлэгч Жон Мердок пүрэв гарагт хийсэн байна. Түүний ярьснаар 168 жилийн түүхтэй тус сонины сүүлчийн дугаар ирэх ням гарагт гарах ажээ. Уг дугаарыг борлуулснаас олох орлогыг буяны үйлсэд хандивлахаар шийдвэрлэсэн байна. “Сурталчилгаанд зориулсан бүх нүүрүүдэд буяны байгууллагуудын зар сурталчилгааг үнэгүй байрлуулснаар тэд өөрсдийн үйл ажиллагааг олон сая хүнд таниулах боломжтой болно” гэж Жеймс Мердок хэлжээ. Уг сонин нь хэвлэлийн магнат гэгддэг Руперт Мердокийн эзэмшилд байдаг концернийн мэдлийнх ажээ. Сонины ажилтнууд цагдаагийнханд хахууль өгч, эрүүгийн хэрэгт сэжиглэгдэн мөрдөгдөж байгаа хүмүүсийн талаарх мэдээллийг авсан байж болохыг мөрдөн байцаагчид үгүйсгэхгүй байна. Түүнчлэн аллагад өртсөн хүмүүс амьд ахуйдаа гэр бүлийнхэнтэйгээ ярьж байсан утасны яриаг ч бас чагнасан байж магадгүй гэнэ. Тухайлбал, 2005 онд Лондонгийн метронд болсон цуврал дэлбэрэлтийн үеэр амь үрэгдсэн хүмүүсийн төрөл садныхны яриаг нууцаар сонсож байсан тухай дуулиан нь олон нийтийн жигшил дургүйцлийг маш ихээр төрүүлсэн байна. "Ньюс Интернэйшнл" хэвлэлийн газар нь Руперт Мердокийн хүү Жеймс Мердокийн мэдэлд байдаг бөгөөд “Таймс", "Санди таймс", "Сан", "Ньюс оф Уорлд" зэрэг сонинуудыг эрхлэн гаргадаг юм. Эдгээр сонинуудын нэг дугаар нь 3 сая хувиар хэвлэгддэг ажээ. Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон парламентад үг хэлэхдээ, энэ хэргийг шалгахын тулд "хараат бус, тусгай" мөрдөн байцаалтыг явуулахыг уриалжээ.
Хэдэн жилийн өмнөөс тус сониныг дээрх хэрэгт сэрдэж эхэлсэн байна. 2007 онд тус сонины нэгэн сурвалжлагч хувийн мөрдөгчтэй хамтран Хатан хааны ордны захиргаанд ажилладаг зарим хүмүүсийн гар утасны мессежийг нууцаар уншиж байсан нь илэрч хорих ялаар шийтгүүлсэн байна. Түүнээс гадна улс төрчид, шоу бизнесийн оддын телефон утасны яриаг чагнаж байсан гэж тус сониныг буруутгадаг ажээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )