Армен, Азербайжаны хил дээр нөхцөл байдал хурцадсантай холбогдуулан Армен ОХУ, Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага болон НҮБ-д хандан, тусламж хүсэхээр болжээ.
Өнгөрсөн шөнө тус хоёр улсын хил дээр зэвсэгт мөргөлдөөн гарсантай холбогдуулан Армены Аюулгүй байдлын зөвлөл шуурхай хуралдаж, ийм шийдвэр гаргажээ. Армены талын мэдээллээр, өнгөрсөн шөнө Азербайжаны цэргүүд их буу, дроны тусламжтай Армены газар нутагт халдлага үйлдэж, байрлалаа урагшлуулжээ. Үүний улмаас Армены хилийн цэргүүд амиа алдаж, шархадсан ба тэдний тоог гаргаж байна гэв.
Азербайжаны талын мэдэгдсэнээр, Армены цэргүүд Азербайжаны цэргийн байршил руу гал нээж, зэвсэгт мөргөлдөөн гарчээ. Тус улсын Батлан хамгаалах яам цэргүүд амь үрэгдсэн тухай мэдээлсэн байна. Нөхцөл байдалтай холбогдуулан Армены Ерөнхий сайд Никол Пашинян ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой утсаар ярьжээ.
Үүнтэй холбогдуулан АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен талуудад хандан галаа зогсоож, сөргөлдөөнийг зэвсгийн аргаар шийдвэрлэх тухай асуудал байх ёсгүй гэж мэдэгджээ. Мэдэгдэлд, АНУ Армян, Азербайжаны хилийн дагуу халдлага үйлдэж, Армены нутаг дэвсгэр дэх суурин газрууд, иргэний дэд бүтцэд цохилт өгсөн мэдээлэлд гүнээ эмзэглэж байна гэж онцолжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Нөгөө.олон.дайн.эсэргүүцэгчид.хайчсан.бэ