ОХУ Уулын Карабах руу энхийг сахиулагчдаа илгээнэ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 10

 

Арменд даваа гарагаас мягмар гарагт шилжих шөнө Уулын Карабахад гал зогсоох тухай мэдэгдэлд гарын үсэг зурсныг эсэргүүцэж олон зуун ереванчууд жагсаал хийв. Жагсаалын үеэр Армены парламентын дарга Арарат Мирзоян жагсагчдад зодуулсан хэрэг гарлаа гэж Sputnik Армения мэдээлжээ. Мирзояны хамгаалалтын албаныхан болон жагсагчдын хооронд мөргөлдөөн гарчээ. Тухайн үед спикер машиндаа сууж байсан ч машинаас бүгдийг нь чирч гаргасан байна. Энэ үеэр улстөрчийн биед халдан хэд хэдэн удаа цохисон хэрэг гарчээ.

Жагсагчид Армены парламентын болон засгийн газрын ордонд нэвтэрч, ойр орчмын бүх гудамжийг хаажээ.

Энэ сарын 9-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Азербайжаны Ерөнхийлөгч Илхам Алиев, Армены Ерөнхий сайд Никол Пашинян нар Уулын Карабахад цэргийн ажиллагааг бүрэн зогсоох тухай хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зуржээ. Хамтарсан мэдэгдэлд ёсоор сөргөлдөгч талууд эзэлсэн байрлалдаа үлдэх бөгөөд бүс нутагт Оросын энхийг сахиулагчдыг байрлуулах тохиролцоонд хүрчээ. Талууд мөн олзлогсод болон амь үрэгдсэн цэргүүдийн цогцсыг солилцох үүрэг хүлээсэн байна.

ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээллээр, Уулын Карабахад 1970 энхийг сахиулагч, 90 хуягт тээвэрлэгч, 380 бусад цэргийн техникийг байрлуулах аж.

Азербайжаны тэргүүн Ильхам Алиев энэхүү хэлэлцээр нь Армен бууж өгсөн хэрэг гэсэн бол Армены Ерөнхий сайд Никол Пашинян ялагдал биш гэж мэдэгджээ. Энэхүү шийдвэрийг эсэргүүцсэн жагсагчид Пашиняныг огцрохыг шаардаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top