Азербайжан, Армены гадаад хэргийн сайд нарын уулзалт Женев хотноо болжээ. Уулзалтыг 2022 оны наймдугаар сарын 31-нд Брюссель хотноо болсон Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев, Армены Ерөнхий сайд Никол Пашинян нарын уулзалтын мөрөөр гадаад хэргийн сайд нарт энхийн хэлэлцээрийн төслийг бэлтгэх үүрэг болгосны дагуу зохион байгуулжээ.
Уулзалтын үеэр Азербайжаны Гадаад хэргийн сайд Жейхун Байрамов мөргөлдөөний дараах үед хоёр талын улс хоорондын харилцааг зохицуулах, энхийн гэрээ байгуулахад гол анхаарлаа хандуулахыг онцолжээ. Тэрбээр гэрээнд тусгахаар Азербайжаны дэвшүүлсэн гол зарчмуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн байна.
Тэрбээр Азербайжан, Армен, ОХУ-ын удирдагчдын гарын үсэг зурсан гурван талт мэдэгдлийн дагуу Армен цэргээ Азербайжаны нутаг дэвсгэрээс бүрэн гаргах, урьдчилсан тохиролцсоны дагуу тээвэр болон харилцаа холбооны шугамыг ойрын үед нээх шаардлагатайг онцолжээ. Хүмүүнлэгийн асуудлын хувьд Байрмов ор сураггүй алга болсон Азербайжаны дөрвөн мянга орчим иргэний хувь заяаг тодруулах, Азербайжаны нутаг дэвсгэрт мина байрлуулахгүй байхын чухлыг сануулав.
Армены Гадаад хэргийн сайд Арарат Мирзоян Азербайжаны цэргүүд даруй Армены нутаг дэвсгэрээс гарах шаардлагатайг онцолж, Армены олзны цэргүүдийг буцаах, гал зогсоох дэглэмийг баримтлахыг уриалсан байна.
Сэтгэгдэл ( 0 )