Армен, Азербайжаны Гадаад хэргийн сайд Зограб Мнацаканян, Жейхун Байрамов нар АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Стивен Бигантай уулзалт хийсний дүнд Уулын Карабахад хүмүүнлэгийн зорилгоор гал зогсоох тохиролцоонд дахин хүрчээ.
Хамтарсан мэдэгдлийн дагуу гал зогсоох дэглэм өнөөдөр /2020.10.26/ орон нутгийн цагаар 08.00 /УБ цаг 12.00/ цагт хүчин төгөлдөр болох юм.
Хүлээн зөвшөөрөгдөөгүй Бүгд Найрамдах Уулын Карабах Улсын тэргүүн Араик Арутюнян Степанакерт Карабах дахь эвлэрлийн нөхцөлийг бүрэн биелүүлэхэд бэлэн буйг илэрхийлжээ.
Цагаан ордныг төлөөлж АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Роберт О'Брайен талуудад гал зогсоох тохиролцоонд хүрсэнд баяр хүргэсэн байна.
Уулын Карабахад гал зогсоох анхны оролдлогыг Москва хотноо ОХУ, Армен, Азербайжаны гадаад хэргийн сайд нарын уулзалтаар хийж байв. Тухайн үед талууд энэ сарын 10-нд гал зогсоох дэглэмийг хэрэгжүүлэх тохиролцоонд хүрч байсан ч удалгүй талууд энэхүү дэглэмийг зөрчиж байна гэж бие биенээ буруутгаж эхэлсэн. Хоёр дахь удаа Азербайжан, Армен энэ сарын 18-наас эхлэн гал зогсоох дэглэмийг дахин тогтоохыг оролдсон ч мөн л бүтэлгүйтсэн билээ.
Сэтгэгдэл ( 0 )