Азербайжаныг цэргийн ажиллагаа явуулсны дүнд Уулын Карабахыг хяналтдаа авснаас хойш олон мянган армен эх нутгаа орхин явж байна. Тэд аюулгүй байдал, эрхийг нь хамгаална гэсэн Азербайжаны эрх баригчдын амлалтад үл итгэнэ.
Гучин таван жил үргэлжилсэн сөргөлдөөний дараа тэднийг ятгахад амаргүй гэж мөргөлдөөн судлаач, Кавказын реинтеграцийн сүүлчийн сайд Паата Закареишвили үзэж байна. Гүржийн иргэний нийгмийн идэвхтэй зүтгэлтэн тэрбээр Гүрж, Абхазын мөргөлдөөний үеэр цэргийн олзлогсдын эрэн хайх, солилцох ажлыг хийж байжээ. Түүний ВВС агентлагт өгсөн ярилцлагыг хүргэж байна.
ВВС: Азербайжаны Евлах хотноо Уулын Карабахын мөргөлдөөнийг зохицуулах асуудлаар анхны хэлэлцээ болсон. Гэхдээ өмнө урт, удаан зам хүлээж байна. Ямартаа ч анхны алхмыг хийсэн. Карабах дахь армен, азербайжануудыг ямар хүндрэлүүд хүлээж байгаа вэ?
Паата Закареишвили: Азербайжан ямар статус сонгох нь хамгийн хүнд байх. Нэгтгэх эсвэл Карабахын арменуудыг шахан гаргах уу гэдгээ тодорхойлох учиртай. Энэ бол чухал асуудал ба зургаан сарын дараа бид үүний хариултыг олж мэднэ.
ВВС: Та интеграцийг хэрхэн харж байна?
Паата Закареишвили: Хэрэв Азербайжан нэгтгэх стратегийг сонгож байгаа бол тус улс армен гаралтай иргэдийг Азербайжаны газар нутаг дээр үлдээхийг үнэхээр хүсэж буйгаа дэлхий дахинд батлах хэрэгтэй.
Нөхцөл байдал хүнд гэдгийг хүлээн зөвшөөрөх учиртай. Маш их цус асгарч, хоёр ард түмний хоорондын итгэлцэл маш бага үлдсэн. Тиймээс Азербайжаны тал ямар нэгэн зүйл шаардалгүйгээр, арменуудад иргэншлээ сонгоход нь 5-10 жилийн хугацаа олгох, аюулгүй байдлын баталгаа олгох, хэрэв Азербайжаны иргэншлийг сонговол тодорхой хөнгөлөлт үзүүлэх, армен хэл, сүм болон бусад үнэт зүйлсийг нь хамгаалах, Арменд чөлөөтэй нэвтрэх Лачины шалган нэвтрүүлэх товчоог нээлтэй байлгах зэрэг баталгааг олгох учиртай. Түүнчлэн, Азербайжаныг сонгосон арменуудад их, дээд сургуульд элсэх, эдийн засгийн үйл ажиллагаа явуулах, банкны үйлчилгээ авах, гадаадад аялах, улс төрийн эрх эдлэх, Баку болон бусад хот, бүс нутагт ажил эрхлэхэд давуу байдал олгох ёстой.
Миний бодлоор залуу арменуудыг ойрын таван жилдээ ч юм уу цэрэгт татах хэрэггүй. Тэд шинэ амьдралд дасан зохицох шаардлагатайгаас гадна армид тэднийг ялгаварлан гадуурхахаас сэргийлнэ.
Ямар ч газар ямар ч хэлбэрээр буллинг байна. Энгийн иргэдийн түвшинд үүнийг бүрэн устгах боломжтой. Хамгийн гол нь арми болон бусад салбар дахь ялгаварлан гадуурхалтын эсрэг хариу ямар байх бол?
Би хэлж байгаа зүйлдээ тийм ч их итгэхгүй байгаа ч Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиевт онцгой боломж бий. Түүнд армен, азербайжануудын хооронд олон зууны турш үргэлжилсэн үл ойлголцлыг төгсгөх ёстой гэж хэлэх боломж бий. Энэ асуудал шийдэгдэж, Армен, Азербайжаны сөргөлдөөний түүхийг архив руу илгээгээсэй. Энэ сөргөлдөөн бидний түүхэн дэх хар дарсан зүүд л болж үлдээсэй. Энэ бол түүхэн боломж. Ийм боломж өөр хэнд ч олдохгүй. Энэ штангийг эсвэл тэр л өргөнө эсвэл ойрын үед хэн ч өргөхгүй. Тиймээс энэ тал дээр нухацтай мэдэгдлүүд хийх хэрэгтэй. Одоогоор энэ чиглэлд алхам хийх гэж байгааг илтгэсэн дохио харагдахгүй л байна. Хэрвээ би буруу бодож байгаа бол маш их баярлах болно.
ВВС: Сөргөлдөөн бол хоёр урсгалтай зам гэдэг нь ойлгомжтой. Арменуудын зүгээс ч гэсэн ямар нэгэн алхам хийх ёстой. Тэдэнд ч хүнд байгаа. Тэдэнд хохирсон, ялагдсан зэрэг мэдрэмж үлдсэн. Карабахын армен болон Армены арменуудад нөхцөл байдлыг даван туулж, Азербайжантай үг хэлээ олохын тулд ямар алхам хийх ёстой гэж та үзэж байна вэ?
Паата Закареишвили: Би дахин хэлье. Эхний алхмыг Азербайжан хийх ёстой байх. Учир нь энэ нь Азербайжаны газар нутгийн бүрэн бүтэн байдал, үндэснийх нь тусгаар байдлын тухай асуудал.
Хоёр дахь алхмыг Азербайжаны нутагт үлдэхийг хүссэн арменууд заавал хийх ёстой. Тэд ирээдүйнхээ төлөө айдастай байгаа. Гэхдээ тэд энэ айдас үндэслэлгүй байгаасай гэсэн найдвар тээж байгаа. Тиймээс Армены болон Азербайжаны арменууд санал бодлоо чөлөөтэй солилцох хэрэгтэй.
Би үүнийг гүрж, кавказ хүний хувьд хэлж байна. Бид ч гэсэн ийм зүйлийг туулж гарсан.
Хоёрт. Армен өөрийгөө улс төрийн субъект гэдгээ ухамсарлах ёстой. Учир нь Армен нь өнөөг хүртэл Оросын улс төрийн объект байсан. Хаана Орос байна, тэнд асуудал үргэлж байдаг гэж би боддог. Тэнд ард түмнүүдэд өөрийнхөөрөө амьдрах боломж байдаггүй. Тиймээс Армен Оросын улс төрийн объект нь байхаа больж, Өмнөд Кавказын улс төрийн субъект болох ёстой. Өөрөөр хэлбэл, Бакутай ч тэр, Анкаратай ч тэр, мэдээж хэрэг Брюссель, Европтой бүхэлд нь харилцах сувгийг эрэлхийлж, олно гэсэн үг. Би Өмнөд Кавказын ирээдүй НАТО, Европын Холбоогоор дамжин гэж үздэг. Энэ чиглэлийн хөдөлгөөнд Арменд тэргүүлэгчдийн нэг болох боломж бий.
ВВС: Сүүлийн 30 жил бид олон улсын хамтын нийгэмлэг, олон улсын зуучлагчид, ЕАБХАБ-ын Минскийн бүлэг, Европын Холбоо, АНУ, ОХУ хамтдаа эсвэл тус тусдаа Азербайжан, Армены сөргөлдөөнийг зохицуулах гэж хичээл зүтгэл гаргасныг харсан. Гэвч бүтээгүй. Бүтсэн ч удаан хугацаанд биш. Азербайжаны өнөөгийн байр сууринаас үзвэл тус улс энэ зуучлалаас залхаж, армены цөөнхтэй хамт бие даан шийдэх чадвартай гэж үзэж байна. Азербайжан Карабахын асуудлыг дотоод хэргээ гэж үзэж байна. Олон улсын хамтын нийгэмлэг, АНУ, Европын Холбоо энэ тал дээр юу хийх боломжтой вэ?
Паата Закареишвили: Үйл явдалд уригдаагүй байх ч хүнд шүү. Ямартаа ч Өмнөд Кавказад өрнөдийг хэн ч хүлээгээгүй. Кавказууд бид олон зуун дамнасан онцгой түүхийнхээ талаар ярих дуртай. Гэхдээ өнөөдөр Өмнөд Кавказад болж буй үйл явдал энэ бүс нутгийн түүхэнд урьд өмнө хэзээ ч тохиож байгаагүй. Юу болсон? Гурван эзэнт гүрэн байсан. Хоёр ислам, Перс болон Османы эзэнт гүрэн, дараа нь үнэн алдартны Оросын эзэнт гүрэн. Дараа нь зөвлөлтийн эзэн гүрэн, улмаар ТУХН гарч ирсэн. Ингээд сүүлийн 600-700 гаруй жилд анх удаа Өмнөд Кавказад гурван улс гурвуулаа үлдсэн. Харамсалтай нь байнга зөв шийдвэр гаргаж чадаагүй. Одоо нэг ч эзэнт гүрэн тэднийг уриагүй л бол өөрийн байр сууриа тулгах эрхгүй. Түүхэнд анх удаа Өмнөд Кавказын гурван улс бүх асуудлаа хоорондоо шийдэх боломжтой болсон.
Асуудал их байгааг ойлгож байна. НАТО, Европын Холбоо зэрэг алс холын институт бий. Энэ түүхэн мөчид Гүрж, Армен, Азербайжан гэсэн гурван улс хариуцлагаа хамт үүрч байна.
Магадгүй Азербайжанд сөргөлдөөнийг төгсгөх анхны боломж гарч иржээ. Харин Армен ямар хариу барих вэ? Орчин цагийн Франц, Германы болон Англи, Францын харилцаа ийм л зовлонгоос төрөн гарсан.
Эл гурван улс үг хэл, үнэт зүйлсээ хэрхэн олохоос шалтгаалж, гаднаас хэнийг урихаа шиднэ. Сүүлийн 100 жилд анх удаа Турк Кавказад эргэн ирж буйг онцлон тэмдэглэх ёстой. Зарим нь энэ таалагдахгүй ч байж болно. Гэхдээ энэ бол бодит байдал. Өмнөд Кавказын жижигхэн өрөөнд нэг л заан байсан. Тэр нь Орос. Харин одоо Турктэй нийлээд хоёр заантай болж байна. Ийм нөхцөлд Өмнөд Кавказын гурван улс хэнийг бүс нутагтаа үлдээхийг шийдэж, хэрхэн ажиллахаа тодорхойлох ёстой.
Гэхдээ бид Европын зүг л явах ёстой. Тэдний нэг бидэнд дээр өөрсдөө ирэхгүй. Тэд Орос биш. Бид өрнөд, Европ, ардчилсан институтийг татах ёстой.
ВВС: Украинд халдан довтолсноос хойш Орос олон улсын улс төрөөс улам бүр тусгаарлагдаж байна. Гэсэн хэдий ч Өмнөд Кавказад нөлөөтэй хэвээр. Оросын энхийг сахиулагчид Карабахт үүрэг гүйцэтгэж байна. Орос улс Карабахын асуудал дээр Армен, Азербайжанд нөлөөлөх чадвартай гэж үзэж байна уу?
Паата Закареишвили: Миний бодлоор өдгөө Карабахын асуудалд дөрвөн тоглогч байна. Нэг тоглогчийн дүрд Азербайжан, Турк хоёр тоглож байна. Азербайжан өөрийнхөө эрх ашгийг хэрэгжүүлж байгаа бол Турк улс аюулгүй байдлын баталгаа олгогчийн дүрээр Азербайжантай хүчээр ярихыг хэнд ч зөвшөөрөхгүй гэдгийг харуулж байна. Гурав дахь тоглогч нь Орос. Энэ тоглогч Өмнөд Кавказад нөлөөгөө авч үлдэхийн тулд холбоотон Арменыг хаяж, ямар ч бохир үйлдэл хийхэд бэлэн. Орост 2025 оны асуудал бий. Тэр үед Оросын энхийг сахиулагчид Карабахт үлдэх эсэхийг шийдэх юм.
Турк Украины цэргийн олзлогсдыг Украинд шилжүүлснээс хоёр сарын дараа Эрдоган 2025 онд Азербайжанд Оросын цэрэг үлдэхгүй гэж мэдэгдэж байсан билээ. Энэ үгэнд анхаарал хандуулсан хүн цөөхөн. Алиев хүртэл энэ талаар ийм тодорхой мэдэгдэл хийж байгаагүй. Турк дор хаяж Азербайжанд Оросын нөлөөг байлгахыг хүсэхгүй байгаа нь тодорхой байна. Арменд ч мөн энэ асуудал хөндөгдөж байгаа нь харагдаж буй. Орос Арменд, Армен Евразийн Эдийн Засгийн Холбоо болон Хамтын Аюулгүй Байдлын Гэрээний Байгууллагад үлдсэн ч Армены нийгэм Орост итгэхээ больсон. Энэ бол маш чухал.
Тиймээс Азербайжаны стратеги юу вэ гэсэн эхний асуултыг эргэн саная. Хэрэв Азербайжан армен иргэдийг нэгтгэх стратегийг баримталж байгаа бол Карабахт Орос хэрэггүй. Тэнд байснаар зөвхөн төвөг л болно. Харин Азербайжанд Карабахаас арменуудыг бүрэн шахаж гаргах байр суурь давамгайлбал бүх бурууг Орост тохож болно. Армены аюулгүй байдалд баталгаа олгогч орон бүтэлгүйтлээ гээд. Тиймээс миний бодлоор бол Орост Кавказын нурууны хойд хэсэгт л орон зай үлдэж байна. Гэхдээ үүний тулд Азербайжан, Армен, Гүрж гурав хүчин чармайлт, байр сууриа нэгтгэх ёстой.
Сэтгэгдэл ( 0 )