Арменаас Уулын Карабах руу 23 мянга гаруй дүрвэгч ОХУ-ын энхийг сахиулагчдын тусламжтайгаар иржээ. Нэг өдрийн дотор 2431 дүрвэгч Армены нутаг дэвсгэрээс Уулын Карабах руу буцаж ирсэн талаар ОХУ-ын хэвлэлүүдэд мэдээлсэн байна.
Энэ сарын 14-нөөс хойш Уулын Карабахын нийт 23 мянга гаруй оршин суугч гэртээ харьжээ. ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр зааглах шугамын дагуу гал зогсоох дэглэм хэрэгжиж, ОХУ-ын энхийг сахиулах хүчин, Олон улсын улаан загалмайн нийгэмлэг хамтран цогцоснуудыг эрж хайх, солилцох ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.
Уулын Карабахт гал зогсоох тухай хэлэлцээрийг Азербайжан, Армен, ОХУ-ын хооронд энэ сарын 9-нд байгуулсан юм. Хэлэлцээрт тусгаснаар Азербайжанд Уулын Карабах болон түүний зэргэлдээх нутаг дэвсгэрийн дийлэнх хэсэг шилжиж, Орос энхийг сахиулагчдаа илгээх бол Армен цэргүүдээ татах аж.
Сэтгэгдэл ( 0 )