ЗАСГИЙН ГАЗАР | Үндэсний зөвлөлийг шинээр баталж, заримыг нь татан буулгалаа

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 09 сарын 23

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны есдүгээр сарын 23-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.



 Зарим комисс, хороо, үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинээр баталж, заримыг нь татан буулгалаа

Засгийн газрын хуралдаанаар Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталж зарим үндэсний зөвлөл, хороог татан буулгалаа. УИХ-аас баталсан хууль тогтоомжийн дагуу зарим салбарын эрх зүйн орчин өөрчлөгдсөн, мөн 2020, 2021, 2022 онд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт орсонтой холбогдуулан дараах өөрчлөлтийг хийж байна.
 
Нэгдүгээрт,
Эдийн засгийн хөгжлийн яам байгуулагдсан тул Тогтвортой хөгжлийн үндэсний хороог, Цахим хөгжил,харилцаа холбооны яам байгуулагдсан тул Цахим хөгжлийн үндэсний хороог, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар байгуулагдсантай холбоотойгоор Усны үндэсний хороог татан буулгав.

Мөн Засгийн газрын бүрэлдэхүүнд Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга ажиллах болсон тул Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хороо, Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах Үндэсний хороо, Боомтын сэргэлтийн үндэсний хороог шинээр байгуулж Олимпизмийг дэлгэрүүлэх, хүний хөгжлийн шалгуур үзүүлэлтийг хангах, амьдралын чанарыг дээшлүүлэх үндэсний хороо, Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хороо, Хилийн боомтын үндэсний зөвлөлийг ажиллуулах шаардлагагүй гэж үзлээ.
 
Хоёрдугаарт, хуулиар тусгайлан заагаагүй, чиг үүргийг тухайн асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцах боломжтой, чиг үүрэг нь бусад зөвлөл, хорооны чиг үүрэгтэй давхцаж байгаа, байнгын бус үйл ажиллагаатай зарим зөвлөл хороог татан буулгалаа. Дээрх хүрээнд нийт 22 хороо, зөвлөлийг татан буулгаж, 6 хороо, зөвлөлийг нэгтгэж, 13 хороо, зөвлөл, комиссыг сайдын эрхлэх асуудалд үлдээлээ.
 
Түүнчлэн Засгийн газрын хуралдаанаар нийт 29 үндэсний хороо, комисс, үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинээр батлахаар боллоо. Ерөнхий сайдын ажлын ачааллыг харгалзан, Ерөнхий сайд тэргүүлэхээр хуульчилснаас бусад үндэсний хороо, комисс, зөвлөлийг тухайн асуудлыг эрхэлсэн сайд, Засгийн газрын гишүүн тэргүүлэхээр болж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Залуучуудын хөгжлийн үндэсний хороо, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөл, Жендерийн үндэсний хороо, Оюуны өмчийн үндэсний зөвлөл, Усны үндэсний зөвлөл, Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөл, Хүүхдийн үндэсний зөвлөлийг тэргүүлж ажиллана.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон зарим харьяа байгууллагууд нь хотын төвөөс нүүнэ

Байгаль орчин, аялал жуулчлалын яамыг иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлдэг зарим харьяа байгууллагуудынх нь хамт хотын төвөөс нүүлгэж Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн IVхороонд байрлах “Байгаль орчны судалгаа шинжилгээний төв” УТҮГ-ын байранд байршуулахаар боллоо. Энэхүү ажил нь “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Төрийн бүтээмжийн сэргэлтийг хэрэгжүүлэх, төрийн байгууллагын үйл ажиллагааг оновчтой, хүртээмжтэй, хүнд сурталгүй болгох, Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд хийгдэж байна. Холбогдох тооцоо, судалгааг хийж, нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-эрдэнэ, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт, холбогдох зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана.

Нээлттэй мэдээллийг ил тод байлгах болон ил тод байдлын шалгуур үзүүлэлт тогтоох, үнэлгээ хийх журмыг баталлаа

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль энэ оны тавдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Тус хуулиар мэдээлэл хариуцагч байгуулага нь уг хуульд заасан 68 төрлийн мэдээллийг байнга, ил тод, нээлттэй байдлаар нийтлэх үүрэг хүлээсэн. Мөн “Нээлттэй мэдээллийг ил тод байлгах болон ил тод байдлын шалгуур үзүүлэлт тогтоох, үнэлгээ хийх журам”-ыг Засгийн газар батална” гэж заасны дагуу журмыг Засгийн газрын хуралдаанаар баталлаа.
Журамд нээлттэй мэдээллийн ил тод байдлыг хүртээмж, хугацаандаа нийтлэгдсэн эсэх, мэдээллийн бүрэн бүтэн байдал, эх сурвалжийн тодорхой байдал зэргээр үнэлэхээр шалгуур үзүүлэлтэд тусгасан бол ямар мэдээллийн хэрэгсэл ашигласан, цаг хугацаандаа, бүрэн мэдээлсэн эсэх зэргээр үнэлэхээр аргачлалд тусгажээ. Тайлангийн тухайд мэдээлэл хариуцагч өөрийн хариуцсан асуудлын хүрээнд хамаарах нээлттэй мэдээллийн ил тод байдлыг журамд зааснаар үнэлж тогтсон хүснэгтийн дагуу гаргана. Үнэлгээний тайланг салбарын сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нэгтгэж, бусад мэдээлэл хариуцагч жил бүрийн хоёрдугаар сарын 1-ний өдрийн дотор Зөвлөлийн ажлын албанд тоон гарын үсгээр баталгаажуулан цахим хэлбэрээр хүргүүлнэ. Зөвлөлийн ажлын алба үнэлгээний нэгдсэн тайланг Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж, мэдээллийн ил тод байдлыг бүрэн хангаагүй мэдээлэл хариуцагчид зөвлөмж хүргүүлэхээр журамд тусгажээ.
 
Эх сурвалж: Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top