100 жилийн өмнө Мачу-Пикчу хотыг олжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 10

Одоогоос яг 100 жилийн өмнө АНУ-ын Йелийн их сургуулийн судлаач Хайрем Бингхэм Перуд аялан явж байхдаа өндөр ууланд сайтар нууцлан байгуулсан эртний инкүүдийн Мачу-Пикчу хотыг олжээ. Уг хотыг "олж илрүүлсний" ойн баярт Перугийн Ерөнхийлөгч Алан Гарсия уригдсан байна. Баярын үйл ажиллагаанд хэдэн мянган зочид оролцож, олон тооны концерт, галын наадам зохион байгуулжээ. Харин НҮБ-ын боловсрол, соёл шинжлэх ухааны байгууллага болох ЮНЕСКО ийм баяр тэмдэглэхийг эрс эсэргүүцэж байсан юм. Тус байгууллагын шинжээчдийн үзэж байгаагаар, Мачу Пикчу хотын нутаг дэвсгэрт тэртээ тэргүй жуулчид олноороо ирдэг учраас иймэрхүү сүртэй баяр наадам хийх шаардлагагүй ажээ. 100 жилийн ойн өдрийн өмнө энэ үйл явдалтай шууд холбогддог Йелийн их сургуулийнхан Мачу-Пикчу хотын нутаг дэвсгэрээс олдсон 350 гаруй археологийн олдворыг Перу улсад буцаан өгч бэлэг барилаа. Тэдгээр олдворуудыг инкүүдийн эзэнт гүрний эртний нийслэл болох Куско хотод тусгайлан байгуулсан "Каса Конча" ордонд байрлуулжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top