Үзлэгт хамрагдаагүй, торгуулиа төлөөгүй машиныг ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦУУЛАХГҮЙ

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 09 сарын 28

Засгийн газар өнөөдөр /2022.09.28/ ээлжитээр хуралдсан. Хуралдаанаар нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах чиглэлээр зарим арга хэмжээг авах шийдвэрийг гаргасан юм. Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах зарим арга хэмжээний талаар Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан сайд нарт дараах үүрэг даалгаврыг өгсөн байна. 


-Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэл, түүний сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг боловсруулах,

-Нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд авто замын зорчих хэсэгт нийтийн тээврийн тусгайлсан эгнээ бий болгох, автобусны богино эргэлтийн чиглэл нэвтрүүлэх санал боловсруулж танилцуулах,

-Нийслэл Улаанбаатар хотын “Их тойруу” бүсэд орон сууцны болон албан конторын зориулалттай барилгын ажлын зөвшөөрлийг “Улаанбаатар хотын 2024” хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлагдаж, дагаж мөрдөх хүртэл хугацаанд олгохгүй байх,

-Авто тээврийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулж, техникийн хяналтын үзлэгт нэг жилээс дээш хугацаанд хамрагдаагүй болон хяналтын үзлэгт тэнцээгүй, торгууль, хураамж, төлбөр төлөөгүй, авто тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй байх,

-Зам, тээврийн удирдлагын ухаалаг системийг бүрдүүлэгч цахим гэрчилгээ олгох ажлыг энэ оны дөрөвдүгээр улиралд багтаан зохион байгуулж, 2023 оны нэгдүгээр сараас дагаж мөрдүүлэх, Цахим гэрчилгээнд хамрагдаагүй автотээврийн хэрэгслийг 2023 оны гуравдугаар сараас автозамын хөдөлгөөнд оролцуулахгүй байх,

-Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталж, хэрэгжилтийг хангуулж ажиллах зэрэг арга хэмжээ авч ажиллахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хотын иргэн(139.5.217.218) 2022 оны 09 сарын 28

Гарчигт байгаа асуудлыг бол зөвшөөрнө шүү.

1  |  0
Top