Бейонси: Хэт биеэ тоосондоо ээждээ алгадуулж байсан

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 10

Орчин цагийн хөгжмийн ертөнцийг тоотой хэдхэн эмэгтэй дуучид өнгөлж яваа.  Тэдний дундаас өөрийн гоо үзэсгэлэн, чадалтай хоолой, ухаалаг аашаараа онцгойрч, дэлхийн сая сая залуусыг байлдан дагуулдаг дуучин бол мэдээж Бейонси Ноувлес. Хамгийн гол нь түүнийг шүтэн бишрэгчид нь ямар гайхалтай хөдөлмөрч эмэгтэй болохыг нь шагшин магтдаг. Тэр саяхан Пийрс Морганы зочноор уригдаж, өөрийн уран бүтээл, бусад чадварлаг уран бүтээлчдийг хэрхэн дүгнэдэг болон Ерөнхийлөгч Барак Обамаг хүндэлж явдаг тухайгаа ярьсан байна. Бас энэ нэвтрүүлгийн дараа ирэх есдүгээр сард гучин нас хүрэх гэж дуучин бүсгүй хүүхэдтэй болох уу гэсэн сэтгүүлчийн асуултад “Би үргэлж гучин насандаа хүүхэд болно гэж ярьдаг байсан. Ирэх жил би амарна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Хүүхэдтэй болох эсэхийг зөвхөн бурхан л мэдэх байхдаа” гэсэн хариулт өгч үзэгчдийн дуу алдуулсан байна.
-Техасын сурагч охиноос урлагийн тэнгэрт домог болон гялалзаж яваа дуучин бүсгүй, бас алдарт реппэр Жэй Зигийн эхнэр хүрэлцэн ирсэн байна. Бейонси надтай хамт түүний дөрөвдэх, шинэ цомог болох “4”-өө олон нийтэд танилцуулна.

-Сайн уу, Бейонси?
-Үнэхээр гайхалтай сайн байна.
-Саяхан “Glastonbury”-гийн тайзан дээр гарч ирсэн чинь үнэхээр дэлхий нийтийг гайхашруулж чадсан шүү. Би тэр шоуг өөрийн биеэр очиж үзсэн ч дараа нь телевизээр гарахад нь дахин шимтэн үзсэн. Жинхэнэ сэтгэл хөдлөлийн дээд мэдрэмж гэж тэр байх. Харин чиний хувьд ямар сэтгэгдэл төрж байсан бэ?
-Та лав итгэхгүй дээ. Би одоо ч үүлэн дээр хөвсөн хэвээр л байна. Одоо ч шоконд орж, сэтгэл хөдөлсөн хэвээр. Би тэр үдэш надад юу тохиолдсон, ямар гайхалтай байсанд итгэж чадахгүй юм. Зураг, бичлэгүүдээ харж байж л бодит байдалтайгаа эвлэрч, өөртөө итгэж эхэлж байгаа шүү. Энэ фестиваль миний хувьд хамгийн гайхалтай баяруудын нэг гэж боддог юм. Хэдэн жилийн өмнө “Glastonbury”-ийн тайзан дээр миний нөхөр анх бид хоёр хосууд гэдгээ зарлаж байсан. Үнэхээр сэтгэл хөдөлгөсөн үдэш байсан. Тэр эхлээд “Oasis” дуугаа дуулсныхаа дараа яг л галзуу юм шиг үсэрч, хашгираад бидний харилцааг үзэгчдэд зарлаж байсан. Би тэр үед “Өө, бурхан минь” гээд л өөрийн эрхгүй дуу алдсан шүү. Гэхдээ би түүгээр тэр үед маш их бахархаж байсан. Харин үүнээс хойш гурван жилийн дараа би энэ фестивалийн нээлтийг хийсэн анхны африк-америк гаралтай эмэгтэй дуучин боллоо.
-Гайхалтай. Энэ үнэхээр онцгой үйл явдал шүү.
-Тийм ээ. Гэхдээ энэ тухай бодоход бага зэрэг айдас төрөөд байдаг юм. Гэхдээ анхны эмэгтэй дуучин нь болсон гэж бодохоор азтай санагддаг шүү. Энэ бол асар олон эмэгтэйг төлөөлж гарч ирсэн үйл явдал. Ихэвчлэн эрчүүд энэ арга хэмжээнд оролцдог байсан шүү дээ. Харин одоо хүн бүр нэгдэж эхэлж байна. Яагаад гэвэл хүн бүр гайхалтай байж чаддаг болж.
-Чамайг телевизээр харахад их том харагддаг. Манай гэрийн телевизийн том дэлгэцийг дүүргээд л гараад ирдэг. Гэтэл одоо дэргэд нь суугаад харсан чинь нэлээн туранхай, жижигхэн юм байна?
-Хүмүүс бас яг ингэж хэлдэг. Тэдний бодож, төсөөлж байдгаас огт өөр, бүр жижигхэн, намхан юм байна гэж хэлдэг юм. Гэхдээ энэ зөвхөн надад ирдэг асуулт биш. Манай “Destiny’s child” хамтлагийн охидыг ч бас тэгж дүгнэдэг.
-Хүмүүс чиний тэр үеийг “Охины хүч” хэмээн тодорхойлж байсан. Харин би ингэж хэлэхийг нэг л таашаахгүй байгаа юм. Би бол “Бүсгүй хүний эрх, чадал” гэж хэлмээр байсан.
-Тийм ээ. Баярлалаа. Би хүчтэй, чадалтай эмэгтэй байна гэдэг миний ажил, үүрэг гэж боддог. Миний санаж байгаагаар манай хамтлаг анх гарч ирж байхдаа бүсгүй хүний мөрөөдлийн илрэл болон гарч ирнэ гэж боддог байлаа. Хэрэв би хөвгүүдийн хамтлагтай байсан бол гишүүддээ “Уучлаарай, залуус аа. Та нар үнэхээр авьяастай юм. Гэхдээ та нар эмэгтэй хүн биш нь харамсалтай” гэж хэлэх байсан. Эрчүүд хиймэл үс зүүгээд тайзан дээр бүсгүйчүүдийн чаддаг зүйлийг хэзээ ч хийж гүйцэхгүй. Гэхдээ одоо би маш ховор авьяастай охидыг олж чадсан. Тэд үнэхээр сайн дуучид. Харин гайхалтай бүжиглэдэг бүжигчин залуус бий шүү.
-Тэд сайн гэж үү?
-Тэгэлгүй яах вэ. Би өөр бусад авьяаслаг, чадвартай залуусаас ихийг сурахыг хичээдэг.
-175 мянган хүний өмнө гарахад чамд ямар мэдрэмж төрсөн бэ?
-Би өмнө нь ч тайзан дээр гарахынхаа өмнө их айдаг байсан. Харин “Glastonbury”-ийн тайзан дээр гарахын өмнө урьд урьдынхаасаа илүү айсан. Бүр хэлэх гэж байсан үгээ ч мартчих шиг санагдаж байсан шүү.
Миний нэг бодол байдаг юм. Бид бүгдээрээ ижил итгэгч. Бүгд өөр өөрийн бурханд залбирдаг. Бид амьсгалаа авч, гаргахдаа хүртэл эерэг энергээр өөрсдийгөө цэнэглэж байдаг. Харин тэр их айдсаа дарахын тулд өөртөө би чадах ёстой. Би бол “Хатагтай”. Би үүний төлөө л хамаг хүчээ дайчлан ажилласан гэж хэлдэг.
-Чиний сая хэлсэн үгнээс “Би бол хатагтай” гэдэг хэсэг надад их таалагдлаа. Чи үүнийг их бахархалтайгаар хэлж байна?
-Тийм ээ би тэгсэн.
-Олонхи од “Би бол хатагтай биш” гэж хэлдэг. Чамтай ижил бардам хэлэхээсээ их ичдэг.
-Би олон гайхалтай “Diva” бүсгүйчүүдтэй уулзаж, тэднээс их зүйл сурч мэддэг. Би Патти ЛаБелле, Тина Турнер зэрэг олон ховор бүсгүйтэй уулзаж байсан. Тэд ямар гайхалтай гээч.

-Тэгвэл чиний бодлоор жинхэнэ “Diva” гэж ямар байх ёстой юм бэ?
-Гоо төгс, авьяастай, хүчтэй, зоригтой, хатуу чанга байхаас гадна мэдээж хүн чанартай байх хэрэгтэй.

-Чиний энэ удаагийн цомог өмнөх бүтээлүүдээс чинь өөр болсон юм шиг санагдсан. Чи шинэ бүтээлээ хийж байхдаа ямар нэгэн зүйл сурсан гэж бодож байна уу?
-Миний хувьд маш их зүйл сурсан гэж бодож байгаа. Миний сурсан зүйлээс хамгийн том нь би тайзан дээр гарахдаа үнэхээр дуртай, би тайзандаа хайртай юм байна гэдгээ ойлгож, мэдсэн явдал юм. Би хөгжимд үнэхээр их хайртай. Бас хийж байгаа зүйлдээ ч дурладаг. Би студид дуулж байхдаа, дуугаа бичиж байхдаа, клипээ хийж байхдаа ямар их аз жаргал мэдэрдгээ ойлгосон. Би өөрийнхөө хийсэн дууг тоолдоггүй. Яагаад гэвэл би зөвхөн үүнийг л хийх гэж төрсөн.

Бас би тэнцвэртэй байхыг сурсан. Өөртөө, хайртай хүмүүстээ тодорхой цаг гаргаж, зориулж байх нь чухал юм гэдгийг ойлгосон. Надад одоо арван зургаан “Грэмми” байна. Гэсэн ч би ямар гайхамшигтай зүйл бүтээх вэ гэдгээ одоо ч бүрэн олж, нээгээгүй байна.Тиймээс цаашид ч илүү ихийг суралцах хэрэгтэй байна.
-Чи гэр бүлдээ, хайртай хүмүүстээ цаг гаргах хэрэгтэйг ойлгосон гэлээ. Бодит, энгийн амьдралдаа хөл тавихад хөгжилтэй байгаа биз дээ?
-Тэгэлгүй яах вэ. Би юм бүхнийг хийсэн. Надад энгийн амьдрал үнэхээр их таалагдсан. Өөрөө жолоогоо бариад, зээ дүүгээ сургуульд нь хүргэж өгөөд, аваад л. Хамтдаа аялаад л, музейгээр зугаалж, баллет үзээд, онгоцоор явж байхдаа танихгүй, энгийн хүмүүстэй сонирхолтой яриа өрнүүлээд л… Энэ бүх зүйл надад үнэхээр сонирхолтой, хөгжилтэй санагдсан.

-Нээрэн үү?
-Тийм ээ. Үнэн.

-Чи онгоцонд хэзээ ч хажуудаа хэн нэгэн танихгүй хүнтэй сууж байгаагүй гэж үү?
-Яг тийм.

-Зургаан настай байхаасаа эхлэн дуулж, бүжиглэж байсныг чинь мэдэхгүй хүн ховор. Бейонси, чи бага байхдаа л од дуучин болно гэж бодож байсан байх?
-Би алдартай болох хүртлээ энэ тухай бодож байгаагүй. Гэхдээ би тайзан дээр байхдаа нэг л тийм дотно, тухтай байдал мэдэрдэг байсан. Харин та намайг ямар их ичимхий охин байсныг, тийм ч их зүйл яриад байдаггүй охин байсан гэвэл итгэхгүй дээ. Зөвхөн том хүмүүстэй байхдаа л арай чөлөөтэй болж эхэлдэг байсан. Миний ээж үсчний салон ажиллуулдаг байлаа. Би бүхэл өдөржин ээжийнхээ салон дээр өнжиж, хүмүүсийн бизнесийн түүх, ажил хэргийнх нь тухай харилцан яриаг сонсохыг хичээдэг байсан. Харин ээж минь намайг бүжгийн дугуйланд оруулсан нь миний амьдралын замыг заасан. Тэгээд л би хүмүүсийн өмнө гарч дуулж, бүжиглэх дуртай болсон.

-Миний бодлоор чиний гэр бүл үнэхээр гайхамшигтай. Танай гэр бүлд тийм ч их мөнгө, хөрөнгө байгаагүй. Гэхдээ чиний аав “Xerox”-ын шилдэг ажилтан байсан гэдгийг би мэднэ. Чиний ээж салоноо амжилттай авч явж чадсан. Гэхдээ тэд хоёулаа чамайг л боддог байсан. Чиний төлөө, чамайг алдартай дуучин болгохын тулд илүү их хөдөлмөрлөдөг байсан…
-Яг зөв. Та үнэхээр сайн мэдэж байна. Тэд үнэхээр төгс эцэг эх. Миний ээж өдөрт 13 цаг ажилладаг байсан. Гэхдээ түүнээс би хэзээ ч гомдол цөхрөлийн үг сонсч байгаагүй. Миний бодлоор, тэр үргэлж хөл хүрэх газраа хүртэл зүтгэнэ гэсэн зарчимтай байсан. Харин миний аав бол гайхалтай чадвартай бизнес эрхлэгч байсан. Тэр бүх зүйл, юм бүхэн болно, бүтнэ гэж ярьдаг байсан. Тиймээс тэр эцсээ хүртэл хөдөлмөрлөнө гэдэг. Бас надад “Үгүй” гэж хэзээ ч байдаггүй юм гэж захидаг. Юу гээч, энэ агуу, том хүч намайг өөрийн эрхгүй урлагт түлхсэн. Намайг амжилтанд хүрэхэд хамгийн том, чухал хүчин зүйл нь миний эцэг эх байсан. Би тэдэндээ маш их хайртай. Одоо надад тэднийхээ аюулгүй байдлыг хангахад анхаарах нь хамгийн чухал.

-Харин одоо ээж нь арван алхмын цаана охиноо хараад сууж байна?
-Тийм ээ. Тэр энд байгаа. Яагаад гэвэл тэр миний хамгийн сайн найз. Бид бүхнийг хамтдаа зөвлөлдөж хийдэг. Хамтдаа ажилладаг. Бид үргэлж хамтдаа байдаг. 

-Миний хэлснээр тэр одоо ч чамайг хамгаалсаар байдаг. Бас тэр чамтай хаана ч хамт явж байдаг байх аа?
-Тийм шүү. Ээжийн минь гоо үзэсгэлэн үүрд мөнх гэдгийг л би баттай хэлж чадна. Жинхэнэ эмэгтэй хүн гэж ямар байх ёстойг би түүнээс л мэдэж байдаг. Бас тэр намайг үргэлж зөв замруу минь чиглүүлж, алдааг минь засч байдаг. Миний ээжийн сайхан чанаруудаас онцлох нь тэр үнэхээр шударга нэгэн. Тийм ч учраас хүн бүртэй шударга, ижил ханддаг. Магадгүй таныг Ерөнхийлөгч байлаа гэхэд миний ээж таныг хүн гэдэг үүднээс нь л харьцана. Харин таны албан тушаалтай харьцахгүй.

-Алдартай дуучин, бие даасан эмэгтэй болох насандаа ээжтэйгээ зөрчилдөх асуудал гаргаж байсан уу?
-Би санадаг юм. Анхныхаа бие даасан дуугаа радиод өгчихөөд эхэн үедээ их л сэтгэл догдолж байсан. Тэр үед би өөрийгөө халуухан бүсгүй болгох гэж хичээж, имижээ бүрдүүлэхийг ч зорьж байв. Харин энэ асуудлаар ээж минь надтай ярилцахыг хүсэхэд би өөдөөс нь дуулж эхэлсэн. Үнэндээ би түүний үгийг сонсохыг хүсээгүй хэрэг л дээ. Тэгэхэд би 15 настай л байсан. Дэлгүүрт бид хамтдаа явж байтал залуус “Oh, Бейонси” гэж дуу алдацгааж байв. Тэгэхэд би өөрийгөө их л халуухан байна даа гэж бодож, баярласан. Ээжийгээ үл тоогоод шүү дээ. Тэгтэл ээж минь алгадаад дэлгүүрээс гарч одсон. (инээв) Тэр үед би яасан гээч. Та намайг алгадчихлаа, алгадчихлаа ш дээ гэж хэлсэн.

-Тийм үү?
-Тийм ээ. Тэгтэл ээж намайг машин руу оруулаад надад чиний ямар дуу дуулж, яаж хувцасладаг чинь хамаагүй. Гэхдээ чи бол миний хүүхэд. Радиогоор ганц дуулсан дуу чинь явлаа гээд чи ээжийгээ хүндлэхгүй байж болохгүй гэж хэлсэн… Үүнийг би хэзээ ч мартдаггүй юм. Энэ үг надад маш том сургууль болж өгсөн.

-Тэгвэл чиний бодлоор ээж чинь охиноороо хамгийн ихээр бахархах сэтгэл төрж байсан тэр мөч гэвэл?
-Миний бодлоор, “At last” дууг Ерөнхийлөгч Барак Обама зориулан дуулж байх тэр мөч байх. Юу гээч, аав минь Алабамагийн Гастонд өссөн. Тэр хүүхэд байхдаа сургуульдаа өдөр бүр харгалзагчтай явдаг байсан юм. Яагаад гэвэл тэр сургуулийнхаа анхны, ганц африк-америк сурагч байсан. Харин ээж минь сургуулийнхаа автобусанд хэзээ ч сууж байгаагүй шүү дээ. Харин одоо ийм нийгэм, нөхцөл байдал өөрөөр эргэсэн. Миний эцэг эх тэрхүү гашуун түүхийг нэг хэсэг нь байсан юм. Одоо миний зээ дүү сургуульдаа ганцаар очиж чадна, автобусаар ч үйлчлүүлж болно. Тиймээс л тэр дууг дуулах мөчид эцэг эх минь бахархах сэтгэл төрсөн байх. Тэд зовлон бэрхшээлийг даваад гарчихсан шүү дээ. 

-Тийм ээ. Далайн давалгаа өөрчлөгдсөн. Барак Обамаг Ерөнхийлөгч болсноос хойш чиний хувьд ямар нэгэн зүйл өөрчлөгдсөн болов уу?
-Яг одоо бол миний сэтгэл маш их хөдөлж байна. Яагаад гэвэл бид илүү хүчтэй, зоригтой, тэвчээртэй байсан учраас. Би тэр дууг дуулах гэж байхдаа өөртөө “Ok” гэж хэлсэн. Энэ зөвхөн чамд хамаатай биш, бүгдэд хамаатай. Чи олон сая хар арьст хүмүүсий төлөө үүнийг хийх ёстой. Чи энэ түүхийг бүтээлцэж, шинэчлэлцэх ёстой гэж өөртөө хэлж байсан юм.

-Харин чи өмнө нь арьс өнгөөр ялгаварлах үзлийн хохирогч болж байсан удаа бий юу?
-Бага зэрэг. Гэхдээ одоо бодоход энэ тийм ч ноцтой асуудал биш. Гэхдээ энэ бол мэдээж миний карьер, амжилтанд хүрэх замыг туулж байх үетэй минь холбоотой. Гэхдээ хүмүүс миний тэр өчүүхэн хэцүү асуудалд анхаарлаа хандуулж, сэтгэлээ битгий зовоогоосой гэж боддог. Яагаад гэвэл дуучин. Хөгжмийн зохиолч. Тиймээс би юу ч өөрчлөгдөж байсан аз жаргалаа гээж болохгүй. Яагаад гэвэл олны нүдэн дээр ил байдаг. Үзэгчдээ хүндлэх хэрэгтэй. Би тэдний өмнө яаж харагдаж байгаа нь чухал шүү дээ.

-Чи Ерөнхийлөгч болон түүний гэргийтэй ярилцаж байсан уу. Тэд юу гэж байх юм?
-Би тэдэнтэй ярилцаж байгаагүй. Гэхдээ би энэ мөчийг удахгүй ирэхийг тэсэн ядан хүлээж байна. Бараг жилийн дараа уулзах байх.

-Бид чиний нөхрийг хүнлэг, нөхөрсөг бас их хөгжилтэй, ярилцаж, ойлголцоход сайхан хүн гэдгээр нь мэднэ шүү. Хэдийгээр тэр одоо сайн дуучны тоонд орохоо больсон ч амжилттай бизнесмэнүүдийн тэргүүн эгнээнд аль хэдийнэ багтсан. Харин орой бүр ззогийн ширээнээ бие биеэ хараад суудаг, хосуудын хувьд чи юу гэж хэлмээр байна?
-Бид өөрсдийн уран бүтээл, ажлын амжилтаар сэтгэгдлээ хуваалцаж болох ч өөрсдийн харилцааны талаар олон нийтэд ярихгүй байх шийдвэр гаргасан. Тиймээс би түүний талаар нэг их зүйл яримааргүй байна. Гэхдээ мэдээж тэр гайхалтай эр хүн шүү дээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top