- Л.Гантуяагийн “Донтогч” монодрамын тухайд -
Театр болоод уран зохиолын харилцан төгс зохицлын үндсэн дээр жинхэнэ театрын бүтээлийг бид хүлээн авдаг. Дэлхий дахинд театр анх үүссэн цагаас жүжиг хэмээх төрөл нийлмэл урлагийн сонирхолтой шинжээ хадгалахын зэрэгцээ өвөрмөц хэв шинжийг өөртөө үргэлжид бүрдүүлэн хөгжсөөр иржээ. Магад театр, уран зохиол хоёрын хамгийн ихээр ойртон хиллэсэн хэлбэр нь өнөөгийн театрын содон өнгө төрх бүхий моно жүжиг юм.
Монодрам буюу нэг хүний жүжиглэх урлаг нь нэг л дүрээр зохиолын бүхий л нөхцөлүүдийг нэвтрүүлэн илэрхийлэх мэргэжлийн ур чадвар, мэдрэмж, туршлага, авьяас шаардсан тоглолт болоод дэглэлт. Нэг жүжигчин олон хүний дүрийг бүтээх, найрал дуучидтай харьцан өгүүлэлдэх зэрэг нэн эртний тоглолтоос авахуулаад олон хүн нэг жүжигт тоглосноо ч моно жүжиг гэж нэрлэх гээд моно жүжгийн үүслийн тухай маргаантай зүйл их байдаг. Гэхдээ “монодрамын эцэг” гэж Грекийн жүжигчин Феспидийг/МТӨ VI зуун/ нэрлэдэг юм. Тэрбээр анх драмын жүжигт найрал дуучдын зэрэгцээ жүжигчин-өгүүлэгчийг гаргаж иржээ”. Мэдээж театрын урлагийн бүхий л цаг үед монодрамын хэлбэршил байсан ч моно жүжгийн үндсэн мөн чанарыг илтгэх монолог хэрхэн төгс боловсрон ялгарч бичигдсэнтэй холбож судлах нь хамгийн чухал юм.
Зохиолч Л.Гантуяагийн “Үл тоогч” /2022/ номд “Донтогч” хэмээх эмгэнэлт монодрам багтжээ. Америкийн зохиолч, шүүмжлэгч, багш Эдвин Вилсон “Theatre experience” (2015) номдоо моно жүжгийн бүтэц болоод онцлогийг:
-“Театрын ирээдүйн эрэлхийлэлд шаардлагатай драмын шинэлэг хэлбэр(new dramatic form needed to introduce into theatre intuitive events)
-Хэсэгчилсэн яриа(talking pieces)
-Цомхон тайз засал болон монолог голлох (features monologues and minimal staging)
-Томоохон театрчилсан тоглолтуудад тайзны арын гэрэл, дуу шум, өсгөгч, холограм, мультмедиа зэргийг ашиглах(but also often uses large theatrical moments with big FX, soliloquies, amplifiers, holograms, multi-media aspects, voice-overs)
-Гол дүрийн ухамсарт болон ухамсарт бус үйл явцуудыг (ухамсрын урсгал) илэрхийлэх зорилго (goal is to present conscious and unconscious thought processes of the speaker (stream of consciousness))”
гэж тодорхойлжээ. Нэг хүний жүжгийн төрлөөр эхний бүтээл гэхэд зохиолч эдгээр онцлогийг хадгалсан буюу дүрийн дотоод сэтгэлийн өчгийг сонирхолтойгоор хойш, урагш хөтөлсөн чөлөөт зохиомжийг бүтээжээ. Сэхээн амьдруулах тасгийн үүд. Үхэл амьдралын зааг. Орчныг бүрхэн анивалзах улаан гэрлийн дор нэгэн эх суух ажээ. Үрээсээ хагацахын зовлонд унасан эх өршөөл авралыг эрж хүүгээ сэхээрэхийг дуудан залбирна. Улмаар “(нааш, цааш холхиж байснаа гэнэт: ЭЭЖ... Би ээжээсээ гуйх ёстой гэж чанга хэлснээ нэгийг санах мэт тэнгэр өөд ширтэн өгүүлрүүн)” гэж үргэлжилнэ. Үрийнхээ төлөө үр нь өөд одсон ээжээсээ аврал эрэн наманчлах дүр зураг нэхэн амилах аж.
Хүүг минь очоод хараач
Сэхээний орон дээр хэвтээд
Сэхэх гэж үхэлтэй тэмцэх
Томоогүй нялх зээгийнхээ
Тоогүй алдааг уучлаач дээ
Үрийнхээ төлөө залбирал эрэхдээ өөрийнхөө ачлалгүй үр явсныг давхар өгүүлэн үгүйлэн наманчилна. Үрээ үхлийн дэнсэнд ирэх мөчид өршөөлт ээжээ эрхгүй үгүйлэн аврал гуйх содон өгүүлэмж жүжгийн хоёрдугаар үзэгдлийг бүхэлд нь бүрдүүлж байгааг анзаарах хэрэгтэй. Гуравдугаар үзэгдэл бурханд хандан наманчлах бол дөрөвдүгээр үзэгдэлд буцаад өөрийнхөө амьдралыг, хүүгээ өсгөж хүмүүжүүлсэн тухайгаа мөн л өөртөө ончроон эргэцүүлэн өчиж жүжиг үргэлжилнэ. Жүжгийн амийг цогцлоосон эдгээр нарийн сүлжээс тавдугаар үзэгдэлд хүрч дахин эрс эргэлттэй тулгарна. Хүүгийн эхдээ бичсэн эцсийн захиаг эмч авчирчээ. Эцсийн хүсэл гуйлт эцсийн үгтэй давхацлаа. Хэдийнэ хагацсан үрийнхээ сэтгэлийн өчлийг хөөрхий эх сэтгэлдээ өчин унших ажээ. Гэтэл муу зуршилд донтож сэвтсэн хүүгийн захианд:
Миний шаналан, миний жаргал, миний зүдрэл...
Алт нь ч минийх биш таных байдаг...
ЭХИЙН ХАЙР гэж
Энхрийхэнээр тайлбарладаг энэ үг чинь
Эвдэж, гутааж, зүрх сэтгэлийг минь
Тамлаж гүйцлээ...
Үргэлж гомдоон харлуулсан
Үр чинь өөрийнхөө замаар явлаа...
Эс оршиж байсан
Эс үлдэж чадсан
Энэ ертөнцөөс одлоо... баяртай...
Үрийг минь энэрээч хэмээн эхийгээ өөртэйгөө бодон үймрэн суухад хөөрхий үр эхийгээ өөртэйгөө хамт зүхэн байхын гачлан. Эх, үрсийн өчил ч, гэмшил ч, ухаарал ч ингэж бие биенээ онолгүй, ойлголгүй эмгэнэлтэйгээр зөрөлдөн дуусав. Сэтгэл, сэтгэлийн сөрөг зөрөгт зөн совин ч чилж төөрөх учиг байдаг мэт ээ. Хаалганы наана хийгээд цаана, үхэл болоод амьдралын заагт хүний сэтгэлийн ертөнц жинхэнэ хаалгаа хэрхэн нээдгийг, бодит хэмээн хэмжээлж болох нандин цаг хугацаа, гэмшин наманчилмаар бүхний орон зай энэхэн мөчид л биеллээ олж байна. Таниагүй сэтгэл, хүлцээгүй гэмшил шиг холын хугацаа, уудам зай хүмүүний оршихуйд үгүй. Мэдрэх нь хэн сэн, мэдрүүлэх нь юусан билээ дээ...
Утга зохиол судлаач Х.Чойдогжамц
Сэтгэгдэл ( 0 )