Матрын булан энэ удаад Буян Жагааг онцолж байна. “Таван толгойг бүгдэд нь өгье. Хятадуудыг гомдоохгүй, Оросуудыг нулимахгүй, Япон, Солонгосыг мартахгүй, хүний эрх чөлөөг тунхаглаж чадсан Америкийг орхихгүйгээр төрсөн өдрийн бялуу хуваадаг шиг Монголын төр Таван Толгойг 6 хуваачихвал яасан юм бэ? Өнөөдөр энэ бодлого тодорхойлж байгаа гэгдээд байгаа МАН юун жаахан юмны араас гүйдэг юм. Тэрний оронд их гүрнүүдэд болзол тавьж шантаажлаад олон улсын мэдээлэл үйлчилгээний том оператор улс болж чадвал бид улсын хөгжлийг тодорхойлно, олон ч асуудлаа шийднэ. Ингэсэн цагт дэлхийн хөгжилтэй орны нөхдүүд биднийг хараад инээж бөхөлзөх нь гарцаагүй” гэж нэгэн цагт Монгол улсын Үйлдвэр Худалдааны сайд байсан “Буян” Жагаа Монголын төрийн өнөө ба хэтийн хөгжлийг дэндүү амархнаар товчхон шийдлээ. “Буянгийн Жагаа будлиантай, БНН явдалтай” гэж ард түмэн дэмий нэг ярилцдаггүй аж. Төрийн сайд байхдаа Таван Толгойг ингэж задлахыг боддог байж. Хүссэн үедээ эрх баригч намтай түншилж, түншлэл дуусахаар тоншиж эхэлдэг түүний энэ зуршил ч, дүүгийнхээ нэр дээр Таван Толгойн лицензийн талбайгаас хумсалсан нь ч матрын дургүйг хүргэж байна.
Эрт дээр үед УИХ-д гарах мөрөөс болж явсан түүнд нэгэн эрэлчин тааралдаж. Энэ намтай нийлвэл ИХ хуралд гарч юуны магад гэсэн ч “Эрэл”-ийн үзүүр мухардаж. Эхний салалт нь энэ. Эрж сураад болохгүй бол Иргэний зориг гаргана, эмэгтэй юм эвий хөөрхий гэж Оюунтай нийлсэн ч эцэст нь худалч, хуурамч, хударгагүй гээд хоёр дахиа салав. Одоо тэгтлээ сүжрээд байгаа ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг нэгэн цагт хамгийн их өөчилж, шантаажилж байсан хүн өнөөдөр хамтарч "Эх Орон-Шударга ёс" хөдөлгөөнөөр дамжуулж 2012 оны сонгуульд орохоор араажав, зурагтаар цамнаж эхэллээ. Ийм хүний үед Оюутолгой, Тавантолгойн гэрээ зурагдаагүй нь бас ч гэж монголчуудын зол юмуу даа.
Д.Сэндэр. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )