Сүүлийн 20 жилийн хугацаанд Монгол Улсад ажиллах хүчний эрэлт дорвитой нэмэгдсэн ч ажлын байрны дийлэнх нь харьцангуй бага цалинтай салбаруудад бий болсныг Дэлхийн банкнаас өчигдөр /2022.12.12/ танилцуулсан "Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн дүн шинжилгээ” шинэ тайланд дурджээ.
Хөдөлмөрийн эрэлтийн өсөлтийг голчлон хувийн хэвшил бүрдүүлж, жижиг бизнес эрхлэгчдийн тоо илүүтэй өссөн байна. Хөдөлмөр эрхлэлт орон нутагт мэдэгдэхүйц өсөхийн зэрэгцээ ажил олохоор орон нутгаас нүүж ирсэн өчнөөн олон иргэдийг шингээсэн нийслэл Улаанбаатар хотод ч ажлын байр нэлээд өссөн байна.
Эдүгээ Монгол Улсын ажиллах хүчний эрэлтэд худалдааны салбарын жижиг аж ахуйн нэгжүүд давамгайлж байгаа бөгөөд аж ахуйн нэгжид суурилсан ажлын байрны гуравны хоёр нь Улаанбаатар хотод ногдож байна. Улсын салбарын гүйцэтгэх үүрэг мэдэгдэхүйц буурсан ч ажлын байрны боломж хязгаарлагдмал бүс нутагт чухал үүрэгтэй хэвээр байна.
2010-2020 оны хооронд бий болсон ажлын байрны 60 орчим хувь нь голч цалингаас доогуур цалинтай салбаруудад ногдож байна. Харин өндөр цалинтай ажлын байр бий болгож буй салбаруудад уул уурхай, барилгын салбар багтаж байгаа ч эдгээр нь шинэ ажлын байрны гол эх үүсвэр болж чадахгүй байна. Компаниудын хүрээнд ажиллах хүчийг дахин хуваарилах үйл явц удаашралтай байна. Ажилд орж буй иргэдийн дийлэнх нь шинээр бий болсон ажлын байрт бус харин сул, чөлөөтэй болсон ажлын байрт ажиллаж байгаа нь ажлаас халагдагчдын тоо харьцангуй өндөр байгаатай холбоотой. Ажиллагчдын ур чадвар, санхүүжилтийн хүртээмжтэй холбоотой саад хязгаарлалтын талаар олон компани мэдээлдэг. Түүгээр ч зогсохгүй, Ковид-19 цар тахлаас үүдэн дотоодод хөл хориотой, хил хаалттай байсан нь уул уурхай, үйлдвэрлэл, барилга, үйлчилгээний салбарт дарамт учруулж, тэр тусмаа жижиг, дунд үйлдвэрүүдэд илүүтэй нөлөөлсний улмаас өндөр болон дундаж цалинтай ажлын байр бий болгох боломжийг хязгаарлажээ.
Сэтгэгдэл ( 0 )