ДУУЛИАН | Оюутнуудыг хөнөөсөн этгээдийг Айдахо руу шилжүүлэв

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 05

 

АНУ-ын Айдахо мужийн Москва хотод байрлах Айдахогийн Их сургуулийн дөрвөн оюутныг унтаж байхад нь хэрцгийгээр хөнөөсөн этгээдэд холбогдох анхан шатны шүүх хурал өчигдөр (2023.01.04) болж өндөрлөсөн. Түүний хэргийг хэрэг гарсан газар болох Айдахо мужийн шүүхэд шилжүүлэхээр болсон бөгөөд гэмт этгээдийг өнөөдөр өглөөний 11:00 цагийн орчимд Иллинойс мужийн нисэх онгоцны буудал дээрээс Айдахо руу нисдэг тэргээр хүргэсэн байна.

 

 

Ингэхдээ нисэх онгоцны буудалд байсан бүх хүмүүсийг гаргаж, "Flightstar" хэмээх хувийн онгоцоор тээвэрлэжээ. Сэжигтнийг нисэх онгоцны буудалд ирэх үед үймээн дэгдэж магадгүй хэмээн сэрэмжлэн дотор ажиллаж байсан ажилчдыг хүртэл ийнхүү гадагш гарахыг шаардсан аж. 

Түүнийг ийнхүү шүүхийн шийдвэр гарснаас хэдхэн цагийн дараа шилжүүлэх болсон нь олон нийтийн эсэргүүцэлтэй холбоотой. Хэрэг үйлдснээс хойш долоон долоо хоногийн дараа сэжигтнийг баривчилсан. Энэ хугацаанд хотын иргэд амгалан тайван байдлаа алдаж, хот тэр аяараа айдаст автаад байсан юм. Энгийн үед сэжигтнийг 10 хүртэлх хоногийн дотор шилжүүлдэг бол энэ удаад 24 цаг хүрэхгүй хугацаанд ийнхүү шилжүүлжээ. 

 

 

Сэжигтэн 28 настай Брайн Кобергер Вашингтоны их сургуулийн эрүүгийн хэрэг, хууль эрх зүйн тэнхимийн доктурант нэгэн. Хохирогчдоос 10 хүрэхгүй миллийн зайд амьдардаг байсан сэжигтэнг хохирогчдын биеэс илэрсэн ДНХ-ийн тусламжтайгаар олж тогтоожээ. Баривчлахаас дөрөв хоногийн өмнөөс холбооны мөрдөх товчооныхон түүнийг тасралтгүй мөшгөсний эцэст баривчилж чадсан байна. 

 

 

Мэргэжилтнүүд гэмт этгээд хохирогчдыг жигд иртэй ангийн хутгаар, урьдаас төлөвлөн, өс хонзонгийн сэдэлтэйгээр хөнөөсөн байх өндөр магадлалтай хэмээн мэдүүлсэн байдаг. Шүүх хурлын үеэр шүүгч сэжигтнээс сэтгэцэд нөлөөлөх эм, эмийн бодис хэрэглэдэг эсэх талаар асуухад тэрээр үгүй хэмээн хариулсан бөгөөд Айдахо хотын шүүхэд хэргийг нь шилжүүлэх тал дээр санал нэгджээ. 

Олон нийтийн зүгээс түүнийг судалгааны ажлынхаа хүрээнд ийнхүү гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэмээн таамаглаад буй. Тус хэрэгт холбогдох дараагийн шүүх хурал Айдахо мужид болно. Айдахо мужийн шүүхээс түүний хэргийг хэрхэн шийдвэрлэж, хэргийн тухай үнэн мөнийг хэрхэн олж тогтоох нь олон нийтийн анхаарлыг татсан хэвээр байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top