ДУУЛИАН | Айдахо дахь эмгэнэлт хэргийн он цагийн дараалал

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 06

 

АНУ-ын Айдахо мужийн Москва хотод байрлах Айдахогийн Их сургуулийн дөрвөн оюутныг унтаж байхад нь хэрцгийгээр хөнөөсөн хэрэг өнгөрөгч арваннэгдүгээр сард гарсан. Тус хэргийг үйлдсэн байж болзошгүй этгээд хэрэг гарснаас долоо долоо хоногийн дараа баригдсан бөгөөд түүнд холбогдох анхан шатны шүүх хурал энэ сарын 4-ний өдөр болж өндөрлөсөн билээ. 

Үүний дараа сэжигтэн оюутнуудыг хэрхэн хөнөөсөн тухай он цагийн дараалал ил болжээ.

Сэжигтэн Брайн Кобергер уг хэргийг 13 минутын дотор үйлдсэн гэх тооцоолол гарчээ. Хэрэг гарсан өдөр буюу арваннэгдүгээр сарын 13-ны өглөөний 04:00-04:25 минутын орчимд талийгаач дөрвөн оюутан нас барсан бөгөөд он цагийн дарааллыг нарийвчлан хүргэж байна. 

 

 

04:00 цаг  

Талийгаач Гонкалвес гурван давхарын унтлагын өрөөндөө нохойтойгоо тоглож байгаа мэт чимээ гаргаж байжээ. Үүний дараа Гонкалвес "Энд хэн нэгэн байна" хэмээн хэлэх чимээнээр Дилан Мортенсон сэрж, хаалгаа нээж харсан ч хэн ч байгаагүй хэмээн мэдүүлэгтээ дурдсан байна. 

04:00-04:12 цаг 

Дилан Мортенсон талийгаач Кернодлийн өрөөнөөс уйлж буй мэт чимээ сонсжээ. Үүний дараа хаалгаа нээн эргэн тойрноо ажиглатал мөн л юу ч олж хараагүй бөгөөд "Зүгээр дээ, би чамд туслах болно" хэмээн ярьж буй эрэгтэй хүний хоолой сонсогдож байв. 

 

 

04:12 цаг 

Цагдаа нар үүнийг Керноделийн утасны дуу байсан байж магадгүй хэмээн таамаглаж байна. Учир нь энэ цагаар Кернодель утсаараа тик токийн бичлэгүүд үзэж байсан нь тогтоогджээ.

04:17 цаг 

Оюутнуудын гэрийн гадаах камерийн бичлэгт ямар нэгэн зүйл түчигнэж буй чимээ бичигдсэн байна. Мөн энэ үед гэрт байсан нохой хуцаж буй чимээ гарч байв. 

 

 

04:17-04:20 цаг 

Дээд давхарт дахин уйлах чимээ сонссон Мортенсон хаалгаа гурав дахь удаагаа нээн хартал маск зүүсэн эрэгтэй гэрт нь явж байжээ. 5 фут орчмын өндөртэй чийрэг биетэй ч булчинлаг биш нэгэн хамар, ам нь харагдахгүй байсан ч өтгөн хөмсөгтэй болох нь тод харагдсан байна. Өмнө нь харж байгаагүй этгээд түүнийг цочролд орон хөдөлгөөнгүй зогсож байх үед хаалганы хажуугаар алхан арын шилэн хаалга руу явжээ. Түүнийг зөрж өнгөрмөгч өрөөнийхөө хаалгыг түгжин нуугдсан Мортенсоны өгсөн мэдүүлэг болон бусад бичлэг дээр үндэслэн уг хэрэг 04:00-04:25 цагийн хооронд гарсан байж болзошгүй хэмээн таамаглаж байна. 

04:20-04:25 цаг 

Кобергерийн жолоодож явсан цагаан өнгийн Elentra автомашин амиа алдсан оюутнуудын амьдарч байсан газраас гаран хурдтай давхиж байхыг нэгэн гэрч харжээ. 

05:25 цаг 

Гэр рүүгээ тойруу замаар явсан цагаан өнгийн Elentra маркын машинтай Кобергер автозамын 5 камерт бичигджээ. 

 

 

28 настай эрүүгийн гэмт хэрэг, хууль эрх зүйн тэнхимийн доктурант Брайн Кобергергийн дөрвөн хүнийг хөнөөсөн хэрэг болон хулгайн гэмт хэрэгт буруутган баривчилсан. Гэм буруутай нь тогтоогдвол түүнд цаазаар авах ял оноож магадгүй хэмээн хуулийн мэргэжилтнүүд мэдээлсэн байна. 

Хэрэг гарснаас хойш олон нийтийн мэдээллийн хэрэгслээр амьд үлдсэн хоёр оюутан хэрэг гарах үед ямар ч чимээ сонсоогүй унтаж байсан хэмээн мэдээлсэн. Мөн хэргийн явц удаашралтай, ямар ч нотлох баримт олдохгүй байгаа гэх зэргээр мэдээлж байсан нь хэрэгтнийг барих нэг төрлийн тактик байсан болох нь ийнхүү олон нийтэд ил болоод байна. 

Гэмт хэрэг гардаггүй хамгийн тайван хотуудын нэгт ийнхүү дөрвөн оюутан хэрцгийгээр амиа алдсан нь АНУ төдийгүй дэлхий нийтийг цочирдуулсан. Сэжигтэн Брайн Кобергер судалгааны ажлынхаа хүрээнд ийнхүү гэмт хэрэг үйлдсэн эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд шүүхийн шийдвэр гарсаны дараа хэргийн тухай бүрэн мэдээлэл цацагдана хэмээн олон нийт таамаглаж байгаа аж. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top