ХӨСҮТ-өөс "Ковид-19" халдварын нөхцөл байдлын талаар өнөөдөр /2023.01.26/ мэдээлэл өглөө.
ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан "Монгол Улсын хувьд 2023 оны гуравдугаар 7 хоногт 23 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх 7 хоногоос 50%-аар буурсан үзүүлэлт боллоо. Өнөөдрийн байдлаар 11 хүн эмнэлэгт “Ковид-19” гэдэг оноштойгоор хэвтэн эмчлүүлж байгаа бол 16 хүн хяналтад байна. Хамгийн сүүлийн 16 сорьцын 15 буюу 96%-д нь BQ1.2 гэх "Омикрон"-ы дэд хувилбар тодорхойлогдсон. Нэг сорьцонд BA5.2 хувилбар тодорхойлогдсон. Оны өмнө буюу арванхоёрдугаар сарын сүүл, нэгдүгээр сарын 10-ны өдөр хүртэлх 56 сорьцод BF7 гэдэг шинэ хувилбар тодорхойлогдож байсныг өмнө нь мэдээлсэн.
Замын-Үүд хилийн боомт нээгдсэнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн сайдын А13 тушаал гарч, Ажлын хэсэг байгуулагдсан. Энэ Ажлын хэсэгт ХӨСҮТ, ЭМЯ, мэргэжлийн хяналт, гаалийн байгууллагууд багтан ажиллаж байна. Үүн дээр ХӨСҮТ нэгдэж, боомтоор ирж байгаа гаднын болон дотоодын иргэдэд хувилбарын тандалтыг түүвэрлэн хийж байна.
Тухайлбал, хил нээгдсэнээс хойш орж ирсэн иргэдээс нийт 365 хүнийг түүвэрлэн шинжилгээнд хамруулсан. Өнөөдрийн байдлаар эерэг тохиолдол гараагүй.
Түүнчлэн бид Эрүүл мэндийн сайдын А12 тушаалаар хувилбарын тандалтаас гадна вакцинжуулалтын үйл ажиллагааг дэмжих, эмнэлгийн орны бэлэн байдлыг хангуулах, эмийн нөөцийг бүрдүүлэх зэрэг арга хэмжээг авч ажиллаж байна.
Цагаан сар болохтой холбоотойгоор манай иргэд урагшаа зорчих төлөвлөгөөтэй байгаа байх. Урагшаа явж байгаа иргэддээ анхааруулахад, урд хөршид ковидын тохиолдлын тоо өндөр бүртгэгдсэн хэвээр байна. Эрсдэл өндөр байна. Манай улсад бүртгэгдээгүй шинэ хувилбарууд байгаа учраас энэ эрсдэлүүдийг тооцож, бизнес, аяллаа төлөвлөөрэй.
Хамгийн гол нь хувь хүн өөрийгөө хамгаалах амны хаалтын хэрэглээгээ мартаж болохгүй.
Замын-Үүдэд ажиллаж байгаа вакцины нэгжүүд дээр ковидын эсрэг вакцинжуулалтад хамрагдах бололцоо байгаа. Томуугийн эсрэг вакцин, ковидын эсрэг вакцин нь хоёр 2-3 долоо хоногийн дараа хамгаалах зохих түвшиндээ очдог учраас аяллаасаа өмнө үүнийг тооцож, урьдчилан сэргийлэх тарилгаа хийлгээд явбал хүндрэл, эрсдэлээс бүрэн хамгаална гэдгийг ДЭМБ, Олон улсын мэдээлэл, манай туршлага ч харуулж байгаа” гэв.
Сэтгэгдэл ( 1 )
Оруулж ирдгээ ирүүлж тардагаа тараа биз тэгээд энд бужигнаад ирэнгүүт хятад хилээ хаана угааса