Азийн наадамд орос тамирчдыг урилаа

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 27

Украинд хийж байгаа дайны улмаас дэлхийн спортын ертөнцөд ад үзэгдэн, хорионд ороод байгаа ОХУ, Беларусын тамирчдад Азийн олимпын зөвлөлөөс дэмжлэгийн гараа сунгалаа. Азийн олимпын зөвлөл ОХУ, Беларусын тамирчдыг ирэх Азийн наадамд оролцохыг албан ёсоор урьжээ.

Тус зөвлөлийн хэвлэлийн албанаас “Азийн олимпын зөвлөлөөс ОУОХ-ны Украинтай эв нэгдэлтэй байгаагаа илэрхийлсэн олимпын хөдөлгөөнд нэгдэж байгаа. Манай Зөвлөл тамирчид иргэншил, үндэстэн ястнаасаа үл хамааран спортын тэмцээнд оролцох боломжтой байх ёстой гэсэн спортын зарчимд итгэдэг. ОУОХ-ны тавьсан шаардлагад нийцэж байгаа орос, беларусь тамирчдад Азийн наадам зэрэг Ази тивийн тэмцээн уралдаанд оролцох боломж олгохыг бид хүсэж байна. ОУОХ-ны шийдвэрийг бид хүлээж байна” гэж мэдэгдсэн юм.

ОУОХ-ны шаардлага гэдэг нь Олимпын хартийг бүрэн дагаж байгаа, ОУОХ-ны энхийг сахиулах үйл ажиллагааны эсрэг хандаагүй, Украин дахь дайныг идэвхтэй дэмжээгүй, Дэлхийн допингийн эсрэг дүрэм журмыг ёсчлон дагадаг, даган мөрддөг тамирчид гэсэн үг.

Азийн наадам БНХАУ-ын Ханжоу хотноо есдүгээр сарын 23-наас аравдугаар сарын 8 хүртэл явагдана.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top