Тавин жил цаазлуулахаа хүлээж буй хүнийг дахин шүүнэ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 14

 

Японы Дээд шүүх 1968 онд гэр бүлийн дөрвөн хүний амийг нөхөөсөн хэргээр цаазын ял сонссон 87 настай Ивао Хакамада гэгчийн хэргийг дахин шүүх шийдвэр гаргажээ.

Олон улсын хүний эрхийг хамгаалах “Amnesty International” байгууллагын мэдээллээр, Хакамада нь 55 жил буюу хамгийн удаан хугацаанд цаазлуулахаа хүлээж буй хүн болжээ.

Хакамада нь өөрийн дарга, түүний эхнэр, хоёр хүүхдийнх нь амийг хөнөөсөн хэргээр ялын дээд хэмжээ авсан байна. Тэдний хутганы шархтай цогцос 1966 онд Токиогоос холгүй эрдэнэшиш боловсруулах үйлдвэрт гал гарсны дараа олдсон байна. Хорин хоног байцаагдсаны дараа мэргэжлийн боксчин байсан Хакамада хэргээ хүлээжээ. Шүүх хурлын үеэр Хакамада байцаагчид түүнийг зодож, эрүүдэн шүүх замаар хэрэг хүлээлгэсэн хэмээн мэдүүлсэн байна. Түүний өмгөөлөгчид нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн хэмээн мэдэгдэж байжээ.

2014 онд мужийн шүүх Хакамадаг суллаж, дахин шүүх хурал явуулах шийдвэр гаргасан байна. Тухайн үед шүүгчид нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн байж болзошгүй гэж үзэж байжээ. Токиогийн шүүх энэхүү шийдвэрийг цуцалсан ч харин Японы Дээд шүүх дахин шүүх хурал явуулах шийдвэрийг хүчинтэй үлдээжээ.

Дахин явуулах шүүх хурлаар алуурчны хувцас дээрх цусны толбо Хакамадагийн ДНХ-тай тохирч байгаа эсэхийг шалгахаар болсон байна. Ялын дээд хэмжээний эсрэг тэмцдэг “Amnesty International” байгууллага энэхүү шийдвэрийг “шударга ёсыг тогтооход хэтэрхий хожимдсон боломж” хэмээжээ. Хакамадагийн хэргийг дахин шүүх процедур хэдэн жил шаардах ба Японы өмгөөлөгчид энэхүү процедурыг богиносгохыг уриалсан байна.

Дэлхийн хөгжилтэй ардчилсан орнуудаас одоогоор зөвхөн Япон, АНУ хоёр цаазын ялыг хэрэглэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top