Монгол Улсын Засгийн газар 2009 оноос урт хугацаат өрийн бичиг тогтмол гаргаж эхэлсэн ч Засгийн газрын гадаад өрөнд түүний эзлэх хувь нэг оронтой тоонд багтаж байв. Харин 2012 оноос буюу Чингис бонд гаргаснаас эхлэн урт хугацаат өрийн бичгийн Засгийн газрын гадаад өрөнд эзлэх хувь 44.1 болж огцом өссөн. Сүүлийн хоёр жилд л 31.4-33.1 хувь болж бага зэрэг буурсныг Нээлттэй нийгэм форумын судалгаанд дурджээ.
2021 оны эцсийн байдлаар Засгийн газрын урт хугацаат өрийн бичгийн үлдэгдэл 2.7 тэрбум доллар байгаа бол урт хугацаат зээлийн үлдэгдэл 5.8 тэрбум доллар байна. Урт хугацаат зээл 2011 он буюу 10 жилийн өмнөхтэй харьцуулахад даруй 3 дахин өссөн.
Засгийн газрын урт хугацаат зээл 2016 оноос эхлэн жил бүр 500 сая ам.доллар орчмоор нэмэгдэж байсан ч 2020 он буюу сонгуулийн жил 1.1 тэрбум доллароор огцом нэмэгджээ. Харин урт хугацаат өрийн бичиг 2012, 2017 (Хуралдай, Гэрэгэ бонд) оныг эс тооцвол харьцангуй бага өсөлттэй байсан. Цаашилбал 2018 онд 602.5 сая доллароор буурчээ. Тиймээс Засгийн газар урт хугацаат гадаад зээлээр ямар ажил хийж, ямар үр дүнд хүрснийг тодруулах зайлшгүй шаардлагатай.
Хамгийн чухал нь уг хөрөнгөөр хэрэгжиж буй төслүүдийн санхүүгийн ил тод байдал, санхүүжилтийн мэдээллийг хийсэн ажлын гүйцэтгэлтэй нь холбон тайлагнаж байгаа эсэх зэргийг тодруулах хэрэгцээ байна.
2021 оны эцсийн байдлаар Монгол Улсын нийт гадаад өрийн үлдэгдлийг улсаар буюу эх сурвалжаар нь ангилж үзэхэд олон зээлдэгч оролцсон зээлээс гадна Нидерланд, БНХАУ тэргүүлж байна. Энэ нь гадаад өрийн хувьд нэг улсаас өндөр хамааралтай болох эрсдэлтэй холбогдох тул анхаарах хэрэгтэйг судлаачид анхааруулж байна.
Монгол Улсын нийт гадаад өрийн үлдэгдэл, улсаар (дүнд эзлэх хувь)
Сэтгэгдэл ( 0 )