Хятад залуу Лю Пэйвэнь хайртай бүсгүйтэйгээ гэрлэхийн тулд явганаар мянга гаруй бээр (1600 гаруй километр) замыг туулж байгаа ажээ. Хэнань мужийн 29 настай залуу зургадугаар сарын сүүлчээр замдаа гарсан ба хэдэн долоо хоногийн дараа явган аяллаа дуусгахаар телөвлөсөн байна. Тэрбээр сүйт бүсгүйнхээ төрсөн нутаг болох Гуандун муж хүртэл алхах гэнэ.
Лю өөрийн хайртай бүсгүй 23 настай Лин Сюэд гэрлэх санал тавихад сүйт бүсгүй нь 1000 бээр замыг явган туулбал эхнэр нь болохыг зөвшөөрсөн ажээ.
Сүйт бүсгүй Лин нь Шотландын “Proclaimers” хамтлагийн шүтэн бишрэгч бөгөөд хамтлагийн урын санд нь “500 Мiles” гэдэг дуу байдгаас санаа авч ийм болзол тавьсан байна. Энэ дуунд сүйт бүсгүйнхээ гэрт очихын тулд 500 бээр газрыг туулахад ч бэлэн байгаа тухай өгүүлдэг байна.
Лин Сюэгийн сэтгүүлчдэд ярьснаар “түүний тоглоом шоглоомоор хэлсэнд Лю үнэмшээд аян замд гарсан” ажээ. Ямар ч тохиолдолд түүний эхнэр болно гэдгээ ч тэрбээр хэлсэн байна. Харин Лю энэ аяллаар хайртай бүсгүйтэйгээ гэрлэх зорилгоо гүйцэлдүүлэхээс гадна эх оронтойгоо гүнзгий танилцах сайхан боломжтой болж байгаа юм.
Эх сурвалж:МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )