Япон шивээстэй эрчүүдийг цэрэгт татах асуудлыг судалж байна

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 08

Байлдах чадвартай хүн амын тоо огцом буурсантай холбогдуулан Японы Зэвсэгт хүчин армид шивээстэй залуусыг элсүүлэхийг хориглосон хоригийг эргэн харахаар болжээ.

Японд биен дээрх шивээс нь якүза гэмт бүлэглэлтэй холбоотой хэмээн үзсээр ирсэн ба олон салбарт үүнийг хориглодог. Харин өдгөө залуусын хувьд шивээс хийлгэх нь цаг үеийн чиг хандлага болж, якүзатай холбоотой гэдгээ илэрхийлэх хүсэл ард хоцорсон болохыг Японы эрх баригчид хүлээн зөвшөөрөх болсон байна.

Японы армийн бие бүрэлдэхүүн байх ёстой орон тооноос 10 хувь дутуу байгааг сүүлийн үеийн судалгаа харуулжээ. Өнгөрсөн оны цэрэг татлагаар шинэ цэргийн тоог бүрдүүлж чадаагүй нь залуус олноор биен дээрээ шивээс хийлгэх болсонтой холбоотой аж. Мөн төрөлт буурсантай холбоотой энэхүү хоригийг эргэн харах ёстой гэж тус улсын Батлан хамгаалах яам үзэж байна. Японы хүн ам 125 сая. Өнгөрсөн онд 800 мянга хүрэхгүй хүүхэд төрсөн бол 1970-аад онд жилд хоёр сая гаруй хүүхэд төрдөг байжээ.

БНХАУ-ын цэргийн хүч нэмэгдэж, БНАСАУ-ын цөмийн хөтөлбөр, Ази, Номхон далайн бүс нутаг дахь хурцадмал байдал болон ОХУ Украинд довтолсон нь Япон улсыг батлан хамгаалах бодлогодоо ихээхэн өөрчлөлт оруулахад хүргэж байна.

Одоогоор шивээстэй холбоотой ямар шийдвэр гарах нь тодорхойгүй байгаа ч шинжээчдийн хэлснээр энэ нь Японы түүхэн дэх томоохон үйл явдал болно. Нэгэн цагт биен дээрээ шивээс хийлгэх нь хэвийн үзэгдэл болж, олон эрчүүдийн хувьд гангараа нь болдог байсан хэмээн Цүрү их сургуулийн антропологич Ёшими Ямамото ярьжээ. Харин 1970-1980-аад онуудад якүзагийн тухай кино ихээхэн дэлгэрч, якүзагийн нөлөөлөл их байсан учир шивээс нь гэмт ертөнцийн томоохон илэрхийлэл болсон тул шивээстэй залуусыг армид элсүүлэхийн хоригложээ. Гэхдээ энэхүү үзэл хэзээ нэгэн цагт өөрчлөгдөх ёстой байсан. Учир нь өнөөгийн залуу үеийнхний хувьд шивээс нь өөр утга, агуулгатай болсон хэмээн Ямамото судлаач онцолжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top