Скотланд Ярд буюу Английн цагдаагийн газрын дарга Пол Стивенсон, цагдаа нар “News of the World” сонины сэтгүүлчдээс авлига авсанаа хүлээн зөвшөөрч мэдэгдэл хийсний дараа албан тушаалаасаа огцорлоо. Үнэхээр шударга нийгэм, шударга өрсөлдөөнд, шударга бус үйлтэй холбогдогсод ухамсраараа буулт хийж, албан тушаалаа орхиж чаддаг байна. Австралийн хэвлэлийн магнат Руперт ПМердокийн “Медиа холдинг”-ийн бүрэлдэхүүнд багтдаг “News of the World” сониныхон Британийн алдартнуудын утасны яриаг хууль бусаар чагнаж байсан нь тогтоогдсон. Цагдаа нар үүнийг мэдэж байсан ч, нуун дарагдуулж авлига авч байсан нь мөрдөн шалгалтаар тодорхой болжээ.
П.Стивенсон “Сэтгүүлчид хууль бусаар утас чагнаж байсан хэргийн дуулиан хүчээ авлаа. Үүнийг хайцаалсныхаа төлөө тэднээс хахууль авч байсан цагдаа нарын хэрэг ч ил боллоо. Би энэ талаар юу ч мэдээгүй. 2012 оны Лондоны олимпийн тоглолт дөхчихөөд байхад ийм хариуцлагатай албан тушаалд ажиллахаасаа татгалзаж байна” хэмээн мэдэгдэл хийгээд ажлаа өгчээ. Британийн цагдаа “News of the World” сонины эрхлэгчээр ажиллаж байсан Ребека Бруксийг баривчлаад байна. Түүний санаачилга, удирдлага дор алдартнуудын утсыг чагнах ажил эхэлсэн хэмээн мөрдөн байцаагчид үзэж байгаа юм. “News of the World” сониныхон 2011 оны 9-р сарын 11-ний халдлагын золиос болсон хүмүүсийн утсыг чагнаж байсан хэрэгт нь АНУ-ын Холбооны мөрдөх товчоо хэрэг үүсгэхээр болсноо зарлав. Австрали улс энэ мөрдлөг, шалгалтад туслахад бэлэн гэдгээ илэрхийллээ.
Д.Сэндэр.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )