Ц.Энхтүвшин
Узбекистаны домогт спортын гимнастикчин Оксана Чусовитина "Ханжоу -2022" Азийн наадамд оролцож буй хамгийн алдартай тамирчны нэг юм. Эдүгээ 48 настай (1975 оны зургадугаар сарын 19-нд хуучнаар ЗХУ-ын Бухара хотноо төрсөн) Оксана ЗХУ, ТУХН, Герман, Узбекистаны шигшээ багийн бүрэлдэхүүнд 1991 оноос хойш тасралтгүй уралдаан тэмцээнд оролцсоор ирсэн билээ.
Чусовитина Олимпын алт, мөнгө, ДАШТ-ий гурван алт, дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл, Азийн наадмын хоёр алт, дөрвөн мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж байсан бөгөөд анхны олимпын медалиа (алтан медаль) одоогоос 31 жилийн өмнө "Барселона-1992" олимпоос хүртэж байсан бол Азийн наадмаас анх удаа "Хирошима-1994"-өөс хоёр хүрэл медаль зүүж байв. Хамгийн сүүлд буюу таван жилийн өмнө болсон "Жакарта-2018" Азийн наадмаас Чусовитина мөнгөн медаль хүртэж (43 насандаа!) гайхамшиг бүтээж байлаа.
"Ханжоу -2022" Азийн наадамд Оксана дамнуурга болон өөрийн "нэрийн хуудас" болсон харайлтын төрөлд оролцож байгаа юм. Олимпын наадамд нийтдээ найман удаа оролцсон Чусовитина "Парис -2024" олимпын наадамд оролцох зорилго тавиад байгаа гэнэ.
"Харих болоогүй" гэдгээ домогт гимнастикч маань энэ 2023 онд болсон Дэлхийн цомын цувралаас медаль хүртсэнээр нотолсон юм. Залуу насны спорт гэгддэг спортын гимнастикаар 48 нас хүртлээ дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөнө гэдэг үнэхээр гайхамшиг гэхээс өөр юу гэх билээ.
Чудо- Чусовитина...
Сэтгэгдэл ( 0 )