АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим түүхэндээ анх удаа спикерээ огцрууллаа. Бүгд найрамдах намын гишүүн Кэвин Маккартийг өөрийнх нь намын хэсэг гишүүд Ардчилсан намын дэмжлэгтэй огцруулжээ.
Кэвин Маккарти өнгөрсөн бямба гарагт түр төсөв батлах тохиролцоонд хүрч, Жо Байдены засаг захиргааг шатдаун болох аюулыг зайлуулсан нь намынхаа зарим гишүүдийн дургүйцлийг хүргэжээ. Тэдний нэг Флорида мужийн төлөөлөгч Мэтт Гетц даваа гарагт спикерийг огцруулах асуудлыг тавьсан. Ардчилсан намын бүлэг Маккартийг огцруулах асуудлыг дэмжихээр шийдвэрлэсэн байна. Бүгд найрамдах нам Төлөөлөгчдийн танхимд 221, Ардчилсан нам 212 суудалтай.
Энэ оны эхээр Кэвин Маккарти Төлөөлөгчдийн танхимын даргын албан тушаалд таван хоног үргэлжилсэн нийт 15 удаагийн санал хураалтаар сонгогдож, Конгрессын түүхэнд бичигдсэн бол есөн сарын дараа Төлөөлөгчдийн танхим өөрийн саналаар огцруулсан анхны спикер болж, түүхэнд бичигдэж байна.
Төлөөлөгчдийн танхимын спикерийн үүргийг Бүгд найрамдах намын Патрик Макхенри түр хугацаанд гүйцэтгэхээр болжээ. Үүнтэй зэрэгцэн Төлөөлөгчдийн танхим долоо хоногийн завсарлаг авсан тул шинэ спикерийг ирэх долоо хоногт сонгож магадгүй гэж “Washington Post” мэдээлжээ. Бүгд найрамдах намын дунд хагарал гарснаас үзвэл шинэ спикерийг сонгох явц хүндрэлтэй болох нь харагдаж байна гэж ВВС бичжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Zele- gees bolj olon hun ogtsorch baigaa tsaashdaa ch urgeljilne.