Дээрхийн гэгээнтэн Далай лам: Улс төр, шашны тэргүүнээр Далай ламыг өргөмжилсөн 400 жилийн уламжлалд би цэг тавьсан

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 20

Дээрхийн гэгээнтэн Далай ламын Америкийн дуу хоолой радиогийн сурвалжлагч Синь Чэньд өгсөн ярилцлагыг хүргэж байна.

-Цөллөг дэх Төвдийн Засгийн газрын тэргүүнээс огцорсноо зарласнаас хойш таны амьдрал өөрчлөгдөв үү?

-Их өөрчлөгдөөгүй. Сүүлийн 10 жилд 2001 оноос эхлэн бид улс төрийн удирдлагаа сонгодог болсон учраас би өөрийгөө тал огцорсон гэдэг байсан юм. Гол шийдвэрийг сонгогдсон удирдагчид гаргадаг. Мэдээж би улс төрийн албан тушаалаа өгснөөс хойш өөрийгөө илүү эрх чөлөөтэй хэмээн мэдрэх болсон. Миний хамгийн эхний үүрэг бол нийт хүн төрөлхтний үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх юм. Миний бодлоор аз жаргалын жинхэнэ эх булаг та бидний дотор оршдог. Өөрөөр боддог олон хүний хувьд жинхэнэ аз жаргал нь мөнгө болон бусад материаллаг баялаг. Гэвч энэ бол төөрөгдөл. Бид материаллаг үнэт зүйлсээс бүрэн татгалзаж чадахгүй, энэ бол амьдралын зайлшгүй шаардлага. Үүнийг л шүтлэгтэй болон шүтлэггүй хүмүүст тайлбарлан таниулахыг би өөрийн үүргээ гэж үздэг. Миний хоёр дахь үүрэг бол шашин хоорондын төгс зохицолдолгоог дэмжих. Одоо би эдгээрт илүү их цагийг зарцуулж чадахаар боллоо.

-Төвд ба Хятадын удирдлагын хоорондын хэлэлцээрт таны огцролт яаж нөлөөлөх бол. Та цаашид хэлэлцээрт оролцох уу?

-Би оролцохгүй. Одооноос эхлээд энэ миний үүрэг хариуцлага биш. Гэхдээ хэрэв Төвдийн удирдлагад миний тусламж шаардагдвал би хэзээд туслахад бэлэн.              

-Та сүүлийн 60 жилийн турш Хятадын удирдагчидтай харьцсан. Үүнээс ямар сургамж авав?                                         ,

-Зургаан 10 жил өнгөрсөн байна шүү дээ. Нэгдүгээрт, надад марксизм таалагддаг байсан юм. Нэг үе би Хятадын коммунист намд элсэхийг хүсдэг байлаа /инээв/. Би одоо ч урьдын адил марксист, гэхдээ нийгэм ба эдийн засгийн онолын тал дээр. Миний бодлоор 1950-иад оны дунд үеэс бүх юм өөрчлөгдсөн. Хоёр нүүртэй бодлогод миний урам хугарч байна. Зөв юм яриад, харин эсрэгээр хийх юм. Түүнчлэн сүүлийн 50 жилд Төвдөд хэтэрхий их дарамт хавчилга үзүүлсэн. Харин би бол ардчилал, эрх чөлөөг хүндэлж, үнэлдэг.

-Мао Зэ Дунаас өгсүүлээд Ху Жин Тао хүртэл Хятадын удирдагчдын дөрвөн үеийг та үзлээ. Удахгүй Си Цзинь Пин Хятадыг удирдана. Түүнийг төрийн эрхэнд гарахад юу өөрчлөгдөнө гэж та найддаг вэ?

-Би Си Цзинь Пиний тухай юу ч мэдэхгүй. Харин түүний эцэг Си Жун Сюняг нэлээд сайн мэднэ. Тэр тун таатай, амьдралын баяр баясгалантай хүн. Харин хүүтэй нь уулзаж байгаагүй болохоор хэлэх юм алга. Зарим нь түүнийг залуу үеийнхний сэтгэхүй, өргөн цар хүрээтэй үзэл бодолтой гэдэг.

-Асар их хөрөнгийг Төвдөд оруулсаар байтал төвдүүд яагаад сэтгэл дундуур байна гэж хятадууд гайхдаг. Төвдүүд талархаж мэддэггүй мэт сэтгэгдэл танд төрөхгүй байна уу?

-Бид бүгдээрээ хүмүүс. Хятадууд ч гэсэн хоол болон толгой хоргодох оромжоос өөр их юм хүсэх нь лавтай. Бидэнд өөр үнэт зүйлс дутагдаж байна. Энэтхэгийн       Ерөнхий сайд Вашингтонд очоод өөрийн орны эдийн засгийг Хятадынхаас хоцорч байгаа талаар дурдсан. Гэхдээ Энэтхэгт өөр үндсэн үнэт зүйлс байдаг. Ардчилал, эрх чөлөө, хуулийг дээдлэх үзэл, төрийн тунгалаг байдал, үг хэлэх эрх чөлөө, чөлөөт хэвлэл мэдээлэл гээд Хятадад байхгүй зүйл бүгд тэнд бий. Эдгээр үндсэн үнэт зүйл л хүмүүст хэрэгтэй. Хятадын Ерөнхий сайд Вэнь Зя Бао хүртэл “Хятад бол хөгжилтэй улс. Гэхдээ улс төрийн шинэчлэл хэрэгтэй” гэж ил тодоор мэдэгдсэн. Хятадад эрх чөлөө хэрэгтэй тухай өнөөдөр олон хүн ярьдаг. Гэхдээ төвдүүдийн асуудалдаа эргээд оръё. Юуны өмнө бид бусдын адил хүн. Бид эрх чөлөөнд дуртай. Төвдөд хэтэрхий их хязгаарлалт байгаа нь хүмүүст таалагддаггүй. Төвдүүд өөрсдийн хэл, бичгийн соёлтой бөгөөд эдгээр нь маш баялаг шашны уламжлал, гүн ухааны үндэс билээ. Гэтэл орон нутгийн  эрх  баригчид шашин

шүтлэгийн асуудал болон төвд хэлийг судлахад хориг саад тавьж, улмаар шашин, соёлын хөгжилд саад учруулж байгаа нь Төвдийн ард түмний хувьд маш хүнд цохилт юм. Бидэнд хоол хүнс, толгой хоргодох байр хэрэгтэй ч түүнээс илүү чухал зүйл бол Төвдийн соёл, манай мянга мянган жилийн оюуны өв уламжлал. Манай соёлыг мартуулах гэж оролдож байхад төвдүүд юу мэдрэх ёстой гэж та бодож байна?

-Та Хятадын эдийн засаг дэлхийд хоёрт ордог тухай ярилаа. Харин Хятадын нийгмийн оюуны байдлын талаар юу хэлэх вэ?

-Зарим мэдээллээр олон хятад хүн, түүний дотор намын гишүүд ч оюуны амьдралд илүү их анхаарал хандуулдаг болжээ. Сүүлийн жилүүдэд эх газрын Хятадаас манай шашин нэгтэн ах дүүс болох хятад хүмүүс улам олноор над дээр ирж байна. Тэд буддизмыг улам их сонирхох болсон. Зарим нь надтай уулзахдаа уйлдаг. Хятадад 300 сая буддист байдаг тухай мэдээ бий. Тэгээд ч түүх сөхөхөд Хятад улс нь үргэлж буддын шашинт орон байсаар ирсэн нь үнэн. Намайг 1945-1955 оны үед Хятадад очиход маш олон сүм хийд, дацантай байсан шүү дээ. Өнөөдөр хөгжингүй, баян орнуудын саятнууд, тэрбумтнуудад бүх юм байгаа ч ямар нэг юм тэдэнд дутагдсан учраас л аажмаар оюунлаг амьдрал руу ханддаг болжээ. Хятадын эдийн засаг удахгүй улам өндөр түвшинд хүрнэ, тэр үед хүмүүс дан ганц мөнгө хангалтгүйг, мөн өөр ямар нэг юм хэрэгтэй байгааг мэдрэх болно. Аймшигтай авлига, хээл хахууль ч мөн ёс суртахууны зарчмууд байхгүйг гэрчилж байна.

-Хятадын залуу үеийн тухай ярья. Хятад залуус олон асуудалтай тулгарч байгаа. Тэд яагаад Төвдөд санаа тавьж, тэнд юу болж байгааг сонирхох ёстой гэж?

-Таны зөв. Төвдийн талаар тийм ч олон хятад санаа тавьдаггүй /инээв/. Үүнийг Хятадын Засгийн газар хийх ёстой.

-Та Хятадын залуу үеийнхэнд Төвдийн талаар, түүний ирээдүй, Хятад ба Төвдийн харилцааны талаар юу хэлэхийг хүсч байна?

-Буддизм, Төвдийн буддизм, соёлыг сонирхдог хятадууд сая сая ахан дүүстээ тус хүргэнэ гэж би боддог. Бохир агаартай, хүн ам шигүү суурьшсан хотуудад амьдардаг хятад залуус цэвэр агаараар амьсгалахын тулд Төвдөд очих хэрэгтэй гэж би бодож байна. Тэнд л жинхэнэ цэв цэнхэр тэнгэрийг харж болно. Ингэснээр тэд амар амгалан, оюуныг мэдрэх байх.

-Та Төвдөд улам олон хятад очоосой гэж хүсч байна гэж үү. Гэтэл ихэнх төвдүүд үүнийг эсэргүүцнэ шүү дээ?

-Би жуулчид шиг очоосой гэж хэлж байна. Харин тэд үүрд тэнд суурьшихыг хүсвэл эрүүл мэндтэй холбоотой том асуудлууд дэгдэнэ. Уугуул оршин суугчид болох төвдүүдэд тийм асуудал байхгүй. Харин Хятадын ахан дүүс Төвдөд байнга оршин суухаар бол асуудал үүснэ.

-Олон улсын асуудлын талаар ярилцах уу. Умард Африкийн орнуудад дэгдсэн үйл явдлуудын талаар та юу бодож байна. Эдгээр хөдөлгөөн ба Төвд, Хятадын ард түмнүүдийн хооронд ямар нэг холбоо байна уу?

-Берлиний хана нурсан цагаас хойш дарангуйлагч системүүдэд ирээдүй байхгүй гэдэгт дэлхий дахин итгэсэн. Дэлхий бүх хүн төрөлхтөнд харьяалагддаг. Улс орон тус бүр өөрийн ард түмэндээ харьяалагддаг. Түүнээс биш ямар нэг улс төрийн нам, хаан, шашны тэргүүнд хамаарахгүй. Хятад ч гэсэн өөрийн ард түмэндээ харьяалагддаг. Дэлхий ба ард түмнүүдийг удирдах хамгийн шилдэг арга бол ард түмэн өөрөө ардчилсан системийн тусламжтайгаар жолоодох явдал юм. Ирээдүйд улс орнууд, дэлхий нийт тэр чигээрээ илүү нээлттэй, илүү ардчилсан болох ёстой.

-Өрнөдийнхөн Умард Африк, Ливийн хэрэгт хөндлөнгөөс оролцож байгаа талаар юу хэлэх вэ?

-Энэ их хүнд асуудал. Тохиолдол бүрийг тусад нь авч үзэн, зохих шийдвэрийг гаргах ёстой. Ирак, Афганистанд цэргийн ажиллагаа явуулсан нь зөв. Би АНУ-ын Ерөнхийлөгч Буштай танил. Тэр сайн хүн боловч сонгосон зам нь шинэ асуудал үүсгэсэн. Ливийн хувьд хариулахад хэцүү байна. Сүүлийн үед би олон орноор айлчилж байна. Цаг хугацааны зөрүүнээс радио сонсоогүй болохоор цаг үеийн үйл явдлаас хоцорсон байх. Гэхдээ Ливид юу ч болж байсан хамгийн гол нь гэм зэмгүй хүмүүс шаналж байгаа талаар бодох ёстой.

-Хятад, Төвдийн хэлэлцээр ирээдүйд эерэг үр дүн өгөх болов уу?

-Хятадын Засгийн газар хүлээн зөвшөөрсөн, зөвшөөрөөгүй Төвдийн асуудал байгаа. Энэ тухай дэлхий нийт, Хятадын ард түмэн ч мэднэ. Энэ асуудлыг шийдэхгүй, үл тоомсорлох буюу хүчний аргаар шийдэх нь алсын хараагүй явдал. Эрт орой хэзээ нэг цагт Төв удирдлага ухаалаг замыг олох ёстой. Энэ бол зөвхөн цаг хугацааны асуудал. Эцсийн бүлэгт Хятадын Засгийн газар Төвдийн асуудлыг бодитоор авч үзнэ гэж би итгэдэг.

-Та огцорсон. Гэхдээ таны хойт дүр улс төрд орох уу?

-Үгүй, миний огцролт ганц надад хамаатай биш. Улс төр, шашны тэргүүнээр Далай ламыг өргөмжилсөн 400 жилийн уламжлалд би цэг тавьсан. Төвд орон Далай ламд биш, харин төвдүүдэд харьяалагддаг. Төвдийг Засгийн газар, эсвэл өөр ямар нэг институт ардчилсан зарчмаар удирдах ёстой. Удирдлагын хуучин уламжлалыг би ухамсартайгаар, сайн дураараа дуусгавар болголоо. Ирээдүйд хүмүүс хүсвэл Далай ламаа тодруулж болох ч улс төрийн удирдлагад тэр оролцохгүй.

-Зах зээлийн эдийн засаг, даяаршил болон нийгэмд хотжилтын үүрэг ихэссэнээр эртний соёл устсан тохиолдол олон бий. Та Төвдийн ирээдүйг өөдрөгөөр хардаг уу?

-Төвдийн соёл ба Төвдийн буддизм ялгаатай. Соёл бол нийгэмд бүхэлд нь хамаатай, харин шашин нь хувь хүний хэрэг. Төвдийн соёл бол хүчирхийлэлгүй, энх амгалан, энэрэл нигүүлслийн соёл. Энэ утгаараа төвдүүд төдийгүй өөр олон хүний сонирхлыг татдаг. Миний бодлоор дэлхий дээр улам олон хүн хүчирхийлэл, хууран мэхлэлт, мөлжлөгт живсээр байна. Иймээс шударга ёс, нигүүлсэл зэрэг зарчим дээр үндэслэсэн Төвдийн соёл даян дэлхийн хүмүүст тустай. Тэр тусмаа сая сая хятад иргэнд. Тэд Төвдийн соёлоос өөрт хэрэгтэй зүйлийг олж чадна. Үүний тулд сайн судлах, мэдэх хэрэгтэй. Түүнээс гадна Төвдийн буддизм нь зөвхөн шашин шүтлэг төдийгүй хүний оюун ухаан, сэтгэлийн хөдөлгөөний учир шалтгааныг тайлбарлах арга. Иймээс л өрнөдийн зарим эрдэмтэн түүнийг сонирхож, нухацтай судалдаг. Судалгаа шинжилгээний ажил урагшилснаар Буддын өв уламжлал ч хөгжих юм. Би сүүлийн 20 жил өрнөдийн эрдэмтэдтэй нягт хамтран ажиллаж байна. Орчин үеийн шинжлэх ухаан сэтгэлийн хөдөлгөөн, оюуны талаар бүхнийг мэдэхгүй бөгөөд эрдэмтэд олон асуултын хариуг олоогүй байгаа. Харин бүх хариу нь буддын шашинд бий. Тэгэхээр бие биеэсээ суралцах юм бий. Хэрэв бид өрнөдийн шинжлэх ухааныг буддын оюуны сургаалтай хослуулбал бүхэл цул зүйл болно.

-Хятадын ард түмэнд хандаж юу хэлэх вэ?

-Хятад үндэстэн 5000 жилийн соёлын өв уламжлалтай. Хятадууд маш хөдөлмөрч, эрүүл сэтгэлгээтэй хүмүүс. Бид тэднийг хүндэлдэг, маш дотно ханддаг. Хятадын ард түмэн материаллаг хөгжил рүү тэмүүлэхдээ өөрийн олон мянган жилийн оюуны өв уламжлалаа бүү мартаасай хэмээн би хүсч байна. Энэ маш чухал.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top