ТЭД БИДНИЙ ТУХАЙ: Монгол Улс эдийн засгаа төрөлжүүлэхийг зорьж байна

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 10 сарын 20

Монгол Улс уул уурхайн салбараас гадна эдийн засгаа төрөлжүүлэхийг зорьж байна. Тус улс Оросоос Хятад руу татах байгалийн хийн хоолойг ашиглалтад оруулснаар эрчим хүч дамжуулах коридор болох бүрэн боломжтой гэж шинжээч үзэж байна. Үүнээс гадна Монгол аялал жуулчлал, сэргээгдэх эрчим хүчний салбарт амжилт олох өргөн нөөц боломжтой.

Энэ цагт уул уурхайн салбар нь Монголын эдийн засгийг тэтгэгч гол судас нь болж, ДНБ-ий 25 орчим хувийг бүрдүүлж байна.

Өргөн уудам нутагтай Монголд жилийн 300 өдөр нь нартай. Үүнийг Монголын засгийн газар мөнгө босгох, экспортоо нэмэгдүүлэх боломж хэмээн харж байна. Монгол Улс нь Алс Дорнод, Япон, Өмнөд Солонгос, тэр бүү хэл Хойд Солонгос, өрнөд болон Европын зах зээл рүү гарах гарцтай. Монгол Улс зөв л бодлого хэрэгжүүлэх юм бол энэ бол түүний хувьд маш том боломж юм гэж “Dezan Shira & Associates” компанийг үүсгэн байгуулагч Крис Девоншаир Эллис үзэж байна. Алс Дорнодын бүс нутгийн улс орнуудаас Монгол Улс хамгийн энх тайванч  улс. Түүнээс бусад нь хилийн маргаантай. Харин Монголд байдаггүй. Тиймээс геополитикийн хувьд Монгол Улс гайхалтай байр суурийг эзэлжээ.

Дэд бүтцийн хөгжлийн үр шим

Монголын дэд бүтэц гол төлөв Хятадад гаргадаг уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд чиглэгддэг. Монгол Улс нь нийслэл Улаанбаатар хотоор дайран өнгөрдөг Орос, Хятадтай холбосон төмөр замын гол шугамтай. Гэхдээ саяхан төмөр замаа салаалж, наймхан сарын дотор салаа зам барьж ашиглалтад оруулсан. Үүнийгээ Монголын уул уурхайн эрдэс баялгаа Хятад руу тээвэрлэх шинэ гарч хэмээн зарласан. Энэ нь өнгөрсөн онд ашиглалтад оруулсан 900 км шинэ төмөр замын нэг хэсэг юм.

Монголын зарим аж ахуйн нэгж дэд бүтцийн хөгжлийн үр шимийг хүртэж байна. Сүүлийн жилүүдэд тус улсад олон зам, тэр дундаа төмөр замын шугам барьж ашиглалтад оруулжээ. Эдгээр төслийн зарим нь Хятадын “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд хэрэгжсэн байна. Монголын хүнсний “TESO Group” компани, тухайлбал, 1.4 тэрбум хүн амтай асар том зах зээл рүү гарах найдвар тээн, энэ оны наймдугаар сараас эхлэн хөрш Хятадын зах зээлд зайрмаг экспортолж эхэлжээ. Гэхдээ тус компани анх удаа Хятадын зах зээлд гарч байгаа бус. Есөн жилийн өмнө “TESO Group” компани өөрийн бүтээгдэхүүн болох хуурайг сүүг гадаадад гаргаж эхэлсэн байна. “Одоо цагт дэд бүтэц хөгжсөнөөр ложистикийн зардал буурч, улмаар бүтээгдэхүүнээрээ дотоодын болон гадаадын зах зээлд өрсөлдөх боломжийг нээж байна” гэж “TESO Group” гүйцэтгэх захирал С.Болор ярьж байна. Гэсэн хэдий ч бүтээгдэхүүн хөгжүүлэлт, түгээлтээс гадна шинэ зах зээлд гарахад олон сорилтыг даван туулах болдог гэж тэрбээр хэлэв. “Хэдхэн удаагийн аяллаар тухайн зах зээлийг бүхлээр нь ойлгон, таньж чадахгүй. Мэдээлэл дээр суурилсан олон судалгаа хийхийн зэрэгцээ тухайн зах зээлийн мөн чанарыг ойлгох, нийцэхийн тулд зөв түншээ олох хэрэгтэй. Энэ бол амаргүй даваа” гэж Болор учирлалаа.

Чадварлаг ажиллах хүчний эрэлт 

Хятадад суралцаж, төгссөн Монгол залуус хөдөлмөрийн зах зээл дээр эрэлт ихтэй. “Анх Хятад улсад очиж байхдаа, мандарин хэлээр мэндэлж ч мэддэггүй байлаа” гэж Ханжоугийн их сургуулийн оюутан И.Анударь мандарин хэлээр өгүүлэв. Тэрбээр Хятадын Засгийн газрын “Торгоны зам” тэтгэлгээр суралцаж байна. Хятадын засгийн газар “Бүс ба Зам” дагуух улс орнуудын залууст жил бүр 10 мянган тэтгэлэг олгож байна. Харилцаа холбооны инженер мэргэжлээр суралцаж буй Анударь “Хятад улсад сурснаар би хоёр хэлтэй болсон. Мөн би Хятадын соёл, хүмүүсийг мэднэ. Тиймээс сайн ажил олдоно гэж итгэж байна” гэв. Мэдлэг нь ажил дээр хэрэг болно гэдэгт Анударь найдаж байна.

Монголын худалдааны хамгийн том түнш

Хятад, арван жилийн өмнө эхэлсэн “Бүс ба Зам” дэд бүтцийн төсөл дагуух орнуудын худалдааны эргэлт хоёр дахин өсжээ. Хятадын мэдээллээр, өнгөрсөн онд худалдааны эргэлт 1.8 их наяд ам.долларт хүрсэн бол 2013 онд 880 тэрбум ам.доллар байжээ. Монгол Улсын хувьд Хятад нь худалдааны хамгийн том түнш. Үүний үр шимийг хил орчмын бүс нутаг илүү хүртэж байна.

Хятадын Өвөр Монголын хувиараа бизнес эрхлэгч Бао Дэшиао монголчуудтай олон жилийн турш хамтарч ажиллаж байна. Өмнө нь тэрбээр монголчуудад хөтөч хийдэг байжээ. “Би Бээжинд монголчуудад хөтөч хийдэг байсан. Бээжинд эмнэлэгт үзүүлэх, бараа таваар худалдан авах, үйлдвэрт очиход нь дагуулан, орчуулга хийдэг байсан” гэж Бао ярив. Хэл нэгтэй тул хятадуудтай харьцахад нь хэлмэрчилж, монголчуудад тусалдаг. Ковидын цар тахал дэгдсэнээс хойш Бао Эрээн хотод ложистикийн үйлчилгээ эрхэлдэг компани байгуулж, Хятадаас бараа ачуулж, хамтран ажиллах болсон байна.

Эрээн хот Бүс ба Замд чухал үүрэгтэй

Эрээн хот нь Хятад, Монголын хилийн хуурай газрын хамгийн том боомт бөгөөд хоёр улсын худалдааны 70 орчим хувь үүгээр дамждаг.

Энэ жилийн эхний долоон сард тус хилийн боомтоор нийт 10 сая гаруй тонн ачаа тээвэр дамжин гарчээ.

Эрээн хот нь “Бүс ба Зам”-ын хүрээнд эдийн засгийн коридор байгуулах тохиролцоонд хүрээд байгаа Хятад, Монгол, Оросын худалдааг хөнгөвчлөхөд ихээхэн үүрэг гүйцэтгэнэ. Тус хот мөн аялал жуулчлалын бүс болох том зорилт тавиад байна. “Асар их өөрчлөгдсөн. Намайг энд анх ирж байхад юу ч үгүй эзгүй газар байсан. Яг л цөл шиг” гэж Эрээн хотод 30 гаруй жил ажиллаж, амьдарч байгаа Жан Шиаофенг ярьж байна. “Өдгөө Эрээн хот маш их хөгжиж, тохижсон. Замуудаа засварлаж, хурдны зам барьж, агаарын тээвэр ч хөгжиж байна. Эрээн хотод ирж, очиход илүү тухтай болсон” гэж тэрбээр ярина. Тэр монголчуудын очих дуртай зах дээр алчуур зардаг.

Сайн ба муу тал

Тээвэр ийн хөгжиж буй нь хоёр талтай гэж бизнес эрхлэгчид санал нэгтэй зөвшөөрч байна. Эрээн хотын оршин суугч Гуо Шиаолигийн ярьснаар, ихэнх монголчууд Гуанжоуг зорьдог болсон. Эрээн хот тэдний хувьд дамжин өнгөрөх цэг л болж хувирсан гэв. Эх сурвалж: CNA

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Худал(103.212.117.158) 2023 оны 10 сарын 20

20 д жил төрөлжүүлэн гэж яриад д байгаа, юу ч хийнээнүй

0  |  0
Top