Энэтхэгийн Дээд шүүх Жамму ба Кашмирын онцгой статусыг цуцлах шийдвэр гаргажээ. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Жамму ба Кашмирын нутаг дэвсгэрийн асуудлаарх дээд шүүхийн шийдвэрийг сайшаан хүлээж авсан байна.
Үүний өмнө Энэтхэгийн Дээд шүүх тус мужийн онцгой статусыг цуцлахыг дэмжиж байсан юм. Ийнхүү шүүх Энэтхэгийн парламент болон эрх баригчдын Пакистантай ээлжит мөргөлдөөн хийсний дараа 2019 онд баталсан шийдвэрийг хүчин төгөлдөр болгожээ.
Кашмирын газар нутагт хоёр тал тус бүр бүрэн хяналт тавьдаг гэж мэдэгддэг ч Энэтхэг болон Пакистаны хооронд бараг хуваагдсан юм. Шинэ Дели тус газар нутгийг Энэтхэгийн холбоонд гүн нэгтгэхийн тулд онцгой статусыг нь цуцалж байгаа гэж шинжээчид тэмдэглэжээ. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Дээд шүүхийн шийдвэрийг түүхэн шийдвэр гэж нэрлэсэн байна. Тэрбээр “Энэ бол Жамму ба Кашмир, Ладах дахь ахан дүүсийн маань хувьд итгэл найдвар, ахиц дэвшил, эв нэгдлийн тод тунхаглал юм” гэж цахим сүлжээгээрээ хийсэн мэдэгдэлдээ хэлжээ.
Энэтхэгийн Ерөнхий сайдын хэлснээр, онцгой статусын заалт нь Жамму ба Кашмир дахь нийгмийн нэн ядуу хэсгийн сайн сайхан байдалд сөргөөр нөлөөлсөн байна. Одоо төв эрх баригчид тэдэнд бүс нутгийн нийт хүн амд хөгжил дэвшлийн үр шимийг хүртэх баталгааг өгч байгаа аж.
Нарендра Моди “Өнөөдрийн шийдвэр бол зөвхөн шүүхийн шийдвэр биш, энэ нь итгэл найдвар, илүү сайн ирээдүйн амлалт, илүү хүчирхэг, илүү нэгдмэл Энэтхэгийг байгуулах бидний хамтын шийдвэр юм” гэжээ.
Дээд шүүхийн шийдвэр
Энэтхэгийн шүүх арванхоёрдугаар сарын 11-нд Жамму ба Кашмир мужийн онцгой статусын тухай Үндсэн хуулийн заалт нь түр зуурын нөхцөл байдал байсан гэж мэдэгдсэн юм. Ийнхүү шүүх энэ заалтыг хүчингүй болгосон парламентын 2019 оны шийдвэрийг Үндсэн хуульд нийцэж байна гэж хүлээн зөвшөөрсөн байна.
Энэтхэгийн Дээд шүүхийн дарга Дананжай Чандрачудын хэлснээр Кашмирын онцгой эрхийг зөвшөөрсөн 370 дугаар зүйл нь тус муж дахь цэргийн нөхцөл байдлын улмаас авсан түр зуурын арга хэмжээ аж. Энэтхэгийн Дээд шүүх мөн тус бүс нутагт 2024 оны есдүгээр сарын 30-ны дотор сонгууль явуулахыг тушаажээ.
2019 онд Энэтхэгийн Засгийн газар Жамму ба Кашмир мужийг татан буулгаж, тус бүс нутагт бүрэн эрхт мужаас бага эрх бүхий хоёр нутаг дэвсгэр байгуулах шийдвэр гаргаж байгаагаа зарласан юм. Үүнээс өмнө Жамму ба Кашмир муж онцгой бие даасан байдалтай байсан юм. Тухайлбал, Шинэ Делигийн баталсан ихэнх хууль тогтоомжийг тус мужийн ассамблей зөвшөөрөх хэрэгтэй болдог байв. Энэтхэгийн бусад мужийн иргэд тус мужид газар худалдаж авч чадахгүй, муж өөрийн төрийн далбаатай, бас бусад олон давуу талтай байжээ.
Кашмирын нутаг дэвсгэр нь Энэтхэг, Пакистан хоёрын хооронд бараг л хуваагдсан бөгөөд тал бүр тус бүс нутагт бүрэн хяналт тавьдаг гэж мэдэгддэг. 1947 онд Британийн эзэнт гүрэн Энэтхэг, Пакистанд эзэмшлээ хуваасны дараа Кашмир мужийн статусыг хилийн тухай албан ёсны хэлэлцээрт тусгаагүй аж. Тус бүс нутаг нь Энэтхэгийн Жамму ба Кашмир муж, Пакистаны хяналтад байдаг Гилгит-Балтистан болон хүлээн зөвшөөрөгдөөгүй Азад Кашмир мужид хуваагддаг. Үүнээс гадна Хятад улс түүхэн Кашмирын багахан хэсгийг хянадаг.
Бүс нутгийн статус нь Кашмираас болж 1947, 1965 онд хоёр удаа тулалдаж байсан Энэтхэг, Пакистаны хоорондох дайсагналын гол шалтгаан юм. 1980-аад онд салан тусгаарлах үзэлтнүүд тэнд идэвхжиж, Энэтхэгээс салан тусгаарлахыг шаардаж, тэр дундаа исламын шашны уриа лоозон дор байр сууриа илэрхийлжээ.
2019 оны эхээр Кашмирт амиа золиослогч террористын халдлага болж, 40 орчим хүн амиа алдсан билээ. Энэ үйл явдал нь орон нутгийн шинэ мөргөлдөөнд хүргэсэн бөгөөд Нарендра Модигийн Засгийн газар Пакистаны нутаг дэвсгэрт агаарын цохилт өгөхийг хориглосон юм. Пакистан, Энэтхэгийн Зэвсэгт хүчин тулалдаанд орж, Пакистаны арми Жамму ба Кашмир мужийн хүн ам суурьшсан газрууд руу гал нээсэн байна. Талуудын хооронд тусгаарлагдсан буудалцаан, мөргөлдөөн 2019 оны гуравдугаар сар хүртэл үргэлжилсэн юм.
Хэдэн сарын дараа Энэтхэгийн парламент Жамму ба Кашмирын статусыг өөрчлөхөөр санал хураасан.
Улс доторх улс
Кашмир нь хэдэн арван жилийн турш салан тусгаарлах хөдөлгөөний төв байсан юм. Пакистан болон Афганистанаар дамжин тус муж руу дайчид болон зэвсэг илгээж, тэд арми руу дайралт хийж, хатуу арга хэмжээнүүдийг авч байв. Кашмирын хиндү хүн амын нэлээд хэсэг нь гэр орон, тосгоноо орхихоос өөр аргагүйд хүрсэн билээ. Тиймээс 2019 онд Н.Модигийн Засгийн газар улс орноо нэгтгэхийн тулд Жамму ба Кашмирын онцгой статусыг цуцлах хатуу алхам хийсэн гэж шинжээчид тэмдэглэжээ. Энэтхэгийн тусгаар тогтнолын эхний жилүүдэд тус бүс нутаг маш том автономит эрх авсан аж. Бараг л улс доторх улс болсон нь улс орны эв нэгдэлд нэмэр болоогүй юм. Энэтхэгийн олон хууль тэнд үйлчилдэггүй байсан аж.
Энэтхэгийн Засгийн газрын үйл ажиллагааг нэгтгэсэн одоогийн шийдвэр нь Энэтхэг, Пакистаны хооронд шинэ шууд хурцадмал байдалд хүргэх магадлал багатай гэж шинжээчид үзэж байгаа юм. Кашмирт дэмжиж болох салан тусгаарлагчдын хөдөлгөөн ихээхэн суларсан тул Пакистан ямар нэгэн зүйл хийж чадахгүй байх магадлалтай. Энэтхэгийн арми тэдэнд нэлээд ширүүн “даралт” өгчээ. Үүнээс гадна кашмирчуудад Энэтхэгт амьдрахаас өөр ямар сонголт байна вэ? Пакистан бол хамгийн баян чинээлэг улс биш. Шинэ Дели, Исламабад хоёроос бүрэн тусгаар тогтнох нь бас боломжгүй юм. Эцэст нь кашмирчууд өөрсдөө ч энэ бүхнээс залхсан аж.
2019 оны шийдвэрийн дараа тус мужийн эдийн засаг өсөж, террорист үйл ажиллагааны улмаас өмнө нь байхгүй байсан аялал жуулчлал сэргэж эхэлжээ. Ер бусын үзэсгэлэнтэй газар учир зөвхөн аялал жуулчлалаас их мөнгө олох боломжтой гэж шинжээчид үздэг.
20 дугаар зуунд Энэтхэгийн эрх баригчдад түүхэн Кашмирыг хуваасан зөрчилдөөнийг арилгах боломж байгаагүй тул Жамму ба Кашмир онцгой статустай байсан ч одоо байдал өөрчлөгдсөн аж. Шинэ Дели одоо Жамму ба Кашмирын байдал тогтворжиж, бүс нутаг Энэтхэгийн нэг хэсэг болох боломжтой болсноос үүдэлтэйгээр уг шийдвэрийг гаргажээ. Нарендра Моди үүнийг түүхэн шийдвэр гэж нэрлэсний учир нь мужийн статусыг эргүүлэн авах нь нөхцөл байдлыг улам тогтворжуулна гэж найдаж байгаа аж. Үүнээс гадна, энэ нь Пакистантай яриа хэлэлцээнд Энэтхэгийн байр суурийг бэхжүүлэх болно гэж шинжээчид онцлон тэмдэглэв. Үүний зэрэгцээ Исламабад энэ алхмыг зөвшөөрөх нь юу л бол гэжээ.
Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдаж магадгүй аж. Түүгээр ч барахгүй шинэ мөргөлдөөн гарсан тохиолдолд Исламабад ялалтад найдах шаардлагагүй бөгөөд илүү эмзэг байдалд байна гэв. Өнгөрсөн зэвсэгт мөргөлдөөнд Энэтхэг ялагч болж байсан. Хэн нэгэн, тухайлбал, Энэтхэгтэй харилцаагаа бэхжүүлж байгаа учраас АНУ ч юмуу нөхцөл байдалд хөндлөнгөөс оролцож, Пакистаныг дэмжих нь юу л бол гэж RT агентлагийн шинжээч бичсэн байлаа. Тиймээс Исламабадад энэ шийдвэрт нөлөөлөх шууд боломж байхгүй аж.
Сэтгэгдэл ( 0 )