Гиннесийн дээд амжилтын номын баг дэлхийн хамгийн өндөр настай нохой гэсэн цол хүртсэн Боби нохойн цолыг түр хугацаанд хүчингүй болгож, нэхэн шалгалт явуулж байна.
Өнгөрсөн онд Боби нохойн 31 насны ойг дэлхий даяар тэмдэглэж, аравдугаар сард үхэхэд нь гашуудаж байсан билээ. Харин өдгөө түүнийг 31 насалсан эсэх нь эргэлзээ төрүүлээд байна. Мал, амьтны эмч нар болон шинжээчид Боби нохойг үхсэний дараа түүнийг ийм урт насалсанд эргэлзэж байгаагаа илэрхийлэх болжээ. Үүнтэй холбогдуулан дээд амжилтыг бүртгэдэг Гиннесийн номын баг шалгалт явуулж эхэлсэн байна.
“Associated Press” агентлагийн мэдээлснээр, мал хариулах зориулалттай Португалийн рафейру-ду-Алентежу цэвэр үүлдрийн ноход 12-14 насалдаг ба Боби шиг илүүдэл жинтэй нь түүнээс богино насалдаг аж. Гений шинжилгээгээр түүний жинхэнэ насыг тогтоож чадаагүй байна. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард “Wired” сэтгүүл шалгалт явуулж, Боби нохойн насыг батлахын тулд Португалийн мэдээллийн санд хүсэлт ирж байгаагүй болохыг тогтоожээ. Харин нохойн эзэн Леонел Кошта энэхүү мэдээллийг няцаажээ. Коштагийн хэлснээр, нохойных нь урт насалсны нууц нь хүний хоол иддэгтэй холбоотой. Харин мал, амьтны эмч нар тэжээвэр амьтдад хүнд зориулсан хоол өгөхийг зөвлөдөггүй. Гиннесийн дээд амжилтын номын багийн явуулж буй шалгалт гурван сар орчим үргэлжлэх гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )