Бөмбөрцгийн өмнөд талын орнууд яагаад BRICS-Т ЭЛСЭХИЙГ хүсэж байна вэ?

2024 оны 02 сарын 22

- Венесуэл болон Пакистан удахгүй BRICS-т элсэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ -

Хэд хэдэн улс аль болох хурдан BRICS-т элсэхийг хүсэж буйгаа илэрхийлжээ. Венесуэл улс тус нэгдлийн бүрэлдэхүүнд ойрын хугацаанд орох хүсэлтээ илэрхийлж, тус улсын Ерөнхийлөгч Николас Мадуро “Хуучин дэлхий ертөнцөд шинэ ертөнцийг авч ирэхийг BRICS болон түүний нэгдэл хийх нь эргэлт буцалтгүй юм” гэв. Үүнээс гадна Пакистан улс BRICS-т элсэх хүсэлтийг нь хурдан хүлээж авна гэдэгт итгэж буйгаа илэрхийлжээ. Тус блокт элсэх хүсэлтээ Мьянмар улс мөн илэрхийлсэн. Шинжээчид эдгээр орны хүсэлт нь BRICS олон улсын тавцанд сонирхол татах нь нэмэгдсэнийг илэрхийлж байна гэж тайлбарлаж байна. Учир нь BRICS баруун төвт ертөнцөд өөр хувилбарыг төлөөлдөг.

Хөгжиж буй орнуудын эдийн засгийн бүлэглэл болох BRICS нь өнгөрсөн намар зургаан улсыг гишүүнээр нэмж элсүүлсэн юм. Өрнөдийн хөгжингүй орнуудтай өрсөлдөж, хүчний харьцааг тэнцүүлэх зорилготой тус байгууллагыг Бразил, ОХУ, Энэтхэг, БНХАУ, Өмнөд Африк улс үүсгэн байгуулсан. Эдгээр таван улс дээр Иран, Саудын Араб, Египет, Аргентин, Арабын нэгдсэн эмирт улс, Этиоп энэ оноос эхлэн гишүүнээр нэмэгдэж буй.

Нийт 20 гаруй улс BRICS-т элсэх хүсэлт гаргаж, тус нэгдлийн одоогийн таван гишүүн орны санал нэгдсэн улсуудыг сонгон шалгаруулж байгаа аж. Латин Америкийн Венесуэл улс BRICS-ийн гишүүн болох эрмэлзэлтэй байна гэдгийг тус улсын Гадаад хэргийн сайд Иван Хиль Пинто ч мэдэгдэж байсан билээ. Венесуэл нэр дэвшсэнийг Бразил, Хятад, ӨАБНУ болон ОХУ шийдэмгий дэмжиж байгааг тэрбээр хэлжээ.

Пакистан улс өөрийн зүгээс тус нэгдэлд орох хүсэлтийг нь хурдан хэлэлцэнэ гэдэгт итгэж байгаа гэнэ. Энэ талаар Пакистаны Сенатын батлан хамгаалах хорооны дарга Мушахид Хусейн Сайед мэдэгдсэн байна. Тэрбээр “Оросын тал манай хүсэлтийг сайтар харгалзана гэж бид найдаж байна. Одоо бид хүсэлтээ өгсөн орнуудын дараалалд зогсож байгаа. Гэхдээ манай улс Орос болон Хятадтай сайхан харилцаатай байдаг, Шанхайн олон улсын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн зэргээс үзэж бидний хүсэлтийг ойрын хугацаанд хэлэлцэнэ гэж бодож байна. Пакистан улс нэгдсэнээр BRICS-ийг хүчирхэг болгоно” гэжээ.

Исламабад BRICS-т элсэх албан ёсны хүсэлтээ 2023 оны арваннэгдүгээр сард өгчээ. Москваг энэ асуудалд хамтран ажиллана гэдэгт итгэж байгаа аж. М.Сайедын ярьснаар Пакистан BRICS-т элсэх хүсэлтээ тус бүлэглэл нь зөвхөн стратегийн холбоо бус бөмбөрцгийн өмнөд талын мөрөөдлийн биелэл учир үүнээс эрт өгч болох байсан гэнэ. “BRICS өмнөд бүсийн бусад орнуудтай харилцан холбоог бий болгоход туслах болно гэдгийг мэдэрч байна. Түүнчлэн худалдааны боломжуудыг бий болгож, бидэнд байр сууриа олон улсын хамтын нийгэмлэгт хүргэхэд тусална гэж бодож байна” гэж улстөрч хэлжээ.

Тэгвэл Мьянмар улс BRICS-т элсэх хүсэлтэй байгаагаа мэдэгдэж, тус улс хамтын ажиллагаа, тэр дундаа хамтын нийгэмлэгт нэгдмэл валюттай болох санааг судалж байгаа аж. Энэ талаар Мьянмарын Хөрөнгө оруулалт, гадаад эдийн засгийн холбооны сайд, шинжлэх ухааны доктор Кан 3о ярьсан байна. “2023 оны тавдугаар сараас бид Шанхайн хамтын ажиллагааны яриа хэлэлцээний хамтрагч гэж хүлээн зөвшөөрөгдсөн. Бид түүнчлэн BRICS болон түүний хөгжлийг сонирхож байна. Үүнээс илүү бид BRICS-т нэгдмэл валютын санаачилгыг сонирхож байгаа” гэжээ.

Үнэ цэн

Анх BRICS бүрэлдэхүүнд Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк гэсэн таван улс багтаж байсан бол 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс тус холбооны гишүүдийн тоо АНЭУ, Саудын Араб, Иран, Египет болон Этиоп улсаар хоёр дахин нэмэгдсэнийг тэмдэглэх нь зүйтэй.

Шинэ улс орнууд BRICS-т нэгдэх санаатай байгаа нь энэ холбооны үнэ цэн, ач тусыг харууллаа гэж Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Субраманиам Жайшанкар Мюнхений аюулгүй байдлын бага хурлын үеэр мэдэгджээ.

Дэлхийн олонх        

Шинжээчдийн дүгнэж байгаагаар Венесуэл болон Пакистаны BRICS-т нэгдэх хүсэлт болон Мьянмарын тус нэгдэлтэй хамтын ажиллагаагаа хөгжүүлэх хүсэлт нь тус бүтэц дэлхийн ихэнх орнуудын сонирхлыг татаж байгааг илтгэж байна. BRICS-ийн орнууд эдийн засгаа хэрхэн амжилттай, эрчимтэй хөгжүүлж байгааг дэлхий нийт харж байгаа аж. Энэ нэгдэл нь олон туйлт ертөнц бүрэлдэн тогтсоны нэг үзүүлэлт бөгөөд ОХУ энэ үйл явцад тэргүүлэх үүрэг гүйцэтгэж, ялангуяа холбоог даргалж байгаа юм. BRICS-т тэгш байдлын зарчим ноёрхож байна гэж шинжээчид тайлбарлажээ.

BRICS-ийн өргөжих үйл явц нь тус холбооны орнуудын эдийн засгийн чадварыг бэхжүүлж байгаа гэх. Жишээ нь, Венесуэл нүүрсустөрөгчөөр баялаг, ялангуяа газрын тосны асар их нөөцтэй. Чухам ийм шалтгаанаар АНУ тус улсад нөхцөл байдлыг тогтворгүй болгохыг байнга оролддог гэх...

BRICS-ийн орнуудын дэлхийн ДНБ-д эзлэх хувь 2028 он гэхэд 35-40 хувь хүртэл өсөх бол “Их 7”-гийн эзлэх хувь 27.8 хувь болж буурна гэсэн таамаг гараад байна.

BRICS нь “Их 7”-гийн өөр хувилбар бөгөөд дэлхийн олонх, ялангуяа дэлхийн өмнөд хэсэг өөрсдийн ашиг сонирхлыг тодорхойлж, зохицуулж, сурталчлах боломжтой платформ учраас олон улсын хувьд сонирхолтой гэж шинжээчид бичжээ. Мөн АНУ болон Барууны орнууд бүхэлдээ BRICS-ийн нэгдлийн үйл явцыг болгоомжтой эсэргүүцэж, тус холбооны улс орнуудын ашиг сонирхлыг хагалан бутаргах, хэрэлдүүлэхийг хичээх болно гэв. Гэвч үнэн хэрэгтээ олон хүн АНУ-ын заавраас залхсан бөгөөд BRICS-ийн санал болгож чадах тэгш яриа хэлэлцээ, түншлэлийг хүсэж байгаа аж.

Судлаачид мөн BRICS-ийн өргөжилтөд хайхрамжгүй хандаж болохгүйг хэлдэг. Тэд “Энэ бол “Их 7” болон бусад өрнөдийн тоглогчдын хувьд хайхрамжгүй хандаж болохгүй чухал үйл явдал. Шинэ гишүүдээр өргөжсөнөөр, ялангуяа газрын тосны том үйлдвэрлэгч нэмэгдсэнээр BRICS нь дэлхийн эдийн засаг, хүн амд том байр суурьтай болж байна” гэжээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top