Швейцарьт гуйлга гуйхыг хуулиар хориглодог

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 22


Швейцарь  бол дэлхийн  хамгийн баян улсын нэг. Нэг хүнд ноогдох орлогоороо Кувейтээс ч давж гардаг. Түүнээс гадна швейцарчууд сэтгэлээр баян хүмүүс. Улаан загалмайн хөдөлгөөнийг швейцарчууд анх санаачилснаас гадна эрүүлийг хамгаалах, боловсрол, техник, байгалийн гамшиг гэтлэх, хүмүүнлэгийн зэрэг олон салбарт тусламжийн хөтөлбөр хэрэгжүүлж, өчнөөн улс орныг ивээн тэтгэж байдаг. Монголын эдийн засаг, төрийн бус байгууллагууд, хувь хүмүүст бишгүй тусламж үзүүлдэг билээ. Сайн санаат харийн иргэдэд Монгол улс одон медаль, жуух бичиг, хүндэт иргэн, докторын алдраас өөр юугаар ч хариу талархах аргагүй юм. Гэтэл швейцарчууд л юу ч аваагүй байдаг. Гэтэл далайн өчүүхэн Фижи улсын иргэн хүртэл эдийн засгийн наад захын юм ярьж байгаад, Монголын нэгэн их сургуулийн “хүндэт доктор” болсон байдаг. Яг швейцарчуудыг ингэж хавчиж гадуурхаад байдаг юмуу гэхээр, цаадуул нь өөрсдөө авахгүй гээд татгалзаад байдаг гэнэ. Тэгвэл тэд Монголын шагналыг голдог юм болов уу?

Герман, Франц, Италийн олон жижиг ванлаг, ханлиг, хот-улсууд нэгдэж Холбооны улс байгуулах үед, “Швейцарийн бүх иргэд тэгш эрхтэй” гэж тунхаглажээ. Тиймээс Швейцарь хүмүүс ямар нэг одон медаль, жуух бичиг, элдэв цолыг хүлээн авч, хэн нэгнээсээ ялгарч болохгүй гэж хуулиндаа заачихжээ. Жинхэнэ амьд албан тушаал, эрдмийн зэрэг, цэрэг цагдаагийн цолыг л, ажил үүргийн шаардлагаар хүлээж авахыг зөвшөөрнө. Ингээд швейцарчууд юу ч авдаггүй, зөвхөн ажил, бүтээлийнхээ үр дүнг л дээд зэргийн шагнал гэж үздэг байна. Мөн хуулиараа гуйлга гуйхыг хориглосон байдаг учир гудамжинд гуйлга гуйгаад сууж байх гуйлгачин, орон гэргүй хөглөрч хэвтэх тэнэмэлүүд байдаггүй. Харин хар тамхичид цуглардаг талбай хаа нэг таарах бөгөөд тэднийг холоос ажиглаж зогсох цагдаа нар тэднийг баривчлаад явдаггүй. Мэдээж ямар нэгэн зөрчил гарвал зүгээр зогсохгүй нь лавтай. 

Хүн бүхэн нь гавьяат болохсон гэж мөрөөдөж байдаг монголчуудаас ялгаатай нь, швейцарчууд хэдэн зуун жилийн настай хуулиа өөрчлөхсөн гэж хэзээ ч санааширч байсангүй. Герман, франц, итали гурван хэлээр ярьдаг энэ улсын иргэд өөр хоорондоо, манайхан шиг аймаг дүүргээрээ талцаж, үндэстэн ястнаараа ялгардаггүй тун найрсаг. Мөн тэд туйлын цэвэр цэмцгэр хүмүүс. Өдөрт 2-3 удаа усанд ордгоос гадна, хамгийн их саван хэрэглэдгээрээ алдартай. Арга ч үгүй биз, гудамж талбайгаа хүртэл тусгай зориулалтын машинаар вок саван ханхлуулан угаадаг улс.

            Мөн Швейцарь улс дэлхийн хамгийн тайван, таатай орны тоонд зүй ёсоор ордог. Дэлхийн баячууд, алдартнууд, жуулчдын сэтгэлийг зүй ёсоор татдаг. Дэлхийд алдартай “Куин” хамтлагийн дуучин Фредди Меркьюри Швейцарь улсын Montreux хотод амьдарч байсан бөгөөд өдгөө түүний хөшөө нуурын хөвөөнөө сүндэрлэн байдаг. Фредди Меркьюригийн хөшөөг үзэж, дэргэд нь зургаа авахуулах гэсэн фенүүд, жуулчдын цуваа тасардаггүй аж.

Д.Сэндэр

Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top