Хоёр хоногийн өмнө Норвег улсын Осло хотоос 35 км зайд оршдог Утояа арал дээр аймшигт аллага үйлдэгдлээ. Энэ талаар дэлхий нийтээрээ шуугиж, сэтгэл түгшиж байна. Утояа арал нь хааш хаашаа дөнгөж киломерт гаруй хуурай газартай, тэндэхийн хамгийн жижигхэн арлуудын нэг юм. Хойд мөсөн туйлд ойрхон оршдог Норвег улс нь цаг уурын хувьд хүйтэн сэрүүн уур амьсгалтай. Зуны 6, 7 дугаар сард л нар шарж, халуун дулаантай золгодог. Энэ үеэр норвегчууд далайн эрэг бараадан амарч, зугаацна. Утояа аралд дээр зундаа 400-500 хүн ирж амарна. Саяхан тус арал дээр Норвегийн Хөдөлмөрийн намаас залуучдыг бөөнөөр нь амрааж байжээ. Гэтэл цагдаагийн хувцас өмсөж, М-16 маркын автомат буугаар зэвсэглэсэн Андерс Брейквик гэгч нөхөр тэдгээр амрагчид руу гал нээжээ. Үүнийхээ өмнөхөн тэр Осло дахь Засгийн газрын байрны хажууханд тэсрэх бөмбөг хаяж 20 давхар байрны бүх цонхыг хангалжээ. Үүнээс болж долоон хүн амь үрэгдсэн байна. Алан хядагч тэр этгээд Ослогоос татлага онгоцоор Утояад очсон бололтой. Автомат бууных нь суманд 90 гаруй залуус амь үрэгдсэн бөгөөд аллагаас айж зугтаасан хүмүүс далайн ус руу гүйж ороод ихэнх нь амиа алджээ. Цагдаагийхан харин шуурхай ажиллаж гэмт этгээдийг баривчилжээ. Андерс Брейквик гэгч цагаан арьстан тэр этгээд нь Аль Кайда болон бусад алан хядагч бүлэглэлүүдийн залиалгаар ийм хэрэг өдүүлсэн байж болзошгүй гэнэ. Мөн хэт үндсэрхэх үзэлтэн гэдгийг нь тогтоосон байна. Түүнчлэн тэрээр сэтгэцийн өвчтэй байх магадлалтай гэж мэдээллийн зарим агентлаг, шинжээчид үзжээ. Алан хядах байгууллагууд иймэрхүү сэтгэцийн эмгэгтэй, хэт үндсэрхэх үзэлтнүүдийг ашиглаж, хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулсаар ирсэн юм. Норвегийн метронд урьд нь хоёр удаа дэлбэрэлт болж байсан гэнэ. Тус улс нь эдийн засгийн хувьд харьцангуй өндөр хөгжсөн, амьжиргааны нөхцөл сайтай орнуудын нэг юм. Урьд нь Швед улсын захиргаан байсан болохоор ардчиллын үнэт зүйлсийг хамгаалж, нийгэмдээ зөв төлөвшүүлж чадсан цөөн орнуудийн тоонд зүй ёсоор ордог. Гэхдээ улс зөрийн зорилгоор энэхүү гэмт халдлагыг үйлдсэн байж болзошгүй гэж ажиглагчид үзэж байна. Өөр нэг онцлох зүйл гэвэл ер нь Европын орнуудад тэсрэх бөмбөгийг гэрийн нөхцөлд ч хийх боломжтой байдаг байна. Мөн буу зэвсэг худалдаалах явдал бол тэнд чөлөөтэй ч гэсэн хүмүүс нь харьцангуй өндөр ёс зүйд суралцсан тул малаа ч уламжлалт аргаараа нядлахаас татгалзах болжээ.
Тэгвэл манай улсад эмх дэглэм ямархуу байгаа билээ. Ядуурал газар авсан хэвээрээ. Сэтгэцийн өвчтэй, төрөлхийн оюуны хомсдолтой хүмүүсийн тоо 60 орчим мянгад хүрээд байгаа. Мөн насанд хүрэгсдийн маань 28 хувь нь архинд донтох өвчтэй. Энэ төрлийн өвчин нь ялгаагүй сэтгэцийн эмгэг юм. Монголын улс төрийн нөхцөл байдал тийм ч таатай биш. Хэт үндсэрхэх үзэлтнүүд олширсон. Улс төрийн зорилготой аллага ч сүүлийн жилүүдэд гарах болсон. Авлигатай тэмцэх газрын дарга асан Дангаасүрэнгийн үхэл захиалгат аллага байсан гэдэгтэй маргах хүн бараг үгүй. О.Дашбалбар агсны үхэл нэн сэжигтэй хэвээр үлдсэн. С.Зоригийн хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үндсэндээ саармагжаад дуусч байна. Энэ хэргийн ул мөрийг баллах оролдлогууд үе үеийн Засгийн газраар дамжиж хийгдсэн гэхэд болно. Түүний үхэлтэй холбогдсон нэлээд хэдэн баримт хавтаст хэргээс нь алга болсон гэдэг. Мөн мөрдөн шалгах ажиллагаанд эхний үед нь оролцож байсан гэх хэд хэдэн цагдаагийн ажилтан учир битүүлгээр, тэгэхдээ ихэвчлэн авто машины ослоор хорвоог орхин оджээ. Дамирангийн Энхбатыг яаж тамлан зовоосоор амийг хороов. Энэ бүхэн нь улс төрийн захиалгат аллагын сонгодог хэлбэрүүдэд тооцогддог. Тэгэхээр Монголд өнөөдөр захиалгат аллага бодитой болжээ.
Жалга довын үзэл санаа улам гаарах хандлагатай. Хүмүүсийн ийм хэтэрхий явцуу сэтгэлгээ, хандлага нь юм болгон дээр илэрч байгаа. Наадмын бөхчүүдийн даваа, унаа нь ч жалгын сэтгэмжээс үүсч, авлигын мөнгөн дээр тогтсоор удаж байна. Улс төрчид нь үүнээс аймшигтайгаар авлигад идэгдлээ. Сонгогчдын саналыг мөнгөөр худалдан авсан Чойжилсүрэнтэнгүүд одоо өөрсдийгөө эх оронч-улс төрч хэмээн дөвийлгөөд явж байна. Үнэндээ ийм новшийн амьтдыг улс төрч гэж нэрлэх нь ёс зүйд даанч нийцэхгүй юм л даа. 2008 оны 7 сарын 1-ний хэрэг буюу таван халуун амины нэхэлд төр засгийнхан улс төрийн бодитой дүгнэлт хийж, ямар нэг хариу өгөхөөс татгалзах боллоо. Энэ хэргийг нягтлан цэгнэхээр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Ө.Энхтүвшин нараар ахлуулсан ажлын хэсэг томилогдоод хоёр жил гаруй хугацаа өнгөрөв. Х.Тэмүүжин гишүүн анх удаа цагдаагийн байгууллага хүний эрхийг хэрхэн зөрчсөн талаар нээлттэй хэлэлцүүлэг хийлгэсэн. Энэ нь байдлыг бодитоор ойлгоход ихээхэн тус дөхөм болсон юм. Харин Ө.Энхтүвшингийн ахалсан ажлын хэсэг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газрын танхимтай голчлон холбогдох асуудлуудыг нягталж олон нийтэд мэдээлэх, УИХ-д хэлэлцүүлэх үүрэгтэй байлаа. Гэсэн ч тэр ийм өндөр хариуцлагатай ажлаа хийсэнгүй. Бүх зүйлийг нууц байдалд хав даран үлдээх гэсэн санаа нь түүний увайгүй явцуу хандлагаас өнөөдөр илт мэдрэгдэж байна. Иргэд энэ бүхэнд дургүйцсээр. Адаг сүүлд нь сонгуулийн хуулийг санал худалдан авах арилжааны хэрэгсэл болгох гэж улайрсан Ардын намынханд улам эгдүүцэх боллоо.
Байгаль орчноо замбараагүй уул уурайнуудад сүйтгүүлж буйд бухимдсан иргэний хөдөлгөөнүүд тэдгээр уурхайн техник хэрэгсэл рүү хоёр ч удаа буудаж сануулга өгсөн. Мөн хуулиа хэрэгжүүлэхийг Засгийн газарт анхааруулсан морьтой тэмцэгчид төрийн ордон руу таван сум харвалаа. Үүнийхээ төлөө тэд ял сонсох болж байна. Иргэд үүнийг тун таагүй хүлээн авч байгаа. “Гал үндэстэн” холбооны тэдгээр тэмцэгчдийг өмгөөлөн босоход бэлэн бололтой. Гагцхүү цаг хугацааг харзнаж байх шиг байна. Ингэж ярьж буй хүн ч цөөнгүй.
Энэ бүхнээс эргэцүүлэхэд Монголд дахиад буун дуу гарвал Норвегийн тэрхүү сэтгэцийн өвчтэй гэгдээд байгаа нөхрөөс дутахааргүй юм болж мэдэх байх аа. Муу ёрлож буй хэрэг биш шүү. Улс орны маань өнөөгийн нийтлэг дүр төрх, төрийн түшээд хэмээх хэдэн олгирахиудын царай нэг л биш болоод байна. Аливаа улс төрийн үймээн бужигнаан, алаан хядаан заавал өөртөө учир шалтааныг агуулдаг. Өөрөөр хэлбэл төрийн хүчирхийлэл, авлигын хэлхээсүүд нь хүчирхийлэл, эмх замбараагүй байдлыг төрүүлдэг ажээ. Тиймээс сэтгэцийн жаахан юмтай, “тархиндаа сумтай” нөхөрт сумтай буу бариулж орхивол сүйдэлж мэдэхээр байна даа.
Сэтгүүлч Б.Отгонбаяр
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )