- Аравдугаар сарын 1-нд одоогийн тэргүүн Йенс Столтенбергийн хугацаа дуусна -
Томилгооны хугацаа нь дуусаж буй Нидерландын Ерөнхий сайд Марк Рютте НАТО-г тэргүүлэхээр боллоо. Тэрбээр энэ оны сүүлчээр Умард Атлантын цэргийн эвслийн тэргүүн болно. НАТО-гийн тэргүүний албан тушаалд өрсөлдөж байсан хоёр дахь хүн болох Румыны Ерөнхийлөгч Клаус Иоханнис нэрээ татсанаар Марк Рютте шалгаран үлдэж байна. Туршлагатай улстөрч түүнийг ойрын үед НАТО-гийн гишүүн 32 улс Ерөнхий нарийн бичгийн даргаараа батлах бөгөөд ирэх аравдугаар сарын 1-нд одоогийн тэргүүн Йенс Столтенбергийн хугацаа дуусахад түүний орыг залгамжлах юм. Марк Рютте нь Украин дахь Оросын цэргийн ажиллагаа үргэлжилж, Доналд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх гэж буй 'эгзэгтэй" цаг үед НАТО-г удирдахаар болж байна хэмээн шинжээчид дүгнэж байна.
Тэрбээр Нидерландын Засгийн газрыг хамтран байгуулсан эвсэл задарсны дараа НАТО-гийн дараагийн тэргүүний албан тушаалд нэрээ дэвшүүлсэн. Украиныг тууштай дэмжигч түүнийг АНУ, Их Британи, Франц, Герман зэрэг гол гишүүн орнууд шууд дэмжсэн билээ. Харин Турк, Унгар улсуудын дэмжлэгийг авахад тэрбээр дипломат ур чадвараа дайчлах шаардлагатай болсон юм. М.Рютте өнгөрсөн дөрөвдүгээр сард Истанбулд айлчлахдаа Туркийн дэмжлэгийг авахаар болсон бол Унгарын Ерөнхий сайд Виктор Орбантай энэ долоо хоногт Европын Холбооны чуулганы үеэр тохиролцож чаджээ. М.Рютте үүгээрээ Румыны Ерөнхийлөгчийг нэрээ татахад хүргэсэн байна.
Румыны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс Ерөнхийлөгч Иоханнис албан ёсоор нэрээ татаж буйг зарлаж, тус улс Марк Рюттег дэмжихээр болсныг мэдэгджээ. Румын улс Марк Рюттег дэмжиж, агаарын довтолгооноос хамгаалах ижил системээр солих нөхцөлтэйгөөр хоёр “Пэтриот” системийнхээ нэгийг Украинд өгнө гэж Иоханнис Бухарестийн Батлан хамгаалахын дээд зөвлөлийн (CSAT) хурлын үеэр мэдэгджээ.
Тэрбээр “Украины аюулгүй байдал эрс дордсон, түүнчлэн бүс нутагт, тэр дундаа Румыны аюулгүй байдалд учирч болзошгүй үр дагаврыг харгалзан “Пэтриот” системийг шилжүүлэн өгөх шийдвэрийг гаргасан" гэв. Иоханнис нэрээ татсан тухайгаа өнгөрсөн долоо хоногт НАТО-д мэдэгдсэн. НАТО шийдвэрээ зөвшилцлийн үндсэн дээр гаргадаг тул аливаа нэр дэвшигч бүх 32 гишүүн улсын дэмжлэгийг авах ёстой. Умард Атлантын цэргийн эвслийн Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд Марк Рюттег нэр дэвшүүлэхийг өнөөг хүртэл эсэргүүцэж байсан цорын ганц улс нь Румын байв. Ирэх сард Вашингтонд болох НАТО-гийн дээд хэмжээний чуулганаар Рюттегийн томилгоог батлах ажээ. 2014 онд НАТО-гийн тэргүүнээр томилогдож байсан одоогийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг нь Норвегийн Ерөнхий сайдаар ажиллаж байсан билээ. Марк Рютте НАТО-гийн 14 дэх, Нидерландаас төрөн гарсан дөрөв дэх Ерөнхий нарийн бичгийн дарга болох юм.
НАТО ямар байгууллага вэ?
НАТО нь 1949 оны дөрөвдүгээр сарын 4-нд хүйтэн дайны үед Зөвлөлт Холбоот Улс болон түүний холбоотнууд болох социалист орнуудын эсрэг чиглэсэн Умард Атлантын гэрээний дагуу байгуулагдсан цэрэг, улс төрийн эвсэл юм. АНУ, Канад, Исланд, Их Британи, Франц, Бельги, Нидерланд, Люксембург, Норвеги, Дани, Итали, Португал зэрэг 12 орон анх нэгдэж байгуулсан юм. Эдгээр орнууд дор дороо Гэрээг соёрхон баталсны дараа 1949 оны наймдугаар сарын 24-нд хүчин төгөлдөр болжээ. Хүйтэн дайнаас буюу 1990 оноос хойш дэлхийд АНУ-ын тэргүүлэх нэг тэнхлэгийн бодлогыг хэрэгжүүлэх зорилго бүхий цэргийн эвсэл болсон. НАТО-гийн дүрэмд зааснаар энэ байгууллагын зорилго нь гишүүн улсуудын эрх чөлөө, аюулгүй байдлыг улс төр, цэрэг зэвсгийн хүчээр хангах, Европт шударга бөгөөд бат бэх энх тайван тогтоож, ардчилал хүний эрх, эрх чөлөөг эрхзүйт төрийн үндсэн дээр бэхжүүлэх явдал юм.
Байгууллагын аль нэг гишүүн орон гадны довтолгоонд өртвөл бусад бүх гишүүд өөр рүү нь довтолсонтой адилтгаж үзнэ гэсэн дүрэмтэй. Байгууллагын төв байр Бельги улсын нийслэл Брюссельд байдаг.
2024 оны байдлаар 32 гишүүн улстай
НАТО нь 2024 оны байдлаар 32 гишүүн улстай цэргийн байгууллага юм. Гишүүд нь Албани, АНУ, Бельги, Болгар, Герман, Грек, Дани, Испани, Исланд, Итали, Канад, Латви, Литва, Люксембург, Монтенегро, Нидерланд, Норвеги, Нэгдсэн Вант Улс, Польш, Португал, Румын, Словак, Словени, Хорват, Турк, Умард Македон, Унгар, Финланд, Франц, Чех, Швед, Эстони юм. НАТО-гийн гишүүн орнуудын цэргийн алба хаагчдын 50 хувь нь Европт байдаг.
2021 онд НАТО-гийн зардал өмнөх оноос 2.7 хувиар өсөж, 1.1 их наяад ам.доллар болжээ.
Зөвлөлт ба НАТО
1954 онд Зөвлөлтийн Засгийн газар НАТО-д оролцох санал гаргасан байв. АНУ-ын Засгийн газрын хариу нот бичигт “Барууны орнуудын аюулгүй байдал, системийн хамгаалатын зарчимд нийцэхгүй бодит бус санал” гэж түүнийг няцаасан байна. Зөвлөлт задарсны дараа 1991 онд Умарт Атлантын хамтын ажиллагааны зөвлөл байгуулагдаж, 1994 онд “Энх тайвны төлөөх түншлэл” хөтөлбөр үүсэн түүнд нь Орос оролцох болсон байв. 1997 онд бие биенээ дайсан гэж үзэхгүй гэсэн Үндсэн гэрээгээ Орос, НАТО хоёр байгуулсан юм.
Эвслийн дээд байгууллага нь Умарт Атлантын зөвлөл бөгөөд тэр нь гишүүн орнуудын байнгын төлөөлөгч нараас бүрэлддэг. Цэргийн төлөвлөлтийн хороо, Цөмийн төлөвлөлтийн хэсэг гэсэн удирдах байгууллагууд бий. Цэргийн ба иргэний гэсэн хоёр бүтцийн зохион байгуулалттай. НАТО-гийн олон үндэстний шуурхай ажиллагааны хүчинтэй. Төсөв нь гишүүн орнуудын татвараас бүрэлдэх бөгөөд Иргэний, Цэргийн, Хөрөнгө оруулалт ба аюулгүй байдлыг хэрэгжүүлэх хөтөлбөрийн төсөв гэсэн гурван хэсэгт хуваагдана. НАТО анх удаагаа 1992-1995 онд Босни ба Герцеговинад байлдааны ажиллагаанд оролцсон байна. НАТО-гийн томоохонд орох цэргийн ажиллагаануудад Югославд 1999 онд явуулсан "Холбооны хүч" (Allied Force), Ливид 2011 онд явуулсан "Нэгдсэн хамгаалагч" (Unified Protector) зэрэг орно.
Сэтгэгдэл ( 0 )