Британийн алдарт дуучин Эми Уайнхаус Лондон дахь гэртээ амьсгал хураажээ. 27 настай дуучныд дуудлагаар ирсэн түргэн тусламжийнхан “өвчтөний амийг аварч” чадаагүй байна. Үхлийн шалтгаан тодорхойгүй байсан учир мөрдөн шалгалт хийж эхэлсэн бөгөөд дуучны гэрийг бүслэн хаасан байна. Цагдаагийнхны тавьсан хаалтын дэргэд дуучны шүтэн бишрэгчид болон сурвалжлагчид цуглажээ. Эми архины удаан хугацааны эмчилгээ хийлгэсний дараа тайзнаа эргэн гарахдаа дуулиан шуугиан тарьсан билээ. Белградад хийсэн эхний концерт дээр дуучин хөл дээрээ арайхийн тогтож, дууныхаа аяыг ч олохгүй, тайзнаас хоёр ч удаа гарсны дараа үзэгчид түүнийг тайзнаас хөөжээ. Сербид ийм дуулиан тарьсан тул Европт хийх дараа дараагийн концертыг цуцалсан юм. Сүүлийн удаа дуучин өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт загалмайлсан охин Дион Бромфилдын хамт Кэмден хотынхоо “Roundhouse” -ын тайзнаа гарч харагджээ. Уайнхаусын уран бүтээл туурвисан хугацааны дийлэнхэд мансууруулах бодис болон согтууруулах ундаатай холбоотой асуудлууд гарч байв. 2008 онд Эми Уайнхаус нэр хүндтэй “Грэмми” шагналын таван төрөлд ялагчаар тодорч байсан билээ. Тэгэхэд тэрбээр “Шилдэг шинэ дуучин” төрөлд шагнал хүртэж, “Rehab” сингл нь оны шилдэг бичлэг болон шилдэг дуугаар шалгарсан байна. Эми Уайнхаус 27 насандаа хорвоог орхилоо. Мөн ийм насандаа “Rolling Stone” хамтлагийг үүсгэн байгуулагч Брайан Жонс, домогт гитарчин Жимми Хендрикс, багагүй нэрд гарч явсан дуучин Женис Жоплин, “Doors” хамтлагийг үүсгэн байгуулагч Жим Моррисон, "Nirvana" хамтлагийн ахлагч Курт Кобэйн нар амьсгал хурааж байжээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )