Японы айл өрхийн 99 хувь тоон системээр телевизийн хөтөлбөр үзэх боломжтой болжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 25

Өнгөрөгч ням гарагт Япон улс телевизийн аналог системээс тоон системд бүрэн шилжлээ. Харин өнгөрсөн гуравдугаар сард болсон байгалийн гамшигт хамгийн их хохирол амссан Иватэ, Мияги, Фукусима мужийг хараахан шинэ системд холбоогүй байна. Албан ёсны мэдээгээр, эдгээр бүс нутгийг төсөлд 2012 оны гуравдугаарт бүрэн хамруулах аж.

“Японы телевизийн шинэ эрин үеийн эхлэл” хэмээн Японы хэвлэлд нэрлэж байсан дээрх үйл явдалд бэлтгэх ажил 2001 онд зохих хууль батлагдсаны дараа эхэлсэн бөгөөд компаниудаас их хүчин чармайлт болон санхүүгийн хөрөнгө оруулалт шаардсан байна. Японы эрх баригчдын мэдээлснээр шинэ системээр телевизийн хөтөлбөр үзэх боломжоор айл өрхийн 99 хувь нь хангагдсан бөгөөд 100 мянга орчим байр сууц шаардлагатай антенн болон төхөөрөмжтэй болж амжаагүй байна. Хүн амд юуны түрүүнд, өндөр настнуудад туслахын тулд тус улс даяар зөвлөгөө өгөх 1600 орчим цэг нээж, суурин утасны тусгай шугам ажиллуулж байна. Японд 1953 онд үндэс суурь нь тавигдсан телевизийн үйлдвэрлэлд шинэ төслийн хүрээнд Засгийн газрын болон хувийн компаниудын шугамаар хоёр триллион иен буюу 25 тэрбум долларын хөрөнгө оруулжээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top