Өмнөд Америкийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медалийн төлөөх тулаан өнгөрсөн бямба гарагт боллоо. Аргентины Ла Плата хотноо болсон энэхүү тоглолтод Перугийн шигшээ баг Венесуэлийг 4:1-ээр хожсоноор хүрэл медаль хүртсэн юм. Тоглолтын эхний үед Перугийн довтлогч Уильям Чироки шигшээ багтаа анхныхаа гоолыг хийж багтаа тэргүүллийг авчирсан юм. Харин 58 дахь минутад Венесуэлийн багийн хамгаалагч Томаш Ринкон улаан хуудсаар торгуулж талбайгаас хөөгдсөнөөр тоглолтын хувь заяа бараг тодорхой болсон. Улмаар 63 дахь минутад Перучууд тооны харьцааг улам холтгосон. Энэхүү гоолыг Гуэррэро оруулсан юм. Гэхдээ Венесуэлийн багийн Хуан Фернандо Аранго 77 дахь минутад гайхалтай багийн тоглолтын дараа гоолдон бага ч гэсэн найдвар авчрав. Гэвч энэ ердөө л нэр төрийн гоол байсан юм. Перугийн шилдэг довтлогч Гуэррэро гайхалтай төгсгөлийг хийн 89, 90 дэх минутад хоёр гоол хийн багийнхаа хожлыг баталгаажуулсан. Ингэснээр 1975 онд уг тэмцээнд түрүүлж байсан Перугийн баг 1983 оноос хойш анх удаагаа Копа Америкагаас медаль хүртэж байна. Тухайн үед хүрэл медаль хүртэж байсан тэд 1997 онд хагас шигшээд шалгарч байжээ. Харин Венесуэлийн баг түүхэн дэх анхныхаа медалийг хүртэх боломжоо ашиглаж чадсангүй.
Эх сурвалж: Монголын мэдээ сонин
Сэтгэгдэл ( 0 )