Дорнын эдийн засгийн чуулга уулзалт эхлэх өдөр буюу есдүгээр сарын 3-нд “Шонхорын өдөр” Олон улсын хоёрдугаар чуулга уулзалт болно. Ажил хэрэгч энэхүү хөтөлбөрт оролцогчид зэрлэг жигүүртэн шувуудыг хамгаалах, нөхөн үржүүлэх чиглэлд хуримтлуулсан туршлагаасаа хуваалцаж, амьтны ертөнцийн ажиглалт хяналтыг цахимжуулах, шинэ аргачлал нэвтрүүлэх, асрамж болон үржүүлгийн төвүүдийг байгуулах зэрэг асуудал хэлэлцэнэ.
“Байгаль улс орнуудын хил хязгаарыг хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд түүнийг зөвхөн хамтын хүчээр хадгалан хамгаалах боломжтой. Өнгөрсөн жилийн “Шонхорын өдөр” чуулга уулзалтын үеэр Шонхорын тоо толгойг хадгалах хүсэл зоригийн тухай тунхаглалд ОХУ, БНХАУ, Монгол Улс, Арабын Нэгдсэн Эмират Улс, Казахстан, Кыргызстан Улсын төлөөлөгчид гарын үсэг зурсан. Энэ онд энэ чухал баримт бичигт Бахрейн нэмэгдэн орсон. Харин энэ жилийн чуулга уулзалтаар шинэ оролцогчид нэмэгдэн орно” гэж ОХУ-ын Байгалийн баялаг ба экологийн сайд, “Шонхорын өдөр” Олон улсын чуулга уулзалтыг зохион байгуулах хорооны дарга Александр Козлов онцлон тэмдэглжээ.
Бүгд Найрамдах Халимаг Улсын засгийн газраас санаачилсан тоодог шувууны тоо толгойг сэргээн үржүүлэх асуудалд зориулсан чуулган болон байгалийн баялгийг оновчтой ашиглах туршлага солицох, биологийн янз бүрийн төрөл зүйлийг хамгаалах, ангийн аж ахуй ба эко аялал жуулчлал хөгжүүлэх, улс түмнүүдийн шонхороор ан хийх олон зууны уламжлалыг хадгалахад чиглэсэн тэргүүн туршлагыг түгээх зэрэг асуудал хэлэлцэх дугуй ширээний ярианууд Чуулганы хөтөлбөрийг өргөжүүлэн баяжуулах аж.
“Байгаль хамгаалах шонхорын дипломат харилцаа нь хамтын ажиллагааны шинэ хэтийн төлөв” сэдэвт бүгд хуралдаан нь Чуулганы ажил хэрэгч хөтөлбөрийн гол үйл явдал болох юм. Хэлэлцүүлгийн төгсгөлд Шонхорын тоо толгойг хадгалах хүсэл зоригийн тухай тунхаглалд нэгдэн орох шинэ оролцогч улсуудыг элсүүлэн авах ёслол болно.
Энэ жилийн Чуулга уулзалтын чухал зорилт нь Шонхорын төрлийн шувууд тархсан бүс нутгийн улс орнуудын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх болон Дорнын ард түмнүүдийн уламжлалыг дэмжин хөгжүүлэхэд орших ажээ.
Сэтгэгдэл ( 0 )