Ногоон карт хүчингүй болж магадгүй

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 26

Ногоон картын сугалаа явуулахыг хориглох тухай хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт АНУ-ын Конгрессийн Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцүүлэхээр болсон байна. Тус улсад жил бүр явагддаг уг сугалаанд хожсон 55 мянган гадаадын иргэн АНУ-д байнга оршин суух эрх авдаг. Тэд сонгуульд санал өгөхөөс бусад бүх эрхийг америк иргэдийн нэгэн адил дээдэлдэг юм. Хууль зүйн байнгын хорооны дарга Лэмар Смит “ногоон карт бол луйварчид болоод террористуудад олгож буй урилга гэсэн үг” гэж уг картаас татгалзах гэсэн өөрийн бодлыг тайлбарласан байна. АП агентлагийн мэдээлснээр өнгөрсөн оны сугалаанд 15 сая хүн оролцож, 55 мянган хүнд аз тохиожээ. Смитийн ярьснаар ногоон картын хөтөлбөрийн зорилго үндсэндээ биелсэн гэнэ. АНУ-д ирж буй гадаадын иргэдийн үндэстний бүтцийг өөрчлөх нь уг хөтөлбөрийн гол зорилт байсан бөгөөд 1995 оноос хойших хугацаанд тус улсад 785 мянган гадаад иргэд тус улсад хүрэлцэн иржээ. Ногоон картын сугалааг хүчингүй болгохыг Бүгд Найрамдах намаас сонгогдсон гишүүдийн олонх нь дэмжиж байгаа ажээ. Харин Ардчилсан намынхан “сугалааг хүчингүй болгосноор хууль ёсоор цагаагчлагчдын тоо буурна” гэж болгоомжилж байгаа юм. Бидний нэрлэж заншсанаар Ногоон карт буюу “Green card” нь “АНУ-д байнга оршин суух үнэмлэх” бөгөөд анх хэвлэгдэхдээ ногоон өнгөтэй байжээ. Одоо хэдийгээр ягаан өнгөтэй болсон ч өмнөх нэр хэвээр үлдсэн бөгөөд АНУ-ын Цагаачлал ба иргэний харьяаллын хуулийн 203 дугаар зүйлийн дагуу уг картны сугалааг явуулж ирсэн байна. Сүүлийн таван жилийн хагцаанд тухайн нэг орноос 50 мянгаас дээш тооны цагаач АНУ-д ирсэн тохиолдолд тэр улсын иргэдийг сугалаанд дахин оролцуулдаггүй дүрэмтэй гэнэ.  Дашрамд дурдахад, Орос улс 2003 онд дээрх сугалаанд оролцох эрхгүй болсон байна. Сугалаанд оролцогч нь бүрэн дунд боловсролтой байхаас гадна арьс өнгөний өвчингүй, гэмт  хэрэг үйлдэж байгаагүй, түүнчлэн Америкийн ниймгийн ёс суртахууны хэм хэмжээнд харшлах үйлдэл, тухайлбал, янханчлал, олон эхнэр авах зэргээс ангид байх ёстой ажээ. Энэ оны тавдугаар сард Ногоон картнаас үүдэлтэй дуулиан дэгдсэн байна. Учир нь Төрийн департамент 2012 оны сугалааны дүнг хүчингүй болгожээ. Компьютерийн системд алдаа гарснаар эхний хоёр өдөр өргөдлөө өгсөн хүмүүс л ногоон картын эзэн болж тэдэнд баяр хүргэсэн захидлуудыг хэдийнэ илгээчихсэн ажээ. Төрийн нарийн бичгийн даргын орлогч Дэвид Донахью үүнийг “шударга бус явдал” болсныг хүлээн зөвшөөрөөд “сэтгэл санааны хохирол учруулсан” явдалдаа уучлалт хүссэн байна. Хохирогсдын нэг болох Украины иргэн Иван Смирнов уг шийдвэрийг эсэргүүцэж шүүхээр заргалдсан боловч Вашингтоны шүүх өөрийн орны эрх баригчдын талд шийдвэр гаргажээ. Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийн олон улсын асуудлуудыг шинжлэх тэнхимийн орлогч эрхлэгч Татьяна Шаклеинагийн үзэж буйгаар Конгресс ногоон картын сугалааг хүчингүй болгох шийдвэр гаргаж тун магадгүй ажээ. “Боловсрол сайтай, тууштай ажил хэрэгч хүмүүсийн цагаачлах үйл явц аль хэдийнээ дууссан бөгөөд одоо харин зүсэн зүйлийн цагаачид АНУ руу цувах болсон. Тэдний дотор дайн дажнаас дайжсан дүрвэсэн хүмүүс ч бий. Одоо Америкт ажиллах хүчний илүүдэл бий болсон учраас тийм хүмүүс огт хэрэггүй. Хямралд нэрвэгдсэн өнөр өтгөн америк гэр бүлүүд дээрх үйл явцад сэтгэл дундуур байгаа” гэж Оросын шинжээч ярьж байна. “Эдүгээ АНУ гадаадаас авьяаслаг хүмүүсийг авахыг сонирхох болжээ. Юутай ч Конгресс дахь хүчний харьцааг тооцох хэрэгтэй. Бүгд найрамдахчуудын хувьд энэ хуулийн төслийг батлуулахыг оролдох байх, гэхдээ хууль батлагдлаа ч цагаачид ногоон карт авч чадахаа бүрмөсөн болино гэж би үзэхгүй байна” гэж Шаклеина ярилаа.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top