Дэлхийн хамгийн баян орны нэг Норвег улсад өнгөрсөн баасан гарагт хоёр удаагийн халдлага үйлдэж 90 гаруй хүний амь насанд хүрсэн Андерс Беринг Брейвик 1979 оны хоёрдугаар сарын 13 нд Ослод төржээ. Тэрээр өөрийн үйлдсэн хэргийг “Энэ бол маш аймшигтай ч заавал хийх ёстой байсан “баатарлаг үйлс” гэж үзсэн төдийгүй Норвегийн гадаадынханд хандах хэт либерал бодлогыг өөрчлүүлэхийн тулд ингэж цочроох шаардлагатай байсан юм үзэж байна. Аллага үйлдэхээс хэдэн цагийн өмнө тэрээр интернетэд “2083-Европын тусгаар тогнолын тунхаглал” гэгчийг байрлуулан бөгөөд 1518 хуудас бүхий бичиг баримтад сэжиглэн Европыг олон үндэстний үзэл суртлаас чөлөөлөх үечилсэн төлөвлөгөөгөө дурдсан байв. Тэрээр нэн түрүүнд устгах хүмүүсийн жагсаалтанд Ерөнхий сайд асан Гру Харлем Брунтланн, Их Британийн хунтайж Чарльз, экс ерөнхий сайд Тони Блейр, Гордон Браун, ХБНГУ-ын канцлер Ангела Меркель, Францын ерөнхийлөгч Николи Серкози зэрэг олон хүний нэрийг оруулсан байжээ. Эдгээр хүмүүсийг Европ дахь лалын шашны нэвтрүүлэгчдийг дэмждэг гэсэн тайлбарыг тэрээр хийсэн аж. Долдугаар сарын 25-ны өдөр Норвегийн хаант улс даяар террорист халдлагад өртөгсдийн дурсгалыг хүндэтгэлээ. Үүний хажуугаар Утоя арлын цуст яргаллын тухай видео бичлэгийг олны хүртээл болгожээ. Түүн дээр цагдаагийн хувцастай Андерс Беринг Брейвик гар буугаар шархадсан хүмүүсийг гүйцээн хөнөөж байгаа нь тод харагдаж байв. Ус руу үсрэн ороход араас нь нэхэн хөөж шүршсээр байсан цуст аллага 1,5 цаг үргэлжилжээ. Сэтгүүлчид түүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь нисдэг тэргээр дээрээс нь авсан байна. Энэхүү аймшигт хэргийн улмаас 97 хүн амь үрэгдсэн юм. Эмнэлэгт 100 гаруй хүн эмчлүүлж байгаа бөгөөд түүнээс 20 хүний бие маш муу байгаа аж. Брейвик энэхүү ажиллагаандаа есөн жил гаруй бэлдэж, нийт 300 мянган евро зарцуулжээ. Тэрээр харуулын ажилтанд цагдаагийн ажилтны хуурамч бичиг баримт үзүүлэн Осло хотод дэлбэрэлт болсны дараа арал дээр аюулгүй байдлын хангалт ямар байгааг үзэх гэж ирсэн хэмээн ороод хүмүүсийг нааш ир хэмээн уриалан дуудаж бөөгнүүлж байгаад гал нээж эхэлжээ. Аймшигт явдлын талаар гэрчүүд “Тэр яг фашистуудын тухай киноноос бууж ирсэн юм шиг харагдаж байсан. Маш тайван хэнэггүйгээр хамгийн сайхан хүүхнүүд рүү эхэлж буудаж эхэлсэн” хэмээн ярьжээ. Алуурчин хэзээ ч цэргийн алба хааж байгаагүй бөгөөд автомат, гар бууны зөвшөөрлийг буга агнах зорилгоор хуулийн дагуу авсан байжээ. Иймэрхүү төрлийн гэмт хэрэг үйлдсэн хүмүүс голдуу амиа егүүтгэдэг бол тэрээр өөрийнхөө хийсэн хэргийг миний зөв гэж үзэж байгаа төдийгүй шүүх хурлыг олны өмнө нээлттэй явуулахыг шаардаад цэргийн дүрэмт хувцастай байх хүсэлт тавиад байгаа юм байна. Дашрамд хэлэхэд тэр хуулийн хариуцлага хүлээхийг хүсэхгүй байгаа гэнэ.
Б.Эрдэнэ.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 1 )
Ардчилал их хөгжхөөрөө солиоролд ойртдог бололтой